Д.ЦОГТБААТАР: ГАДААД НӨХЦӨЛИЙГ НЬ БЭЛДЭЭД БАЙХАД ХЭРХЭХ НЬ ӨНӨӨГИЙН МОНГОЛ "ТӨР”-ИЙН СЭТГЭЛИЙН ДУУДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-08 10:44

Сэтгүүлчийн үг

“Монголын Үндэсний фронт”-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа. Өнөөдөр тус фронтын зүгээс жагсаал зохион байгуулж, УИХ-ыг тараах шаардах юм. Ярилцагч маань "Монголын Үндэсний фронт, Монголын ард түмний захиалгаар бий болсон. Монголын ИНХ, ТББ-уудын олон жилийн үйл ажиллагааны тэмцлийн үр дүн. Өөрөөр хэлбэл, тэдний олон жилийн турш өөр өөрсдийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, салбар, салбарын тулгамдсан асуудлуудыг ээлж дараатай тавьж шийдвэрлүүлэхээр тэмцдэг уламжлалтай байсан. Чухлын чухал асуудал нь улс нийгмийн шаардлагатай зүйлийг хөнддөг. Магадгүй  тэдгээрийн тус тусын чиглэлээр явахаар бага зэргийн үр дүн гардаг ч санасан хэмжээнд хүртэл үр дүнд хүрэх боломж нь хязгаарлагдмал байлаа. Том утгаар нь авч үзвэл улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал ямархуу байдалтай  болчихов... Товчхондоо, фронт байгуулагдах гол шалтгаан нь Монголын үндэсний аюулгүй байдал ямар хэмжээнд хүрчихэв гэдэг дээр л суурилагдсан болно. Бидний дотор төрөл бүрийн эрдэмтэн, судлаачид гээд гайхамшигтай хүмүүс олон байна. Тэдгээр хүмүүс маань үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд үнэлгээ, дүн шинжилгээг олон талаас нь хийж үзсэн. Тухайлбал, үндэсний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх хүчин зүйлийг дотоод, гадаад нөлөөлөх байдлаар Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гадаад хүчин зүйлийн 37 үзүүлэлтээс, нөлөөлөл хэвийн 12, нөлөөлөл үүссэн 8, нөлөөлөл ноцтой 4, нөлөөлөл тодорхойгүй 11, харин дотоод хүчин зүйлийн 55 үзүүлэлтээс нөлөөлөл хэвийн 8, нөлөөлөл үүссэн 18, нөлөөлөл ноцтой 29 гэж тус тус үнэлэгдсэн." хэмээн онцолсон.

-Эрсдэлтэй байдалд орсон нь судалгаагаар илэрсэн юм чинь эвлэж нэгдэж, эрсдэлээс гарах арга зам хайх нь зүйн хэрэг. Ийм зарчмаар фронтоо байгуулсан юм байна, тийм үү?

-Тийм. Байдал ийм байхад бид юу хийх вэ? гэдэг асуулт гарч байгаа юм. ... Анх бидний хэдэн нөхөд уулзаж байгаад энэ асуудлыг тойруулан ярилцсан юм. Улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар бусад хүмүүс юу гэж боддогийг сонсох нь зүйтэй гэж шийдсэн. Иймээс монголын нийгэмд энэ талаар санаа зовдог эрхэм хүмүүсийг цуглуулах үүргийг өөрсөддөө өгч, нэг хүн 7-8 хүний нэр гаргаж, улмаар анхдугаар уулзалтаа есдүгээр сарын 11-нд “Монголын хувь заяаг хэн хариуцах вэ” сэдвийн дор зохион байгуулсан. Уулзалтад 35 хүн оролцсон. Өөрөөр хэлбэл тэд бол “Үүсгэн байгуулагчид”. Бид хувь заяагаа хэнд даатгах юм бэ гээд ярилцсан. Хоосон... ард түмэн гээд ярих юм уу, төр гэж ярих уу...гээд нэлээн маргаан үүссэн. Гэвч өнөөдөр Монголын төр, УИХ  юу болчихов?. Үндсэн хуулиар ...УИХ нь ...төрийн эрх барих дээд байгууллага. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй болчихсон. Улс орны бүхий л асуудалд орно. Хууль батлах үндсэн үүргээсээ гажаад эрх мэдэлтнүүдийг томилдог, бизнес эрхэлдэг, нөлөө бүхий эрх дархтангууд болж хувирсан. УИХ-ын гишүүнгүй ямар ч асуудал Монголд шийдэгдэнэ гэж байхгүй болсон. Төр засаг нь засаглалын хямралд орсон. Ингээд бодохоор монголын төр эмх замбараагүй байдал руу гулсан орсон нь тодорхой байгаа биз... Энэ бүхнээс харахад нийгмийн эрс өөрчлөлт шинэчлэлт зайлшгүй болсоныг харуулж байна. Иймээс Монголын хувь заяаг тэдгээр хүмүүст удаан атгуулж болохгүй юм байна гэж ойлгогдож байгаа биз дээ.

