Г.ДОРЖХАНД:ДОНТОЛТ БОЛ НИЙГЭМ, СЭТГЭЛЗҮЙН ХАЛДВАРТ ӨВЧИН... ЗҮЙРЛЭВЭЭС ХОРТ ХАВДАР...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-31 09:33

Сэтгүүлчийн үг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч, Монгол Улсын гавьяат эмч, ЭМШУИС-ийн профессор Г.Доржхандтай ярилцлаа. Тэрбээр сэтгэцийн эмч бөгөөд наркологи, сэтгэл заслын чиглэлээр мэргэшиж, хуучнаар ЗХУ-д мэргэжил эзэмшсэн нэгэн.

-Нийгэмд архидалт, мансуурал газар “авчихлаа”. Өнөөдөр бид хар тамхи хэрэглэсэн залуусаа тусгаарлан эмчлэх ёстой юу, эсвэл шоронд хорих нь зөв үү. Үнэндээ хууль эрхзүйн хувьд нарийвчилсан зүйл заалт алга. Та яг энэ чиглэлээр мэргэшсэн хүний хувьд ямар байр суурьтай байгааг тань сонирхоё?

-Манай улс Архины тухай хуультай. Иргэний ч тэр, албаны журмаар ч тэр эмчилдэг. Харин хар тамхины хувьд дагнаж гарсан хууль эрзүйн акт хомс. Тэгээд ч тэр үү, Эрүүгийн тухай хуулийн дагавар болгож асуудлыг шийддэг юм шиг байна билээ. Угтаа дон бол өвчин. Нэгэнт өвчин учраас хүний эрхийнх нь хувьд эмчлэх ёстой. Эмчилгээ шаардлагатай. Тиймээс мэргэжлийн, олон нийтийн, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран анхаарлаа хандуулах ёстой, энэ зүгт. Хэдэн сэтгэцийн эмч нарын хийдэг ажил биш л дээ. Төр засаг ч хамтрах ёстой. Хар тамхи бол нийгмийн сэтгэл зүйн халдварт өвчин. Өргөн цар хүрээтэйгээр яривал төрөөс анхаарч бидний ажлыг дэмжих ёстой. Жаахан болхи жишээ гэхэд ЖДҮ гээд хувийн хэвшлийнхэн идэж уулаа гээд яриад байна. Би ч бас хувийн хэвшилд ажилладаг, хувийн эмнэлэгт. ЖДҮ-гээр хувийн эмнэлгүүдээ яагаад дэмжиж болдоггүй юм бэ. Ард иргэдээ эрүүлжүүлнэ гэдэг чинь үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн гаргаж байгаа нэг хэлбэр. Эрүүл иргэн гэдэг улс орны хувьд мөнгөөр үнэлшгүй үнэт баялаг. Хувийн эмнэлэггүйгээр дан улсын эмнэлгээр явна гэвэл ачааллаа дийлэхгүй. Анагаахын аль ч секторт... Өнөөдөр манайд нийгмийн өвчлөл  их байна.

-Хар тамхинд нэгэнт донтсон хүн эдгэрэх, бүрэн татгалзах магадлал маш бага гэж сонсож байсан?

-Хувь хүний шинж чанараас хамаарна л даа. Хүн архинд орж, хар тамхинд донтсон шалтгаан гээд олон юм бий. Тэр хүний мөн чанарыг таньж, нийгмийн статусыг нь мэдэж байж тэр хүнтэй харьцана. Товчхондоо, сэтгэл засал их хүчтэй нөлөөлдөг онцлогтйо өвчин л дөө. Цогцоор нь эмчлэх ёстой. Хорыг механизмаар нь хэлж ойлгуулах ёстой. Үр дүнд нь өвчтөн цогц ойлголттой болно. Тэр ойлголт мэдлэг нь буруу зуршил, дур хүслээ дарангуйлж байдаг... Тэр нь яваандаа рефлекс болж тогтдог. Их нарийн зүйл л дээ. 1970-аад онд багш бид хоёр зурагтаар архины эмчилгээний тухай ярьсан чинь та хоёр яагаад архины тухай яриад байгаа юм бэ. Монголд архидалтыг дэмжээд байна уу гээд асуудал босох дөхөж байж билээ. Тийм цензур байдаг байсан хэрэг. Одоо бол өөр л дөө. Нийгмийн статус, хүний хандлага ч өөрчлөгдсөн. Донтох өвчтэй хүний сэтгэлзүйтэй нь л их ноцолдох хэрэгтэй байдаг юм. Сэтгэл засал, сэтгэл зүй... Мэдээж хордлого тайлах эмчилгээ хийснээр физилогийн хувьд анхаарал нь төвлөрнө, бие нь сайжирна, эрхтэн системийн үйл ажиллагаа нь сэргэнэ. Дараа нь ухааруулах сэхээрүүлэх юмаа хийхгүй бол зүрх нь савлаад дотор нь муухайраад, өнөөх нь бодогдоод байгаа хүнтэй яриад ч хэрэггүй.  Үр дүн гарах ч үгүй. Сэтгэл зүйтэй нь ажиллая гээд хэвлэлийнхэнд хандахаар бас хэцүү.

