ЭЛЕКТРОН ТАМХИНД ХЯНАЛТ БАЙНА УУ?

Сэтгүүлчийн үг

АНУ-д электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний тохиолдол 1479 бүртгэгдсэн талаар тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. “Энэ сарын 15-ны байдлаар электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний улмаас АНУ-ын 24 муж улсад 33 хүн нас барсан бөгөөд тэдний дундаж нас 44 байсан” гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тайланд дурдсан байна. Уушгины өвчний шалтгааныг бүрэн тогтоох бүх төрлийн электрон тамхины хэрэглээнээс татгалзахыг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас зөвлөсөн аж. Электрон тамхины талаарх шүүмжлэл газар авж буй энэ үед АНУ-ын электрон тамхи үйлдвэрлэгч “Juul” компани Америкт явуулж буй зар сурталчилгаагаа зогсоож, “Walmart”, “Alibaba” зэрэг компани энэ төрлийн бүтээгдэхүүнийг АНУ-д худалдаалахгүй байх шийдвэрийг гаргасан байна.

 Манай улсад ч мөн адил энэ төрлийн бүтээгдэхүүнийг өргөнөөр худалдаалдаг болсон бөгөөд Эрүүл мэндийн яам,  Мэргэжлийн хяналтын газраас авсан ямар нэг зөвшөөрөл, шинжилгээний норматив байдаггүй юм байна. Тэгээд ч электрон тамхи нь хүнийг тамхинаас гаргах 100 хувийн баталгаагүй бөгөөд энгийн хэрэглээний тамхинаас хэд дахин илүү хор нөлөөтэй болох нь нотлогджээ. Тэр ч утгаараа олон улсад электрон тамхийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэдэг бол манайд өнөөдөр томоохон дэлгүүрүүд болон телевизийн шууд нэвтрүүлгээр ийм тамхийг худалдаалж байгаа нь хяналтын байгууллага байхгүй байгаагийн тод жишээ. Нөгөөтэйгүүр манай улсын хуулинд тогонд залгаж цэнэглэж хэрэглэдэг энэ тамхийг худалдаалахыг хориглосон тусгай зүйл заалт байдаггүй ажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?