С.БЯМБАСҮРЭН: ҮНЭН ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЯЛНА ГЭСЭН ИТГЭЛЭЭР ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АМЬДАРЧ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Дэд бүтцийн хөгжлийн сайд агсан С.Зоригийг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шүүхээс хорих ял оноосон. Харин энэ хэргийг мөрдөн шалгасан тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтнууд эрүүдэн шүүсэн хэргээр шалгагдаж, эрх нь зөрчигдсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хорих эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй билээ. Харин бид Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй ярилцлаа.

 

-Гэр бүлийнхээ хүнтэй хэзээ хамгийн сүүлд уулзав, ямархуу байдалтай байна вэ?

-Хамгийн сүүлд есдүгээр сарын 10-нд түр уулзалтаар уулзсан. 45 хоногт нэг удаа түр уулзалт хийх боломжтой байдаг юм. Эмнэлэгт хэвтсэнээс хойш зүс царай нь нэлээн сайжирсан байна лээ. УИХ-ын гишүүд, Ц.Нямдорж сайд, хар дарсан зүүд шиг энэ аймшигт байдлаас ямар ч байсан бага хэмжээгээр  ангижр нөхцөл байдал нь сайжирч байгаад баярлаж явдаг.

-Эхнэрийн тань хувьд сэтгэл санааны хувьд ямар байна вэ. Мэдээж хүнд л байгаа. Гэхдээ бас ч гэж итгэл төрж, өөрийн чинь хэлсэнчлэн хар дарсан зүүднээс сэрэх цаг удахгүй ирнэ гэх итгэл төрсөн байх гэж бодож байна л даа?

-Өөрөө бол сэтгэл санаагаар маш их унасан ш дээ. Гэхдээ сүүлийн шүүх хурлаас хойш, шүүх хурал ийм нөхцөл байдалд болдог юм байна, үнэн илэрнэ гэдэгт итгэж эхэлсэн.  Өмнөх гурван шатны шүүх хурал бол зүгээр л алх цохиод л явчихсан ш дээ. Ямар ч үг хэлэх боломж гарч байгаагүй гэж өөрөө хэлж байна лээ.

-С.Зоригийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь Монголоос халиад олон улсын анхаарлын төвд орчихлоо. Нөгөөтэйгүүр энэ хэргийн шийдвэрлэлтийг тойрсон эргэлзээ, маргааныг нэг мөр эцэс болгож, гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэдэг бусармаг явдлыг таслан зогсоох зорилгоор УИХ-д Түр хороо байгуулагдлаа. Мэдээж та Түр хорооныхонтой холбоотой л байгаа байх. Чихэнд чимэгтэй нааштай мэдээ мэдээлэл сонсогдож байх юм уу. Ядаж л сэтгэл санааны дэмжлэг өгөхүйц үг хэл дуулгасан холбогдох албан тушаалтан ч болтугай байна уу?

-Би холбогдох албан тушаалтануудтай биечлэн уулзаж яваагүй ээ. Мэдээж хувь хүнийхээ зүгээс энэ хүмүүст их л баярлаж явдаг. Ц.Нямдорж сайд, Ж.Батзандан гишүүн, Л.Болд гишүүн чинь манай тойргоос гарсан хүмүүс биш ш дээ. Зүгээр ард түмнээ гэсэн сэтгэл, үнэн шударгын төлөөлөл бол өөрсдийгөө янз бүрийн гүтгэлэг, доромжлолд оруулан барин энэ аймшигт хэлмэгдүүлэлтийн өмнөөс дуугарч, учир зүйг нь орох гэж яваад үнэхээр их баярладаг. Энэ хэлмэгдүүлэлт зөвхөн ганц нэг хүнд зовлон учруулсан юм биш. Эргэн тойрны найз нөхөд, ах дүү, үр хүүхдийг хамарсан хар бараан үүл шиг юм болчихоод байна. Миний бодлоор энэ бол сэтгэлзүйн дайн. Хэдийгээр тэр хоёр хүн тэнд хоригдож байгаа ч энд өдөр цаг тутамд сэтгэл санааны хувьд их хүнд байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намайг тагнаж, чагнасан. Үр дүнд би одоо ард хүн хурдан явахад ч цочиж сандардаг айдастай болсон.  Гээд яахав дээ үхтэл үр харам гэдэг. Тиймдээ ч өөрийгөө зөнд нь орхисон ч үр хүүхдээ ахиад алдчих вий гэх эмзэглэл салдаггүй, надаас...

-Танай бага чинь одоо хэдэн настай юм бэ?

-Миний бага хүү одоо 22 нас хүрчихлээ.