-Юу нь хэцүү гэж?

-Телевизээр ганцхан минут ярихад 138 мянган төгрөг нэхдэг. Доржханд гуай, энэ чинь арилжааны телевиз гэдэг. Үнэн л дээ, хөөрхий. Тэрүүгээрээ санхүүжинэ. Үйл ажиллагаагаа явуулж байгаа юм чинь. Тэгэхээр энэ асуудлыг төр шийдэх хэрэгтэй. Сайдын багцад суулгах хэрэгтэй.

-Донтогчдыг харахад нас нь залуужаад, бүр өсвөр насныхан донтоод хэрэглээд байгаа нь ажиглагддаг?

-Би хэлсэн ш дээ. Энэ бол нийгэм, сэтгэл зүйн халдварт өвчин гэж... Бага ангийнхан хэлж байна ш дээ, том ангийнхан завсарлагаанаар ариун цэврийн өрөөнд татаж байдаг гээд... Бишгүй дээ л тийм яриа сонсогддог. Татдаг л даа, янжуураа юүлээд марихуанаа нүдэж чихээд татаж л байгаа. Ер нь хар   тамхийг орой шөнө хэрэглээд өдөр бараг хэрэглэдэггүй юм шүү дээ. Дээр нь эмнэлзүйн хувьд их төвөгтэй асуудал. Удах тусмаа хэрэглээ нь ихэснэ. Архи бол өөр. Удах тусмаа хэрэглээ нь багасдаг. Анх 500 граммд согтож байсан бол сүүлдээ 50 граммд согтоод унана. Хар тамхи бол эсрэгээрээ дээшээ явна. Эдийн засаг эрүүл мэндийн хувьд их аюултай. Энэ янзаараа хайхрахгүй яваад байвал их хэцүү байдалд орно шүү. Яаж дээш нь энэ хэдэн дүлий чихтэй дуракуудад хүргэх вэ гэж бухимдах л юм... Мэдэхгүй ээ... Манайх мэргэжлийн байгууллага, залуучууд хэрэндээ л хийгээд байгаа ч үнэндээ хүчрэхгүй байна.

-Хар тамхи тахал гэж сүржигнэж толгой сэгсрэхээсээ илүү донтолт гэдэг тал руу нь анхаарлаа хандуулах л хэрэгтэй болчихоод байгаа юм байна, тийм үү?

-Яг үнэн. Донтолт...Хар тамхинаас гадна цавуу, бензин үнэртдэг. Хаа очиж сүүлийн үед бензин үнэрлэдэг нь багасаж, больчихож. Бас дотроо жаахан соёлжиж байгаа юм байлгүй. Намайг залуу байхад 66 гээд оросын бензинд орчихсон, бүр донтчихсон 18-н настай хүүхэд байсан. Аав нь том тэрэгнйи тээврийн жолооч. Аавтайгаа явж байгаад боошигноос сороод бензинээ нэмдэг. Тэр хооронд ууршаад уушиг руу нь орчихдог. Тэрэндээ бүр дотноод... Газнаас ямар ялгаа байх вэ дээ. Сүүлдээ бүр уудаг болчихсон. Эмчлүүлээд эмнэлгээс гарч, Дарханд очоод удаагүй нас барсан гэнэ лээ. Яаж тэсэх вэ дээ, хөөрхий. Одоо тэр ахуйн газыг чинь тэгж л хэрэглэж байгаа шүү дээ, аймшигтай. Манай эмнэлгийн хүүхдийн тасагт газанд донтсон хүүхэд олон ирдэг. Аюултай.

Бид одоо л шуурхай, үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Тиймдээ ч танай хамт олныг дэмжиж, чадахаараа зөвлөгөө өгч ажиллая гээд байгаа юм. Миний туслалцаа юу байх юм бэ, тусалж хамтарч ажиллана аа, мэргэжлийн хүний хувьд.

-Мансууруулах донтон өөрийгөө хянах чадваргүй болдог болохоор үүсэх эрсдэлээ ч тооцоолдоггүй байх даа?

