“ЭРДЭНЭТ”-ИЙН ОФФШОРЫН “ЭЗЭН” НЬ ЭЛБЭГДОРЖ УУ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-06 09:27

Сэтгүүлчийн үг

Улстөрчдийн оффшорын учиг тайлагдаагүй байхад араас нь Монголын саалийн ганц үнээ гэгдэх Эрдэнэтийн оффшорын асуудал босч ирлээ. Баттай эх сурвалжийн хэлснээр эл хэргийн цаадтай өндөр дээд албан тушаалтан, тус үйлдвэрийг толгойлж байсан болон гадаад худалдаа эрхэлж байсан нөхөд байгаа гэх. Тэр ч бүү хэл Монгол Улсын нэгэн Ерөнхийлөгч эл оффшорын хэрэгт холбоотой байх магадлалтай талаар шуугиж эхэлсэн билээ. Хууль, хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажлын явцад "Эрдэнэтийн оффшор" тойрсон асуудалд орооцолдсон хүмүүсийн нэр эхнээсээ тодорч байна. Тухайлбал, АТГ “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.  Түүнийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр 2013 оноос тус үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноосоо хойш “Эрдэнэт”-ийг “арилжаалах” асуудалд гар бие оролцсон гэх хардлага, яриа байдаг нь батлагдаж байх шиг байна.

Ц.Даваацэрэнг үүрэг гүйцэтгэж байх үед  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах судалгаа, яриа хөөрөө ид хүчээ авч байсан. Харин энэ үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” бонд гаргахаар болж, Засгийн газрын бие төлөөлөгчөө Хонконг руу илгээсэн байдаг. Томилогдсон төлөөлөгч тэнд хөрөнгө оруулагчидтай уулзахад, гадаадын 26 банк “Эрдэнэт”-д хөрөнгө оруулах санал тавьжээ.

Ч.Сайханбилэг тэргүүтнүүд “Дойче”, “Номура”, “Голдман сакс”-ыг сонгосон агаад тэдгээр банкны төлөөлөгчид Монголд ирж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувьд 750 саяас нэг тэрбум ам.долларын бонд босгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн байдаг. Харин энэ уулзалтанд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар биечлэн оролцсон. Уг  уулзалтаар тус банкууд “Эрдэнэт”-ийн сүүлийн гурван жилийн тайланг КPMG-ийн баталгаажуулснаар авах хүсэлт тавьсан ч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Даваацэрэн “оросуудаас асуух ёстой” гээд баталгааг гаргаж өгөөгүй бөгөөд “Бид худалдаж авах талаар судалж байгаа. Тийм боломж бий” гэж хэлсэн байдаг.

Эцэст нь тэмдэглэхэд, Ерөнхий сайд нь бонд босгох гээд явж байхад Ерөнхийлөгч нь өөрийн томилсон үүрэг гүйцэтгэгчтэйгээ нийлээд “Эрдэнэт”-ийг өөртөө авах гээд явж байсан баримт удахгүй ил болох нь цаг хугацааны асуудал. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн оффшорын хэрэгт орооцолдсон Ерөнхийлөгч хэн бэ гэдэг нь тодорхой болчих шиг боллоо.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-06 09:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?