ДУНФАНЛУМАНЬ КОМПАНИ ГҮНИЙ ЦЭВЭР УСААР ЖОНШОО УГААЖ БАЙНА, УГААЖ Л БАЙГ УУ?

Сэтгүүлчийн үг

Ус чандмань эрдэнэ гэдэг. Ялангуяа говьд ус гэдэг жинхэнэ утгаараа чандмань эрдэнэ. Говь гэлтгүй Монгол Улс газар нутгийн байршлаараа усны гурван том хагалбарын заагт, харьцангуй өндөрлөг, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас багатай, хуурайшилт ихтэй хэсэгт оршдог. Усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь ихэнхидээ тус улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд ордог.

 Өөрөөр хэлбэл, гол мөрний жилийн дундаж урсацын 60 хувь нь гадагш хил даван урсаж үлдэх хувь нь хөрсөнд нэвчиж, газрын доорхи усыг тэжээх буюу говийн нууруудад цутгана. Усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус тус тус эзэлнэ. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус, түүний 93.6 хувийг Хөвсгөл нуурын ус эзэлнэ. Газрын доорхи усны нөөц баялаг асар их хэмжээтэй боловч удаан хугацаанд нөхөн сэлбэгддэг учраас ашиглаж болох нөөцийн хэмжээ тун бага байдаг бол гадаргын ус буюу голын ус богино хугацаанд / 20 хоногт / буюу жилдээ 18 удаа солигддог ажээ. Манай улс ус хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг байна. Газрын доорхи ус нь экологийн нэн эмзэг тогтоцтой, усны горим тэжээлийн систем нь өвөрмөц, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн арав, хэдэн зуун жилээр тооцогддог учраас газрын доорхи усыг онцгой хамгаалалтанд авч нөхөн сэлбэгдэх хэмжээнээс үл хэтрүүлэн ашиглах шаардлагатай байдаг.

 Атал Дорноговь аймгийн Айраг суманд 100 xувь xятадын xөрөнгө оруулалттай Дунфанлумань XXК-ийн уурxайн жонш гаргаж авахын тулд гүний усыг хайр гамгүй асгаж байна.  Үүний улмаас ойр хавийн худгууд бүгд ширгэжээ. Тодруулбал, жоншийг нь авахын тулд гүний усыг нь гаргаад шууд ил хөрсөн дээр асгасаар багагүй хугацаа өнгөрчээ.

 Дунфанлумань XXК-ийн захирал нь хятад хүн бөгөөд эх сурвалжийн хэлснээр  2010 оны дөрөвдүгээр сарын 23-ны үдэш Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Цагаан дэл гэх газарт жонш олборлогч Хятадын хөрөнгө оруулалттай “Эжүмэн” компанийн эзэн Жан гэгч монгол залууг машинаараа дайран бүрэлгэсэн хэргийн эзэн гэнэ. Тухайн үед уг хэрэг тус аймгийн Цагаан дэл гэж жоншны их нөөцтэй нутагт болсон. Угаас нөөц ихтэй учраас сумын иргэд төдийгүй зэргэлдээ сум, аймгийн иргэд ч олноороо очиж жонш ухдаг бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр  сайн дураараа жонш ухдаг иргэд ихэнх газрыг эзэмшилдээ авчихсан хятадуудтай газрын маргаанаас болж эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан байдаг. Цугларсан иргэд ‘Эжүмэн” компанитай гэрээгээр ажилладаг “Сор” хамгаалалтын албаныхантай үл ойлголцсоноос үүдэн зодоон цохиондоо тулж, улмаар эрдэнэт хүний амь нас эрсэдсэнээр олны анхаарал татсан ноцтой үр дагавар үлдээсэн билээ. Компанийн эзэн Жан гэгч жагсагчдын дундуур машинаараа дайран гарах үедээ Т.Сүхболд гэж залууг дайрч унагаагаад, буцаж ухран цээжин дээгуур нь таллан гарчээ.  Машиныг өвөрмонгол жолооч барьж байсан гэдэг.

Дашрамд дуулгахад, Дунфанлумань XXК нь  Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байх аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг Цагаан дэлийн агуйгаас 500-хан метрийн зайнд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Цагаан дэлийн агуй нь гаднаа хоёр амтай. Нэг нь эгц доошоо дүүжингээр ордог, нөгөө нь хоёроос гурван метр орчим гүнтэй таван ханатай гэрийн бууурийн хэмжээтэй. Дотроо сэрүү татсан нэн тааламжтай төдийгүй цаашаа явахад зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөстэй. Агуйд жин ихтэй, сайн чанарын жонш элбэг тул компаниуд болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэд сүйтгэсэн харамсалтай тохиолдол цөөнгүй ч  агуйг 2014 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авч, аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталсан билээ. Басхүү газрын доорх ус нь Монгол орны хамгийн чухал усны эх үүсвэр бөгөөд нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаа газрын доорх усны нөөц, түүний боломжоос шууд хамаардаг. Мөн газрын доорх ус чанарын хувьд ч ундны усны баталгаатай эх үүсвэр болдог бөгөөд манай улсын нийт хүн амын 95 хувь нь унд, ахуйдаа газрын доорх ус, 5 хувь нь гадаргын ус ашигладаг гэх тооцоо ч бий. Мэргэжилтний хэлснээр газрын доорх усныг ашиглаж болох боломжит ба нөхөн сэргээгддэггүй нөөц гэж ангилдаг бөгөөд ашиглаж болох боломжит нөөц нь ус агуулагч бүрдэл, бүс, үеийн зузаан, тархсан талбай, төрөл (нүх сүвэрхэг, ан цавлаг) зэргээс хамааралтай ба нөхөн сэргээгддэг нөөц болон нөхөн сэргээгддэггүй нөөцөөс олборлож болох хэмжээгээр тодорхойлогддог гэсэн. Харин тус аймгийн Айраг сумын газрын гүний усыг ашиглаж болох эс бөгөөс болохгүй нөөц гэж ангилан судалсан тооцоо судалгаа алга... Тийм байтал Дунфанлумань компани гүний цэвэр усаар жоншоо угааж байна... Угааж л байг уу?

                                                                                                                                   З.Тэргэл

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?