АМИНДЭМИЙГ ТАРИАГААР ХИЙХ, АМААР УУХ ХОЁРЫН ҮР ДҮН ИЖИЛ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-05 10:21

Сэтгүүлчийн үг

Манай орон тариа тариулдгаараа дэлхийд толгой цохидог орны тоонд ордог. Тариулах зуршил нь буурай хөгжилтэй оронд илүү байдаг нь бөгөөд эмч, эмнэлгийн ажилчид эмийг тариагаар хийх нь амаар уухаас илүү үр дүнтэй гэж ойлгодогтой холбоотой.  Хүн амын дунд эмийг тариагаар хэрэглэх нь амаар уухаас илүү гэсэн ташаа ойлголт тархсан учраас  эмч нар өвчтөний сэтгэл ханамжийг бодож тариаг илүү түлхүү бичдэг талтай бөгөөд ялангуяа хувийн эмнэлэгт энэ үзэгдэл илүү ажиглагддаг.


Нийт 13 буурай хөгжилтэй оронд хийсэн судалгаанаас харахад эмчид амбулаториороо хандаж буй өвчтөний 29-96 хувь нь эмч бичиж өгсөн эм дотроос аль нэгийг нь тариагаар хэрэглэх байсан бөгөөд хамгийн их хэрэглэдэг таван оронд тухайн тариа ямар ч хэрэгцээгүй байсныг судалгаагаар тогтоожээ.  Тариагаар хамгийн өргөн хэрэглэдэг нь витамин, антибиотик, өвдөлт намдаах, үрэвсэл намдаах эмүүд байдаг.

Бидний тариулах зуршлын талаарх судалгаанаас харахад, эмч тариаг 74.9 хувь бичиж өгсөн бол, эмийн санч болон сувилагч нарын  22 хувь нь тариаг зөвлөсөн байна. Харин асуулгад оролцсон нийт хүмүүсийн 40 хувь нь тариагаар эм хэрэглэх нь амаар ууснаас илүү үр дүнтэй гэжээ. Судалгаанд нийт 1891 тариаг 1000 өвчтөнд хийсэн тооцоо гардаг ба нэг жилд хүн хоёр тариа тариулдаг гэсэн үг. Монголчууд тариаг ихэнхдээ бие сулрах, амьсгалын замын халдвар, тухайлбал, ханиалгах, хоолой өвдөх эсвэл уушгины хатгалгаа зэрэгт хэрэглэдэг аж.

Угтаа аминдэмийг тариагаар хийх, эсвэл амаар уух хоёрын үр дүн ижил байдаг.

Жишээ нь В12 витамины дутагдлаас үүдэлтэй цус багадалт болон мэдрэлийн өөрчлөлт илэрдэг. Тэгвэл В12 маханд хамгийн их хэмжээтэй байдаг. Өөрөөр хэлбэл, ходоодоо тайруулсан эсвэл цагаан хоолтой хүмүүс В12 витамины дутагдалд орох нь олон. В12 витамины дутагдалтай хоёр бүлэг хүнд хийсэн судалгаагаар В12-ыг амаар 2гр-аар өдөр болгон хоёр сар, эсвэл тариагаар нэг сарын турш тариулах хоёрын нөлөө ижил байсныг илрүүлжээ. Тодруулж хэлэхэд хоол шингээх зам түүний үндсэн үүрэг хоолыг шимэгдүүлэх, түүний хоол шингээх гадаргуу 250 м2 хэмжээтэй буюу хөлбөмбөгийн талбайтай тэнцэнэ гээд бод доо.

Цаашилбал, Онтариогийн эмнэлэгт хийсэн судалгаанд хэдий амаар болон тариагаар В12 хийх нь ижил үр дүнтэй боловч эдийн засгийн хувьд асар зөрөөтэй буюу хэрэв таван жилийн турш В12 тарих бус амаар уух бол эмнэлэг 14.2 сая канад долларыг хэмнэх тооцоо гарсан байна. Тэгэхээр тариа эдийн засгийн хувьд хэмнэлтгүйгээс гадна, мөн халдвар тараах үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг байх нь ээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-05 10:21

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?