-Мэдээж энэ бүх явдлын хамгийн хүнд цохилт томчуудаас илүү хүүхдэд тусдаг?

-Одоо бас ч гэж гайгүй байдаг болсон. Хоёр гурван жилийн өмнө бол их хэцүү, нэг тийм шокын байдалд орчихсон байсан. НАйзуудтайгаа уулзаж байга гээд бодоод орохоор уйлчихсан сууж байх үе ч олон. Найз нөхөдтэйгөө ярьж хөөрдөг л байсан биз. Эмзэглэх вий гэж айгаад би ч асуухгүй мэдээгүйчин болоод өнгөрсөн нь олон доо. Манай бага банди чинь ээжтэйгээ илүү дотнош байдаг байсан болоод ч тэр үү хүнд ээ хүнд...

-Ингэхэд одоо хоригдож Содномдаржаатай яг ямар холбоотой байсан юм бэ?

-Ямар ч холбоо байхгүй ээ. Намайг цэрэгт явж байхад усны тэрэг түрсэн жаахан хүүхэд л гүйж явсан. Манайхтай биш манай ах дүү нарынхтай нэг гудамж. Тэр Амгаланбаатарынхтай зэргэлдээ хашаанд амьдардаг байсан юм. Яахав бие биенийхээ зүс царайг л мэднэ.  Жаагий л гэдэг байсан. Энэ хэлмэгдүүлэлтээс хойш л бүтэн нэрийг нь мэдсэн ш дээ.

-Мессежээр их дарамт ирдэг байсан гэдэг. Танд бас мессеж ирсэн удаа бий юу?

-Надад дарамт ирж байгаагүй ээ. Манай гэр бүлийн хүнд л 2013 оноос эхэлж ирдэг болсон. Шоронгоос ирж байгаа болохоор Эрдэнэтийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга Мөнхзул гэдэг хүнд зураг болгож угаалгаад өгсөн. Тэр алга болсон л доо.

-Алга болсон гэхээр эд мөрийн баримт устгагдсан юм байна ш дээ?

-Тэгсэн тэр хүнд өгөөд л Тагнуулынхан ч авсан юм уу алга болчихоод сүүлд нь гарч ирсэн ш дээ. Надад бол сүүлийн хэдэн мессеж нь байдаг байсан юм. Эхнэрээ хоригдсоны дараа би нэг хот руу орж ирчихээд садангынхандаа уншуулж байсан юм. Тухайн үед надад ч манай хадмынхны гэрт ч чагнах төхөөрөмж тавьчихсан байсан юм билээ. Тэр үед бие микронд цүнхтэй хувцасаа тавьчихаад бие засчихаад ирэх хооронд миний цүнх алга болчихсонтой хамт л алдагдсан.

-Яг одоо та сэтгэлзүйн хувьд ямархуу байдалтай байна вэ. Мэдээж гурван шатны шүүхээр ороод ял аваад явчих үеэс арай өөр байгаа болов уу гэж бодоод асууж байна л даа?

-Энэ бол хийгээгүй хэрэг. Би үнэн ялна гэдэгт анхнаасаа л итгэж байсан. Шүүхийн шийдвэрийг сонсоод за цаг хугацаа л их орох нь гэж бодсноос ялна гэсэн итгэлээ нэг ч өдөр гээж байгаагүй ээ. Хэзээ ч ял аваад энэ чигээрээ хоригдоно гэж боддоггүй. Үнэн хэзээ нэгэн цагт ялна итгэлээр өнөөдрийг хүртэл амьдарч байна. Ах нь амьдын хагацал гэдгийг биерээ үзэж яваа хүн л дээ.  Хүн л юм чинь их л юм бодох юм... Мэдээж, миний ханьд хилс хэрэг тохсон хүмүүст эцэг, эх, хань ижил, үр хүүхэд байгаа л байх. Мэдээж эхэн үедээ энэ том хэргийг миний хүү, миний хань илрүүлчихлээ гэж бахархаж байсан байж магадгүй. Гэтэл одоо бүх зүйл ил болж, энэ жигшүүрт хэлмэгдүүлэлт гэдгийг Монголын ард түмэн мэдчихээд байхад яагаад тэдний ар гэрийнхэн ньахдаа, аавдаа, ханьдаа одоо болиоч, энэ жигшүүрт хэлмэгдүүлэлтээ зогсоогооч гэж хэлдэггүй яасан ч сэтгэлгүй улс вэ гэж гомдож л суух юм...Өнгөрсөн дөрвөн жилийн турш би зовлонгоо бусдад нялзаахгүй өөрөө л үүрч гарлаа. Өнгөрсөн хугацаанд хүний  сайн мууг сайн ьаньж мэдэрлээ. Надад одоо бусдад итгэх итгэл бараг л үлдсэнгүй. Гэхдээ манай ах дүү нар, цөөн хэдэн найз нөхөд маань, тэр тусмаа хар багын найзууд маань сэтгэлийн дэм өгсний хүчинд би амьдралаа авч явж байна. Би уг нь их нийтэч найзархуу хүн. Үнэнч сайн найзууддаа үнэхээр их баярлаж явна.