-Хар тамхи аюултай л даа. Яг хэрэглэж байхад их сайхан болно л доо. Ханамж авна. Янз бүрийн стресс, асуудлыг мартагнуулна. Тэр чанарт нь хүн амархан автаж дасал болж, хэрэглэх дадалтай болчихдог. Хэрэв тиймгүйсэн бол хүн уухгүй, үнэртэх ч үгүй. Хамгийн аймшигтай нь яг ороод ирэхээрээ өөртөө шүүмжлэлгүй болчихдог. Мэдээж ямар ч  өвчний адил донтох эмгэг нэлээн хэдэн үе шаттай. Хордоод, хоёр, гуравдугаар үе шат руу ороод ирэхээрээ би  буруу юм хэрэглэж, буруу юм хийж байна гэдэг шүүмжгүй болно. Хамгийн аюултай нь энэ. Шүүмжгүй болдог учраас эмчлүүлэхээс дургүйцэж, дутуу эмчлүүлнэ. Тэр хэрээр нэг цикль яваад байдаг. Зүйрлэвээс гал унтраагаад дөл болгож сүүмэлзээд ирэхээр нь жаахан бензин дусааж гал пүрхийлгэх шиг... Нас нь ахиад, өвчин нь хүндрээд л байна. Тэгээд л нэг шөнө, хэдхэн секундэд амиа хорооно.

Өнөөдөр Монголд донтох өвчин газар авчихлаа. Мэргэжлийн хүний хувьд уршиг дагаврыг нь мэддэгийн хувьд үнэндээ л сэтгэл өвдөх юм. Манай энэ урд хөршид чинь хэрэглээ бүр их ш дээ. Европод хэрэглэнэ ээ, гэхдээ журамтай. Урагшаа бол хэцүү. Гэтэл урд хөршидп аижлаж амьдарч сурдаг монгол хүн хэд билээ. Хүн чинь муу юманд автахдаа амархан. Мууг нь мэдэхгүй л автчихна. Ажил хийж, сурах гэж очоод л мансуурах донтой болчихсон олон хүн бий. Сэргээш гэнээ гээд хавтгай цагаан эм уугаад л байдаг. Хар тамхины хольцтой ч гэж мэдэхгүй хэрэглэж байгаа нь олон. Одоогоос дөрөв таван жилийн өмнө, нэг таблетик нь 50 мянган төгрөг гэж байсан. Одоо нэмэгдээ биз. Нэгийг уучихаар өдөржингөө үйлчилдэг. Тэгж байгаад л орчихдог. Тэрийгээ уухгүй бол мангуураад нойрмоглоод байдаг гэх юм билээ. Ийм л байна. Би зах цухаас нь л ярьж байна. Үнэхээр хэцүү... Хэцүү байдалд орчихоод байна... Хар  тамхи  түрүүлэх нь. Архийг яах вэ, илэн далангүй ил тод ууж байна. Харин хар тамхи бол нууцлагдмал байдаг. Нэгэнт донтсон тохиолдолод тухайн хүнийг анагаах ухаан,  хууль хоёр хамт байж байж л ангижруулна. Гэхдээ эмчлэх талаас нь л харах  хэрэгтэй. Эмчлэхгүйгээр барьж хорилоо гээд яах юм бэ. Ямар ч ахиц дэвшил гарч илааршихгүй шү дээ.

-Хэрэглэгч, ханган нийлүүлэгч хоёрыг сайн ялгаж салгамаар байгаа юм. Донтуулж дасгаад дараа нь ханган нийлүүлэх зорилго байх шиг санагддаг. Эдийн засгийн сонирхол гэх гээд байна л даа?

-Хар тамхины цаадтай асар их мөнгөний асуудал яригддаг. Дунд нь манай дипломатууд хүртэл оролцоод шуугиулж байна. Яс юман дээр зүгээр нэг янжуур зөөвөрлөсөн асуудал биш. Тэр дотор мансууруулах юм явж л байгаа.

-Хэрэглэгчид залуужиж байна гэхээр өсвөр үеийнхэнд, мансуурал ямар хор уршигтай болох талаар мэдлэг дутмаг нь ч бас нөлөөлж байгаа байх?

-10-н жилийн сургуульд хичээл орж байгаа гэж дуулдсан. Сайн мэдэхгүй байна. Би мэргэжлээрээ 50-н жил ажиллаж байна. Анагаахын сургуульд 30-аад жил багшилж, эмнэлгийн даргаар 17-18-н жил ажилласан. Миний хэдэн шавь бий. Тэд маань хэр чадлаараа ажиллах ч олонд хүрэхгүй хэлбэрийн дайтай болчихоод л байх юм.

