Ш.РАДНААСЭД ГИШҮҮНИЙ ТАЙЛБАР БА АВЛИГА

Сэтгүүлчийн үг

 УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн хѳѳн хэлэлцэх хугацаагаар хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон гэх шүүмжлэлтэй холбогдуулан тайлбар өгсөн.

Тэрээр "Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэд хэдэн тайлбар хийе. Хуучин хуулийн төсөлд гэмт хэрэг хөөн хэлэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татсан өдөр хүртэл тоолно. Яллагдагчаар татсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэсэн байгаа. Санал гаргаж өөрчлөгдсөн байдал нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэсэн байгаа.

Хуучин нь яллагдагчаар татах хүртэл нөгөөх нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл. Яагаад ийм өөрчлөлт орсон бэ гэхээр хүнийг яллагдагчаар татаад удаан хугацаанд хорьж, мөрддөг. Бүх насаараа шахуу яллагдагчаар татагдаад хөөн хэлэлцэх хугацаа цагдаагийн байгууллага дээр зогсчихдог. Хорьж, мөрдөх хугацаа 24 сар нэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр хугацаагүй хорих заалтууд бий. 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад одоогийн бидний өөрчилснөөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн өөрчлөлт байсан. Үүнийг 2008 онд өөрчилснөөс болоод 10 мянга гаруй хэрэг түдгэлзсэн байдаг.

Үүнээс үүдэн хэргийн оролцогчдын хэн нэгэн нь алга болох, оргон зайлах, гадна дотно дотно байгууллагаас тайлбар ирээгүйгээс насаараа яллагдагчаар мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарч, өөрчлөгдсөн зүйл юм. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж энэ хуулийн заалтыг өөрчилсөн гэх шүүмжлэл байна. 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад бүх насаар нь болон цаазаар авах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн заалт байсан. Одоо ч бий. Одоогийн Эрүүгийн хуулийн 1.10. 4 дэх хэсэгт "Энэ хуульд бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй" гэсэн заалт бий. Тэгэхээр хүн амины онц ноцтой гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Үүнийг өөрчилж, засаагүй. Дэд сайд асан Б.Энхбаярыг хууль зүйн ямар мэдлэгтэйг ойлгоогүй. Хоёр өөр асуудлыг хаа хамаагүй С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбож тайлбарлаж байгаа нь буруу юм. Улсын Дээд шүүхээс тайлбар өгсөн. Эх газрын системтэй орнуудын хууль эрхзүйн орчинд хэрэгждэг системийг бид хэрэглэдэг. С.Зоригийн хэргийг нуух хаах эсвэл хэн нэгнийг хэргээс мултлахын тулд ийм хуульд өөрчлөлт орсон зүйл байхгүй" гэсэн юм.

Гэвч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг авлига авсан Мэргэжлийн хяналтын байцаагчдыг ялаас чөлөөлөхийн тулд хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, авилгын томоохон сүлжээнийхэн ялгүй үлдсэн гэх  хардлага олон нийтэд байгаа. 

Хоёр жилийн өмнө буюу 2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар 700 гаруй сая төгрөгийн авлига авсан  хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдсан юм.

Тухайлбал, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэрт нь нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Мөн албан өрөөнд нь нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө хураагдсан.

Шүүхээс хээл хахууль өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол үлдсэн 19 хүнийг торгожээ. Тэдний нэг нь дээрх хэрэгт холбогдсон МХЕГ-ын хэлтсийн дарга Т.Баярсайхан байсан бөгөөд 780 сая төгрөгийн эд хөрөнгийг нь хурааж, торгууль ногдуулах ял оноосон байна.

Ийнхүү албан тушаалтнуудын авилгын хэрэг замхарлаа.

                                                                                                       Б.Нямсүрэн 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.26.194.xxx]

    Нямдорж шиг хууль зассан уу?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?