-Та одоо хотод амьдарч байна уу. Хэдийд нутгаасаа гарав?

-2015 оны наймдугаар сарын 31-нд эхнэрийг маань баривчилсны дараа буюу есдүгээр сарын хоёрхонд талийгаач охинтойгоо орж ирсэн. Нйи нуугүй хэлэхэд анх баривчлагдахад нь ах нь баярлаж байсан...

-Яагаад?                                            

-Амгаланбаатарын дарамттай мессежүүдийг нэг мөр шийдэх нь л гэж бодсон. Тэгсэн 14 хоногийн дараа яллагдагчаар татсан. Шүүх хорих хугацааг сар болгон сунгадаг. Сар болгоны 30-31-нд гарчих болов уу гэж горьдож явсан. Анхандаа Монголын шүүх үнэн худлыг ялгаад өгнө гээд хүлээлттэй байсан ч худал болсон. Эсрэгээрээ эргэсэн. Би байнга дуудагдаж байцаалт өгдөг байсан даа. Тэгээд л энэ хэрэг зүгээр өнгөрөхгүй нь зохион байгуулалтай ажил явагдаад байна гэдгийг ойлгосон. Тэнэг надад л ойлгомжтой болоод ирсэн. Хурал болоогүй байхад л ялласан маягаар ханддаг байсан.

-Хэрэг үйлдсэн гэгдээд байх цаг үед танай хүн нялх хүүхэдтэй байсан байх аа. Гэтэл хэрэг үйлдэх үеэр хотод ирээд буудалд байрлаад хэд хоносон гэж яригдаад байдаг?

-Тийм юм байхгүй ш дээ. Бид хоёр чинь цуг л байдаг байсан. Анх надаас гэрчийн мэдүүлэг авахад нь би, 18 жилийн өмнө хаана байснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан Дорноговьд хадмынд эсвэл Эрдэнэтэд гэр орондоо л байсан байж таарна гэж мэдүүлэг өгсөн юм. Дараа нь шүүх хурал болох үед би хэлсэн. Анх мэдүүлэг өгөхдөө санаагүй ч хожим нь санасан. 1998 онд манай дунд охин Дорноговийн Сайншандад нэгдүгээр ангид орж байсан. Тэр нь сургуулийн архивт байдаг. 11 дүгээр сарын эхээр бага дунд хоёр охин маань Эрдэнэт рүү шилжсэн баримт байдаг. Эх хувь нь ч байгаа эхний мэдүүлгээ өөрчилж болно биз дээ гэхэд юу яриад байгаа юм бэ гээд байцаагч маань уурласан. Тэр ч бүү хэл чамайг янз бүрийн юм яриад байх юм бол Амгаланбаатарын анх хүн алж байсан хэрэгтэй холбоно шүү, үр хүүхэд чинь байгааг мэдэж байгаа гэж дарамталсан.

-Байцаагч нь хэн гэдэг хүн байлаа?

-Т.Чимгээгийн байцаагч бол н.Бямбажав гэж хүн байсан. Надаас мэдүүлэг авсан нь н.Болд гэдэг хүн байсан.

-Одоо тэр хүн хаана ажиллаж байгаа бол?

-Мэдэхгүй ээ.

-Хотод орж ирээд дөрвөн жил болж байгаа юм байна. Одоо та яг хаана, хэнтэйгээ амьдардаг юм бэ?

