СЭТГҮҮЛЧ Г.АЛТАНТҮРҮҮ ТАНАЙД ХОНОХГҮЙГЭЭР "БИДНИЙ ТУХАЙ БИД"-ЭНТЭЙ ЯРИЛЦАНА

Сэтгүүлчийн үг

Сэтгүүлч Г.Алтантүрүү... Айл айлын хаалга тогшиж “Танайд хоноё” нэвтрүүлгээрээ монголчуудын эчнээ танил болсон сэтгүүлч залуу. Тэрээр энэ удаа “Бидний тухай бид” хэрхэн дүгнэж цэгнэж басхүү ханддаг талаар нээлттэй  ярилцахаар шинэ нэвтрүүлгээ эхлүүлжээ.

Нээлттэй гэхийн учир нь нийтээрээ мэддэг атлаа мэдээгүйчин мэт аяглах бидний хандлага... Дутагдал алдаа ихийг мэдэж эгдүүцдэг ч зөвхөн албан бусаар эсэргүүцдэг хачирхалтай араншинтай бид.

Нэвтүүлгийн эхний дугаарыг үзлээ. Эхний зочноор хотын хүү Г.Алтантүрүү, Хөвсгөл нутгийн унаган хүү Х.Эрдэнэбаатартай далай ээжийг нар зөв тойрчээ. Хамт ч юу байхав. Х.Эрдэнэбаатар хөвчийн их тайга, хөх усан далайгаа хотын хүүд гайхуулж. Бахархахгүй гайхуулахгүй байхын ч аргагүй нутаг, нутгаа гэсэн сэтгэлтэй хүү аж, Х.Эрдэнбаатар. Гэрт, машины бүхээгт, уулын тагт, далайн эргээр залуус хамт явж, өнөөгийн нийгэм, амьдрал бас өөрсдийнхөө тухай ярилцаж...

Хөвгөл нутгийн унаган хүүгийн хувьд үеийнхнийхээ адил наймаанд явж, ажил амьдралын гараагаа Чех улсад хар ажлаас эхэлсэн ч өдгөө 156 улсын 400 мянга гаруй салбар нэгжээр дамжуулан 15 минутын дотор хүлээн авагчид хамгийн бага зардлаар хүргэдэг үйлчилгээ эрхэлдэг олон улсын компани байгуулан ажиллаж байгаа амжилттай нэгэн. Амжилт бүрийн цаана алдаа оноо бас түүх бий. Бид бидний тухай...   

“Бид...” яагаад ийм юм бэ... Бид яагаад хөгждөггүй, бид яагаад урагшилдаггүй. Бид яагаад ийм удаан юм бэ.

 Асуултын хариуг “Бидний тухай бид” -ээс олж харах бас нэг боломж. Бид хэн нэгэн эрхтэн дархтан эсвэл их хурлын гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж, орд харш барьж уулыг бүхлээр нь хашаалан эзэн сууж буйг, эсвэл төрийн дансны мөнгөөр төрөл садангаараа нийлэн зугаацаж буйг хоорондоо ярилцдаг ч яагаад хууль хяналтын байгууллагад хандан шалгуулж хэв журманд  нь оруулахын төлөө зүтгэдэггүй юм бэ. Өргөн хэрэглээний бараа, бензин шатахууны үнэ өсөхөд, үнээ нэмчихэж гэж өөр хоорондоо ярин бухимдаж, дарсны ширээний ард дарга нарын идэж уухын золиос хэмээн баримт дурдан гөлөмцдөг ч яагаад нэгдэж жагсаад нийтийн эрх ашгийн төлөө хамтдаа дуугарч тэмцдэггүй юм бэ... Яагаад Монголын баялгийг 30 гэр бүл л хүртэж байна хэмээн бухимддаг атлаа, бүгдэд эрх тэгш хуваарлих ёстой талаар албан ёсоор ам нээж ярилцдаггүй, арга зам хайдаггүй юм бэ?

Бид... Яагаад... Яавал... гэхчлэн олон асуултын хариуг хайж 21-н аймгаар аялахаар төлөвлөж...  Сэтгүүлч Г.Алтантүрүү энэ удаад, танайд хонохоос татгалзан, бидний тухай бидэнтэй ярилцахаар Монгол орон даяар аялахаар замдаа гарчээ.

Аян зам нь өлзийтэй байг ээ...

                                                                                                                                    Сэтгүүлч З.Урансүх

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?