-Манайд яг нарийн мэргэшсэн эмч, сэтгэлз зүйч, наркологийн эмч дутмаг гэх юм билээ. Социализмаас хойш бодлогоор боловсон хүчнээ бэлдээгүй зөнд нь орхисны л гор байх даа?

-Угтаа донтох эмгэг, эмгэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрүүл мэндийн байгууллага хариуцах ёстой. Ний нуугүй хэлэхэд нийгмийн эрүүл мэндийн салбар юу ч хийхгүй байгаа. Үсрээд лаборторид шинжилгээ л хийж байх шив. Гэтэл ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал байдаг. Урьдчилан сэргийлэх асуудал нэг номерт байх ёстой. Урьдчилан сэргийлүүлж сэрэмжлүүлж чадалгүй дэлгэж алдчихаад л сууж байна, бид. Нөгөөтэйгүүр нийт Монголын ард түмний соёлын түвшинг ахиулмаар байна. Нэг үеэ бодвол замаар бэлчихээ байж. Ногоон гэрэл асахаар зам гардаг болж. Гоё байна... Харамсалтай нь эрүүл мэндийн боловсролын тухайд нойлийн ногоон тэг болчихсон. Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр сэтгүүлчид, хэвлэлийнхэн, төрийн бус байгууллагынхан хүчээ нэгтгэхгүй бол болохоо байчихлаа. Цогц л арга хэмжээ авахгүйгээр мэргэжлийн хэдэн эмч ганц нэгээрээ яваад дийлэхгүй юм билээ. Дийлдэхээсээ өнгөрсөн байна лээ. Ер нь тэгээд хар тамхичид бөөнөөрөө очерлоод хэвтэхгүй л дээ. Их төвөгтэй л дээ. Өөрийгөө илчлээд гараад ирж чадахгүй. Ар гэрийнхэн мэдлэгтэй бол  ойлгуулаад аваад ирдэг тал бий. Бид яах вэ, хордлогыг нь тайлаад явуулдаг. Уг нь ардчилсан хувьсгалаас өмнө манай эмнэлдэг машинтай гэрээр нь эргэж тойрдог. Хяналтандаа байлгадаг байсан юм. Одоо байхгүй, төсөвгүй болсон. Өнөөдүүл яах вэ хордлогоо тайлуулчихаад гараад өнөөхөө идлэж, уугаад явдаг... Энэ байдал удаан үргэлжилнэ ээ.

-Удаан үргэлжилнэ гэж?

-Удаан үргэлжилнэ гэдэг чинь газар авна л гэсэн үг. Таслан зогсоох хүчтэй арга хэмжээ байхгүй алга. Шархадны хэдэн эмч зүтгээд яах юм бэ. Хэдэн галзуу өвчтнөө ч дийлэхгүй байна. Биднийг эмч болоод очиж байхад эмнэлэг маань ядуу, байргүй, тоног төхөөрөмжгүй, дээр нь муу нэрийн шошигтой галзуугийн эмнэлэг гээд хүн очдоггүй газар байсан. Одоо тэр дэнж дээр дугаарлаад зогсож байна.

-Нээрээ танай ядаргааны тасгийг сайн гэх юм билээ?

-Хэзээнээсээ манай эмнэлгийн нүүр царай болсон тасаг. Ядаргааны тасаг 30-н ортой, наркологийн тасаг ч 30-н ортой. Ачаалал ихэслээ гээд ороо нэмж бас болохгүй. Төсөв мөнгө нь хүрэлцэхгүй гээд асуудал их л байх юм. Тулгарсан тулгамдсан асуудал их л байх юм. Тийм ч учраас бүгдээрээ сууж ярилцаж байж шийдэлд хүрээд явбал үр дүнд хүрэх юм болов уу гэж бодож сууна. Нэмээд хэлэхэд хүний сэтгэл зүйтэй л сайн ажиллаж байж энэ асуудлын ард гарна. Амжилтанд хүрнэ. Түүнээс биш хар тамхины хэрэглэгч олширлоо, нэг хүнд ногдох архины хэмжээ их байна гэж үглээд нэмэргүй. Тэгж л байдаг юм гэсэн хандлагаар хүлээж аваад байгаа биз дээ. Харин физилогийн хувьд аюултай, үхэлд хүргэнэ, бэлгийн чадваргүй болно гэж яривал арай өөр. Ядаж хоёр гурван сар архи уухгүй байх жишээний. Ухамсарт нь нөлөөлж эмчилгээний үр дүн гарч байна  гэсэн үг шүү дээ.

 

 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-31 09:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?