БАЙРНЫ ҮНЭЭС ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭ НЬ ИЛҮҮ ГАРВАЛ ХОЁР БАЙР АВАХ БОЛОМЖТОЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-14 16:51

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлж, хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд төлөвлөлтүүдийг үе шаттайгаар хийж ирсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын 25 байршилд амьдарч буй иргэд нэгдэж, газраа бэлэн орон сууцаар солих боломжтой болсон билээ. Төслийг Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлэх Засаг даргын захирамжын дагуу нийслэлийн зургаан дэд төв, 19 байршилд гэр хорооллын нийт 25 байршил дахь газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг эхлүүлжээ.

Гэхдээ иргэдийн хувьд газраа орон сууцаар солихын тулд дөрвөн га газар буюу 90-100 айл нэгдэж, газраа чөлөөлөх ёстой бөгөөд тухайн дөрвөн га газар дээр баригдсан орон сууцны хороололд оршин суугчдын хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг заавал шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, дөрвөн га газар дээр орон сууцны хороололд байрлах сургууль, цэцэрлэгийн байр, зам, талбай, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэхээр төлөвлөжээ.

Гэр хорооллын иргэд шууд түлхүүрээ авч, байрандаа нүүгээд орох бэлэн орон сууцаар солих боломжийн талаар тодруулахад, Нийслэлийн орон сууцны корпораци иргэдийн орон сууцыг метр квадрат нь хэдэн төгрөг гэж үнэлэхгүй. Зах зээлийнхээ зарчмаар тухайн иргэний хувийн өмчит газрын үнэлгээ гаргах бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэн өөрөө газраа үнэлж, өндөр үнэ хэлэх магадлалтай учраас хөндлөнгийн үнэлгээний компанийг оруулахаар болжээ.

Мэдээж тухайн иргэний газрын хэмжээг үнэлгээний компаниар үнэлүүлэхээс гадна байршил болон үл хөдлөх хөрөнгө чухал учраас байшин барилгын хувьд насжилтыг нь тооцсны үндсэн  дээр зах зээлийн ханшаар худалдан авахаа мэдэгдлээ.

 Эцэст нь тэмдэглэхэд, газраа байраар солих иргэд “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд орох юм байна. Анхнаасаа тус хорооллын 40 хувийг нь газар чөлөөлөлтөд зарцуулна гэж тусгасны дагуу нийт 390 байранд иргэд хамрагдана гэсэн үг. Тодруулбал, эхний ээлжинд нийт 390 айлыг орон сууцанд хамруулснаар нийслэлд эхний ээлжинд 25 га талбай сулрах юм байна.

Түүнчлэн газраа байраар солихыг хүссэн иргэд, илүү, дутуу ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүй агаад эхний ээлжинд нийслэлийн орон сууцны корпорацид өргөдлөө өгөх ёстой. Эх сурвалжийн өгүүлснээр байрны үнэд үл хөдлөх хөрөнгийн үнэ нь хүрэхгүй бол арилжааны банкнаас найман хувийн зээлд хамруулж, таван жилийн хугацаанд төлж барагдуулахаар зээл авч болох төдийгүй байрны үнээс илүү гарсан тохиолдолд хоёр байр авах боломжтой ажээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-14 16:51

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?