 Ингээд нэг зүйлд санал нэгдсэн. Нэгдсэн, нэгдмэл байгууллага байгуулж, тэдгээр нь харилцан хамтын ажиллагаатай ажиллах нь зүйтэй гэж үзэцгээсэн юм.

-Анхнаасаа гажчихсан гэж үзээд байна уу?

-Үгүй дээ, гажуудал 2000 оноос эхтэй. Авлига, хээл хахууль, албан тушаалын наймаа гаарч, улмаар найз нөхөд, хамаатан садан, нууц амрагаа албан тушаал дээр тавьдаг асуудал энэ үеэс л эхлэлтэй. Товчхондоо төрд цус ойртолт бий болсон. Ямар байдалд орчихоод байгааг ард түмэн харж л  байна. УИХ нь хүртэл гэмт хэрэгтэнүүдийн үүр уурхай болчихсон. Болж бүтэхгүй бүх юманд орооцолддог. Эрх мэдлийг нь хэтэрхий өгчихөөр дарангуйлал бий болоод зогсохгүй хэн дуртайгаа хэнийг ч томилдог, бүх бизнест оролцдог, далд удирддаг болцгоосон. УИХ-ын гишүүний оролцоогүй асуудал байхаа больсон. Энэхүү засаглалын ялзралын дээд цэг нь өнөөгийн УИХ болчихсон. Шуудхан хэлэхэд, өнөөгийн УИХ эрх зүйн чадамжгүй болсон гэж дүгнэсэн болно. Тэгэхээр  ийм чадамжгүй, ийм ёс зүйгүй эрхмүүдээр Үндсэн хуулиа хөндүүлж, нэмэлт өөрчлөлт хийлгэх эрх олгож хэрхэв ч  болохгүй гэдэгт санал нэгдсэн.

- Тэгээд үүсгэн байгуулагч нартайгаа юу хэлэлцэв?

- Бидний хувьд, хүрэлцэн ирсэн хүмүүстэй бүрэн хэмжээний ойлголт өгч, “Монголын хувь заяаг хэн хариуцах вэ?” гэдэг илтгэлийг АИХ-ын депутат, Бага хурлын гишүүн Б.Пүрэвдоржоор илтгэл тавиулж, хэлэлцүүлэн ирсэн хүмүүсээр өөрсдөөр нь яриулж шийд гарц гаргуулах нь зүйтэй гэж бодсон. Бидний зүгээс үзэл бодлоо тулгах ямар нэг байдлаар хиймэл зүйл зохион байгуулахгүй гэдгээ анхнаасаа тохирсон. Тэд ч бас бидний бодож ярьдаг асуудалтай тулгарч буйгаа хэлсэн. Тэгээд ямартай ч бид нэгдэх ёстой юм байна гэдэг дээр санал нийлсэн. Гэвч яаж нэгдэх вэ, төрийн бус байгууллага байгуулах уу? гээд л ярилцсан. Иргэний нийгмийн хөдөлгөөнөөр явж тэмцэж, задарч, бутарч, янз бүрийн хүмүүсийн золиос болж явсаны хувьд туршлага хуримтлуулсан хүмүүс учраас заримдаа цагдаа, хууль хяналтынханд шүүгдээд ирэхээр төрийн бус байгууллагаар явж болохгүй гэдэг дүгнэлтэд хүрчихсэн байсан. Тэгж, тэгж  ярилцаж байгаад нэг нөхрийнхөө гадаадын туршлагын талаар мэдээлэл сонсож байгаад “фронт” гэдэг дээр тогтсон.