-Миний ээж 86-тай хөгшин бий. Ээж, дунд охин бас талийгаач охины хүүхэд, бага банди эхнэр хүүхэдтэйгээ гээд долуулаа амьдарч байна. Орж ирээд л түрээсийн байраар явж байна. Настай ээж, нялх хүүхэдтэй дээр нь дунд охин маань өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. Гэр хороололд амьдрахад хүнд л дээ. Мэдээж болохгүй юм байхгүй ч хэцүү юм билээ... Тэглээ гээд яахав дээ, хүнйи өмнөөс амьдарч байгаа биш. Гагцхүү энэ хэрэг зөвөөр шийдэгдэж, нэг цаг, ганц минутын өмнө ч болтугай эхнэрээ гараад ирээсэй гэж бодохоос өөр хүсэх юмгүй л амьдарч байх шив дээ, ах нь. Нөгөөтэйгүүр үнэн зөвийн төлөө явж байгаа энэ хүмүүсийн ажил үйлсийг улс төржүүлээд байх нь муухай л харагддаг. Энэ хүмүүс чинь өөрсдөө амьдралтай ах дүү, үр хүүхэдтэй... Энгийн иргэний төлөө зүтгэсний төлөө элдвээр хэлүүлж байгаад эмзэглэх л юм. Би Ц.Нямдорж гуай, Ж.Батзандан, Л.Болд нарын нэрийг л мэднэ. Телевизээр харж байснаас нүүр тулж уулзсан удаа байхгүй. Гэтэл энэ хүмүүсийг гоочлоодб айх нь эвгүй санагддаг. Заримдаа айдаг... Бид нарын төлөө явж байгаад асуудалд орох вий, амь насанд нь халдах вий гээд... Ер нь тэр Түр хороонд их шударга сайн хүмүүс орсон юм билээ. Хэргийг эргэж судлаад танилцаад хэлмэгдүүлэлт болжээ гэдгийг ойлгосон юм чинь ахиц дэвшил гарч, асуудал нааштайгаар шийдэгдэх нь гэх ойлголт хэвлэл мэдээллээс ажиглагдах л юм. Тийм ч учраас Түр хорооныхонд их баярладаг. Ер нь тэгээд энэ их зовлон дунд наашаа гэсэн болгонд л баярлах юм. 

-Түр хорооныхонтой саяхан хуралдсан. Нааштай юм дуулгав уу?

-Ах нь сайн ойлгоогүй ээ, асуудал нааштай шийдэгдэх нь гэж итгэж хүлээж л явна.

-Гэнэтийн энэ хагацал, цаг хугацаа ч бас хүнийг цөхрөөдөг л байх даа?

-Цөхөрлөө гээд хаяж болохгүй асуудал байдаг юм ш дээ. Ер нь тэгээд зовлон үзсэн хүн л хүний зовлонг ойлгодог юм билээ. Үхэл хагацал тохиолдоод хань ижлээ алдчихсан бол хоногийн тоогоор мартагнадаг юм гэнэ лээ. Би чинь төрсөн ахаа, төрүүлсэн охиноо алдлаа... Амьдын хагацал гэдэг чинь... Хийгээгүй хэргийнхээ төлөө...Санаад хоног тоолоод очоод уулздаг. Амьд мэнд байгааг нь хараад сайхан болдог. Буцаад гараад явахад бэрх ээ бэрх. 407-д хийсэн хэргийнхээ ялыг үүрээд явж байгаа хүмүүстэй уулзсаан уулзсан. Хэрэг хийсэн хүн чинь үйлийн үрээ эдлэж байна гэж гэмшээд хувь тавилантайгаа эвлэрч үүрэх ёстой ялаа үүрч байна гэдэг бол хэлмэгдээд орсон хүн яах вэ? Хэцүү л дээ хэцүү.  Манай хүн чинь тусдаа хоригддог. Өрөөндөө ч ганцаар, хоолонд орохдоо ч ганцаар... Бүр тусгаарлачихсан. Эхнэрээ би, гарна гэсэн бодолтойдоо л тэсч байгаа байх л гэж боддог. Бас нэг юм нэмж хэлэхэд, ард түмэн агуу л байдаг юм билээ. Намайг, манай гэр бүлийнхнийг, гэр бүлийн хүнийг маань ойлгож, тэсээрэй үнэн ялна гээд сэтгэгдэл бичихэд ч би баярлаж эрч хүч авдаг. Хүмүүс намайг ярилцлага өгдөггүй гэдэг л юм. Би чинь гурвын гурван удаа нууцын зэрэглэл гэдэг юман дээр гарын үсэг зурчихсан хүн яаж ярилцлага өгөх вэ дээ. Өнөөхдөө саад тээг болчих вий, зовлон дарамт нэмчих вий гэж айна ш дээ. Ахиад хэлье, би УИХ-д байгуулагдсанТүр хорооныхонд үнэхээр их баярлаж явдаг. Эрсдэлийг хайхрахгүй үнэний төлөө түүчээлж яваа улсууд шүү. Ийм хүмүүс Монголд олон байгаасай. Энэ муухай хэлмэгдүүлэлт манай болон Содномдаржаагийн гэр бүлээр дуусаасай... Энэ бол аймшигт үзэгдэл, явдал гэдгийг бие сэтгэлээрээ ойлгосон хүн шүү, ах нь...



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?