АЗИЙН ХҮҮХДҮҮДИЙН НОГООН НААДАМ УЛААНБААТАРТ БОЛНО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-05 10:05

Сэтгүүлчийн үг

Монгол Улс 2020 онд ЮНЕСКО-гийн ивээл дор Олон улсын өсвөр үеийнхний анхдугаар ногоон наадмыг зохион байгуулахаар болжээ. Зохион байгуулагчдын зүгээс уг арга хэмжээг Бангкок хотноо болсон Азийн олимпийн зөвлөл / Олимпийн эв санааны нэгдлийн бүсийн чуулганы үеэр танилцуулсан бөгөөд наадамд 4000 тамирчин оролцох төлөвтэй байна.

 НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага-ЮНЕСКО-гоос албан ёсны зөвшөөрөл авсны дараа ийнхүү наадмын сурталчилгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд ЮНЕСКО-той хамтран зохион байгуулах бусад түнш нь Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монголын үндэсний олимпийн хороо юм байна.

Ногоон наадам 2020 оны есдүгээр сарын 13-19-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах агаад анх төлөвлөсөн “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмыг цуцалж оронд нь энэхүү Ногоон наадмыг манай улс санаачилсан аж. Түүнчлэн Олон улсын өсвөр үеийнхний ногоон наадамд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод хамрагдсан 195 орны бүх улсыг урих юм байна.

Тамирчид нь 18 хүртэл насныхан байх бөгөөд спортын хөтөлбөрт байт харваа, хөнгөн атлетик, сагсан бөмбөг (5х5 ба 3x3), шатар, спорт авиралт, крикет, цахим спорт, туялзуур жад, хөлбөмбөг, жиүжицү, жүдо, кураш, самбо, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, тэквондо, волейбол, чөлөөт бөх багтжээ. Мөн хөтөлбөрт пара хөнгөн атлетик, пара сагсан бөмбөг, тусгай олимпийн шатар, туялзуур жад; дифлимпийн жүдо, волейболыг оруулахаар төлөвлөжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-05 10:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?