-Фронт гэхээр дайн байлдаан санаанд ороод байх юм?

-Олон улс гүрэн, дэлхийн жишгээр фронтоор олон улс орон  нийгмээ өөрчилсөн туршлага байдаг юм байна лээ. Мэдээж “фронт” гэхээр цэргийн юм шиг ойлгогдох болов уу гэх эмзэглэл байсан ч өөр сонголт байгаагүй.

-Яагаад?

-Нэгэнт л эрсдэл гаргаж байгаа юм чинь фронтын эхний шугаман дээр гарах ёстой болсон. Фронт гэж нүүр болон бусдын өмнө ил байгаа талаа л хэлээд байгаа юм шүү дээ, цэргийн хэллэгээр... “нүүр хандсан өвөр тал”. Тэгж байж л ил тод тэмцэх болсон доо. Бидэнд нуух юм байхгүй. Хуучин цагт 1921 онд нууц бүлгэмүүд ажилладаг байсан. Цаг үе өөрчлөгдөж, шинэ цагийн хүмүүс бид бүхэнд нээлтэй үзэлцэх л үлдсэн.

Ингээд бид 14 хоногийн турш эрчимтэй  ажиллаж байж, Үндэсний фронтын дүрмийг баталсан. Өдөр алгасахгүй уулзаж, ярилцаж байлаа.

-Дүрэмтэй болчихлоо?

-Дүрмээ хоёр дахь удаагийн уулзалт 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр буюу чуулганаараа батлуулсан. Бас нэг зүйл тодотгож хэлэхэд бид хэзээ ч нам болохгүй гэдгээ зарласан. Бид нарын ард хэн ч байхгүйгээ нотолж, хэлж байгаа. Хэрвээ бидний ард хэн нэгэн байх юм бол ямар нэг зүйлтэй хутгаж, тухайлбал, нийгэмд хамгийн муугаар хэлэгдэж байгаа хүнтэй холбож, байгууллагын нэр төрийг гутаах бодлого явагдаж эхлэх нь тодорхой болсон, одоо ч явж л байна. Тэсч, тэвчиж үлдэх нь чухал. Бид тийм зовлонг үзсэн. Иргэний нийгмийн байгууллага байгуулахаар намуудаас, хууль хяналтын байгууллагуудаас  янз бүрийн хүмүүс орж ирээд дотор нь хагалдаг байхгүй юу. Тэр зовлонг үзсэн учраас одоо бусдад боломж олгохгүй. Бид нэгдмэл цул байх ёстой гэдэгт итгэлтэй байна. Хэн нэгнээ ямар ч цаг үед муу үгээр доромжилж, гүтгэж байсан ч анд нөхдөө хамгаалдаг байх дотоод тогтолцоогоо бий болгосон.

-Ингэхэд танай байгууллага яг ямар статустай юм бэ?

- Иргэний тухай хуулийн 481 дүгээр зүйлийн 1 дэх заалтад ...Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд хувь хүн, хоршоо, нөхөрлөл, төрийн бус байгууллага, холбоод нэгдэж хамтран ажиллах гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхгүй  зохион байгуулагдаж болохыг тодорхой заасан байдаг.  Тэрхүү нэгдэл чинь фронт байхгүй юу. Өөрөөр хэлбэл, Монголын бүх төрийн бусууд манайхтай хамтарч ажиллах боломжтой болсон гэсэн үг. Эхний ээлжинд ихэвчлэн хувь хүмүүсийг нэгтгэсэн. Гишүүнчлэлийн хувьд нээлттэй. Гишүүд, дэмжигчидтэй гэж ойлгож болно. Бүртгэл явуулахдаа дэмжигчидээ бүртгэлээр, гишүүдийг анкетаар бүртгэж архивлагдаж байгаа. Энэ нь монголын нийгмийн өөрчлөлтөд оролцсон гэдгийг нь баталгаажуулж байгаа хэлбэр л дээ.

