ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД АРИГ БАНКНААС МӨНГӨӨ ТАТААД ЭХЭЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Сүүлийн үед Ариг банкны талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр таагүй мэдээлэл нэлээдгүй гарах болсон билээ.

            Ариг банкны эзэн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй тул Прокурорын байгууллагад хандаж байгаа болохоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн, Эрүүгийн цагдаагийн албанаас Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татах хүсэлт хүргүүлсэнийг Нийслэлийн прокурорын газар хүлээн авч, яллагдагчаар татсан, мөн Б.Эрдэнэбатын өр зөвхөн Хөгжлийн банкаар зогсохгүй бөгөөд Хаан, Хас банкинд асар их хэмжээний өртэй зэрэг талаар дэлгэрэнгүй мэдээллүүд гарсаар байна.

            Үүний дээр түүний эзэмшдэг Ариг банк нь дүрмийн сангаа нэмэгдүүлэх ёстой гэсэн Олон улсын валютын сан болон Монголбанкнаас тавьсан шаардлагыг биелүүлж чадахгүй байгаа тул Монголбанк тус банкинд төлөөлөгч томилсон байдалтай байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчдийн дунд үүссэн үл ойлголцлыг шийдвэрлэх талаар хугацаатай үүргийг өгсөн гэдгийг Монголбанкны ажилтан хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан байдаг.

            Гэвч энэ бүхнээс илүүтэйгээр хамгийн чухал ноцтой зүйл бол Ариг банкны санхүүгийн үзүүлэлтүүд буурч, хадгаламж эзэмшигчид Ариг банкнаас хадгаламжаа татаж эхэлсэн явдал болоод байгаа нь тус банкны цахим хуудсанд гаргасан мэдээллээс тодорхой харагдаж байна.

             Өөрөөр хэлбэл 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Ариг банкны нийт актив 150 тэрбум 884 сая төгрөг, нийт хадгаламж 95 тэрбум 842 сая төгрөг байсан бол 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт актив 134 тэрбум 743 сая төгрөг, нийт хадгаламж 78 тэрбум 829 сая төгрөг болж тус тус буурчээ.

            Гуравхан сарын хугацаанд тус банкны хадгаламж 17 тэрбум төгрөгөөр, актив 16 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь хадгаламж эзэмшигчдийнхээ итгэлийг алдаж эхэлсэн болохыг харуулж байгаа явдал гэж үзэж болох юм.

            Банкны мөнгөн хөрөнгө огцом буурсан нь тухайн банкийг санхүүгийн хүндрэлд оруулж, зээл олгох үйл ажиллагаагаа зогсооход хүргэсэн байж болох талтай бөгөөд цаашид санхүүгийн үзүүлэлт энэ хэвээр буурсаар байх тохиолдолд дампуурсан банкны тоог нэгээр нэмэх буй заа.

            Олон улсын валютын сан, Монголбанкнаас арилжааны банкуудад тавьсан дүрмийн сангаа нэмэгдүүлэх шаардлагыг одоо болтол биелүүлж чадахгүй байгаа нь тус банкийг цаашид оршин тогтнож, хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж чадах эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц явдал мөн бөгөөд үүн дээр нэмээд банкны хадгаламж огцом буурч эхэлсэн нь Ариг банкийг ноцтой байдалд хүргэж болзошгүй байна.  

                                                                                                                           Сэтгүүлч З.Урансүх


 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?