ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН СУУДЛЫН ТӨЛӨӨХ “МАРОФОН” ТУН УДАХГҮЙ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-01 09:52

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээс, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөллөө.

Мөн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай” зарлиг гаргаж, Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилж, томилогдсонтой нь холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлжээ.

Тэгэхээр одоо бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон  Н.Лүндэндоржийн багийн оронд томилогдох дарга нарын марафон өрнөнө. Тодруулбал, 400 гаруй шүүгчээс сонгон шалгаруулах юм бөгөөд дараачийн зөвлөлийг бүрдүүлэх шаардлага үүсч байна гэсэн үг юм.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 13.1.-т “Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно”  гэж заасан байдаг.

Дашрамд тэмдэглэхэд, Н.Лүндэндоржийн баг нь Шүүхийн захиргааны  тухай хуулийн дагуу томилогдсон хоёр дахь удаагийн томилгоо байсан юм. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь гурван жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд нэг удаа  улиран сонгогдож болдог албан тушаал. Н.Лүндэндорж даргын хувьд нэг удаа улиран сонгогдсон билээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-01 09:52

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?