-Гишүүнчлэлд шалгуур бий юу?

-Байхгүй. Аль нам, иргэний хөдөлгөөний гишүүд байх нь хамаарахгүй, “Монголоо” гэсэн хүн бүхэнд нээлттэй. Мэдээж янз бүрийн санаа бодолтой хүмүүс орж ирэхийг үгүйсгэхгүй. Тэр бэрхшээлийг давж гарах ёстой болохоос цензур тавих шаардлагагүй.

-Судалгаа хийж, дүрэм журмаа баталж, байгууллагынхаа статусыг тодорхойлчихсон. Одоо үйл аижллагаагаа идэвхжүүлэх үйлдлийн эхлэл нь маргааш буюу 11 дүгээр сарын 7-нд 11-н цагт хийх гэж байгаа “Эх орон дуудаж байна” жагсаал, цуглаан байх. Энэ жагсаал, цуглаан яг юуг шийднэ гэж бодож байна вэ?

-Бид оюун ухаан, зүрх сэтгэлээ дуудаж маш их ачаалалтай ажиллаж байна. Хуулийн дагуу, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Шаардлага гарвал өөрсдийгөө золиослох болно. Бид Үндсэн хуулийн зарим чухал заалтуудыг  л хэрэгжүлүүлнэ.

-Ямар заалт?

-Үндсэн хуулийн 3.1 заалт...Агуулгаар нь авч үзвэл,  төрийн эрх барих хоёр л нөхцөл байдаг. Нэгд, төлөөллийн байгууллагаар, хоёрт шууд оролцох. Өөрөөр хэлбэл, “...засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэдэг заалтыг хэрэгжүүлнэ. Тэр эрхээ бид нар одоо л эдлэе. 90 оны үед нэг эдэлсэн, одоо бас эдлэх цаг нь иржээ. Шууд эрхээ эдлэхгүй бол энэ төр болохоо байчихлаа...Энэ чигээрээ яваад байвал төр ямар байдалд орох вэ? Гацах уу, сүйрэх үү, Грек, Венесуэл шиг болох уу... тэдгээр улс орнуудын эгнээнд орох уу...гээд асуудлууд хөвөрнө. Ийм учраас энэ эрсдэлээс яаж түргэн гарах вэ гэдэг дээр төвлөрч ярилцаад, 9 дүгээр саарын 30-нд олон нийтэд “Монголын Үндэсний фронт” байгуулагдсанаа зарласан, мөн 10 дугаар сарын 30-нд “Монголын Үндэсний фронт”-ын үүсгэн байгуулагчдын гуравдугаар хурлаа хийж, шийдэлд хүрсэн.

Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнхийхээ өмнө хариуцна.” Гэж маш тодорхой төрийн хүлээх үүргийг заасан байна. Гэтэл энэ байдал бидэнд олгогдсон уу?

-Ямар шийдэлд хүрсэн гэж?

-Бидэнд гарц байгаа. Гарцгүйгээр мухардалд орно шүү дээ. Жишээ нь УИХ-ын таван гишүүнийг төр нь дэмжчихлээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүртэл дэмжлээ. Иргэний хөдөлгөөнийхөн, төрийн бус байгууллагууд  ч дэмжиж буйгаа илэрхийлж тамгаа дарцгааж хамтдаа тэмцэцгээсэн. Гэтэл өнөөдүүл маань хууль хяналтын хэдэн дарга нарыг солиод, шүдтэй болъё гэж зарлаад мухардалд орчихлоо. Мухардал нь нам болчихлоо. Гэвч намаар юм шийдэхгүй гэдэг нь монголын нийгэмд тодорхой болчихсон байдаг. Улс төрийн нам 30 гаруй болчихлоо. Бүгд гадаадын үзэл баримтлал, онолтой. “ШИНЭ” нам ч тэр тойргоос гарч чадсангүй... Тэд ухаан зарж, бидэнтэй хамтарч ажиллах байсан... Харин бид гарцтай. Монгол өвөг дээдсэн тогтоосон торгон мэдрэмж, ухаанаар төрийг удирдах шаардлага гарч байна. Тийм хүмүүс монголд байгаа шүү дээ. Монгол ухаанаар үзэл баримтлал, онолоо гаргасан. Хас төрийн онол, гэрийн онол бидний нөхдүүд, зарим хүмүүст байна. Төсөл байна гэсэн үг шүү дээ. Урд нь АИХ-ын депутат, Бага хурлын гишүүн, төр нийгмийн зүтгэлтэнгүүд, төрийн захиргааны удирдлагад ажиллаж байсан хүмүүс, эдийн засагчид, хуульчид, бизнесмэнүүд гэхчлэн бүх салбарынхан нэгдсэн байна. Бид парламентаас татгалзахгүй. Парламент бол засаглалын хамгийн сайн сонгодог хэлбэр. Тиймээс бид хоёр танхимтай парламенттай байя гэдэг дээр санал нэгтэй байгаа. Гэхдээ монголчилж хэрэглэе. Өвөг дээдэс маань тэр ухааныг бидэнд ой санамжид маань суулгаад үлдээчихсэн юм. Тэрийгээ л бид өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй тойрооод яваад байгаа юм. Гэтэл бидний өвөг дээдсийн энэхүү зарчмыг гадаадынхан хуулж ашиглаад хэрэглээд явж байна.  Өөрөөр хэлбэл, “мерит систем”-ээр хэрэгжүүлдэг юм. Угтаа бол аравтын систем ш дээ. Арван хүн дотроосоо нэгийгээ сонго л гэсэн зарчим. Энэ нь төрд ямар луйварчин, бялдууч, цүнх баригч байдгийг ялгаж, салгаж чадна. Өмнөх нийгэмд 50 мянган мэдээлэгч байсан байдаг. Өнөөгийн нйигэмд 21 мянган цүнх баригч байна. Цүнх баригчдын хамгийн дээд албан тушаал нь дэд сайд, аливаа газрын орлогч дарга нар байдаг. Огт хэрэггүй орон тоонууд шүү дээ. Энэ систем нь авлигын уул уурхайг тогтолцоогоороо бүрдүүлчихээд байна. Үүнийг шууд л өөрчлөх ёстой юм.

-Монгол Улс “Саарал жагсаалт”-нд орчихлоо. Одоо орсон буруутныг л хайж байна. Хүн сольсноор асуудал шийдэгдэх үү?

-FATF чинь санхүүгийн харилцаа ил тод байдлыг хянадаг улс орнуудтай хамтын ажиллагаатай байгууллага. Санхүүгийн ил тод байдал нь манай улсад харагдахгүй л байгаа байхгүй юу.  Гадаад гүйлгээнээс эхлээд гадагшаа маш их мөнгөний урсгал гараад байгааг тэд олоод мэдчихсэн хэрэг. Буруутан нь уг нь их тодорхой л доо. Гол буруутан нь мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоо хашиж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд.  Авлигыг бид ойрхны ойлголтоор буруу ойлгоод байгаа юм. Багш хүн “бэлэг” авсныг авлига гэж яриад, зориуд буруугаар ойлгуулах сонирхол байгаад хамаг учир байгаа юм. Харин улс төрийн үлэмж хэмжээний авлигачдыг тусгайлан авч үзэх ёстой.  Ингэж ярьж байж тэр мөнгө угаадаг нөхдүүдийг, оффшорчдыг ил гаргаж ирнэ. Мөнгө угаах гэмт хэргийг жирийн төрийн албан хаагчид, татвар гаалийнхан хийхгүй. Мөнгө угаахыг хамгийн төрийн дээд эрх мэдэлд хүрсэн хүмүүс л хийдэг.  Эрх мэдэлтэй хүмүүс л хийдэг учиртай. Мөнгө угаагчид тодорхой. УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтангууд мөн. Товчхондоо саарал жагсаалтанд орсон нь мөнгө угаах гэмт хэрэг Монголд байгааг л нотолсон хэрэг явдал. Тиймдээ ч гэмт хэрэгтнээ ол гэх шаардлагыг FATF бидэнд шууд тавьдаг. Харин хууль хяналтынхан олсон ч олоогүй юм шиг царайлдаг,  бариад, тавиад л байдаг уламжлалттай болчихсон хүмүүс. Хууль хяналтынхан энэ тогтолцоон дээр баяждаг болсон нь нууц биш.

-Саарал жагсаалтад орсны буруутанг олчихлоо гэх имижийг бүрдүүлэх гээд л Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны ерөнхийлөгчийг сольж байна. Шууд хэлчихэд золиосолчихлоо. Угтаа энэ бол агуулгаараа биш. Банк, санхүүгийн систем огтоосоо биш, тийм үү?

- Хэсэг байгууллагын даргыг сольсоноор саарал жагсаалтаас гарахгүй... Мөнгө угаах гэмт хэргийн учир шалтгаан, эздийг тогтооход бүх зүйл ил тод болно....

УИХ-ыг тараах шаардлага тавина гэж байна. Чадах уу. Тэр үеийн улс төрийн товчооныхон мөнгөгүй байсан. Мэдээж нийгмийн тогтолцооны гажуудал ч байсан. Харин өнөөдрийн УИХ өөр. Мөнгөтэй ардаа мафитай, олигархижчихсан?

-Үнэн, өнөөгийн олигархи, эдийн засгийн бүлэглэл, оффшорчид маш өндөр зохион байгуулалтай, мөнгөтэй, хэвлэл мэдээллийнхнийг гартаа оруулчихсан, тэдгээрийг хянадаг бүтэцтэй... Хаалттай гэрээ аль хэдийн хийчихсэн. “Биднийг төрийн эрхийг булаах гэж байна”, “цэргийн байгууллага"-ыг хууль бусаар байгуулах гэж байна буруутгаж, хөлсний бичээч нараараа бичүүлж байна. Бид цэргийн байгууллага байгуулаагүй, байгуулахыг хэзээ ч хүсээгүй. Бидний дотор цэргийн алба хаасан, бэлтгэлээр халагдсан хүмүүс бий. Би ч гэсэн дэд хурандаа, армид ажиллаж амьдарч байсан хүн. Хүмүүс их хурлыг тарааж чадахгүй гэж л байна. Угтаа гарц бол бий. Бидний гарцыг үл тоох хандлагаар хандахыг үгүйсгэхгүй. 1990 оны 5 дугаар сарын 10-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ардын түр хурлыг байгуулж, улмаар АИХ ба Бага хурлыг байгуулаад татан буугдаж байсан түүхтэй. Хоёр танхимтай парламент бол хяналтын тогтолцоо. Өнөөгийн Улсын Их Хурал хяналтгүй болчихсон. Товчхондоо бид хяналттай болъё л гээд байхад “болохгүй” гээд л гүрийгээд суугаад байгаа юм даа.

-УИХ-ыг тарааж чадахгүй гээд байгаа нь бид УИХ-аа бүх нийтийн санал асуулгаар сонгосонтой холбоотой. Та нар энэ 76-г сонгосон массыг төлөөлөх чадамжтай юу?

-УИХ-ыг тараах гарц шийдэл байна. УИХ өөрөө тарах бүрэн боломжтой. Гагцхүү УИХ-ын гишүүдийн эрхэм ёс зүйгээс шалтгаална. Ардын Түр хурлыг байгуулна. Ардын түр хурал нь АИХ ба Бага хурлаа байгуулаад татан буугдана. Нэг сумаас нэг хүн л гарна. Тэр хүн тухайн суманд 5-аас дээш жил ажиллаж, амьдарсан байх ёстой. Ойлгомжтой сум орон нутагтаа нэр хүндтэй, нөлөө бүхий хүн гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, 330 сум, 152 хороо, нийслэлээс төлөөлөлтэй 650-аад хүн сонгогдох учиртай. Өнөөгийн УИХ-ын гишүүд  Ардын түр хурал байгуулах сонирхолгүй байгаа нь урвагчид, улс төрийн үлэмж хэмжээний авлигачид, оффшорчид, олигархиудыг хамгаалаад байлгах сонирхлын л илрэл дээ, өөр юу гэж хэлэхэв. Хэрвээ Монгол эх орон язгуур эрх ашгийнхаа төлөө сэтгэлтэй бол Ардын Түр Хурлыг байгуулах ёстой. Хэзээ ч байгуулахгүй гэж зүтгэвээс түүхийн өмнө тодорхой цаг хугацааны дараа буруутан болох нь дамжиггүй. Монголоо гэх сэтгэлтэй бол нийгмийнхээ төлөө нэг удаа ч зөв алхам хийх ёстойгоо ухаарах ёстой.

Гадаад нөхцөлөөр бид, түүхэн үүрэг гүйцэтгэх үйл хэргийг бэлдээд өгч байхад гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд хэрхэн харах нь вэ, эх орноо гэх сэтгэл байгаа эсэх нь харагдана. Түүхэн “улс төрийн шалгалт” ч гэж ойлгож болно. Хэрвээ төрийн гурван өндөрлөг эсэргүүцэх аваас түүхэндээ хамгийн муу удирдагчид, эсвэл хамгийн мэдрэмжгүй этгээдүүд гэж монголын түүхэндээ тэмдэглэгдэн үлдэнэ.

-Ардын Түр хурал байгуулагдвал хамгийн түрүүнд юу хийх юм бэ, Монголын төлөө?

-Шударга нийгэм цогцлоохын тулд шинэчлэгдсэн сонгуулиа шударга явуулах үүрэг хүлээнэ. Мэдээж яамд бүтцээ цомхон, чанартай байлгах тал дээр анхаарна. Яамдууд бодлогын байх ёстой. Одоо харин аж ахуйн ажил эрхэлдэг нь гажуудал бий болгоод байгаа юм. Ямар нэг зөвшөөрөл, лиценз өгөхөөр л тэнд авлига цэцэглээд байгаа юм. Бас нэг зүйл нэмж хэлэхэд, Үндсэн хуулинд ёс зүй хариуцлагын механизмыг заавал оруулж өгөх ёстой. Өнөөдөр ёс зүйн хариуцлагагүйгээсээ болж яаж байна вэ? Тухайлбал, Монголын Үндэсний фронтын Удирдах зөвлөлийн гишүүн,  сэтгүүлч, олон улсын тоймч Ш.Гантулга “хоёр зуун хүний толгойг тасдана” гэж хэлсэн байдаг. Энэ нь ёс зүйн хувьд тасдах шаардлагатай гэдгийг хувь хүн өөрийн үзэл бодлоор хурцаар илэрхийлж байгаа хэлбэр. Хувь хүн үзэл бодлоо ямар ч байдлаар илэрхийлж болно.

-Тэгвэл төрөөс төрсөн гэгддэг тэрбумтнуудын хөрөнгийг хураах боломж байна уу?

-Хураах, царцаах ёстой. Монгол Улсад 2005 онд Авлигын эсрэг НҮБ-ын конвенци, мөн Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн конвенцийг тус тус баталсан байдаг. Гэхдээ хэрэгжүүлдэггүй, ард түмнээсээ тас нуучихсан. Нуучихсан учраас захын багш, хуульч мэдэхгүй. Үүнийг бид ил гаргасан. Харин орон даяараа хэлэлцүүлэх ёстой. Румын Улсад АТГ нь маш сайн хэрэгжүүлж байна. Олон улсын байгууллагуудтай хамтарч нөгөө оффшорчдийн  хөрөнгийг шаардлагатай л даа. Царцаасан хөрөнгийг хөдөлгөөнд оруулж, улсдаа татах арга зам нь тэр конвенцид тодорхой байгаа. Харамсалтай нь манай төр ажиллахгүй байна. Хөрш улсуудын төр засгууд хэрхэн яаж ажиллаж байгааг бид хараад суугаад байдаг. Өөрөөр хэлбэл, оффшорчид, улс төрийн үлэмж хэмжээний авлигачидтай төр нь тэмцдэг байх ёстой гэсэн санаа л байгаа юм. Хулгайч нарын толгойг илж, нэг хонуулаад гаргачихдаг төрөөр бид яах юм бэ.

З.Урсгал

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-08 10:44

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?