ХҮҮХЭД ХӨГЖИЛ ХАМГААЛАЛД 8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, 60 дугаар зарлигаа гаргасан. Түүнчлэн хүүхэд хамгаалах жилийн хүрээнд найман тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар төсвийн хуваарийг баталжээ. Тодруулбал,4 тэрбум төгрөг орон нутаг, сум, аймаг дүүрэгт хуваарилагдаж байгаа бөгөөд хүүхдийн тооноос хамааралтайгаар 47.5-120 сая төгрөг орон нутаг тус бүрд оногдож байгаа аж. Харин Улаанбаатар хотод 2.6 тэрбум төгрөг хуваарилагдсан бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсөвт 1 тэрбум төгрөг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын /харьяа байгууллагууд ороод/ зардалд 2.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил хүүхэд хөгжил хамгаалалд 5 тэрбум төгрөг байсан зарцуулсан бол энэ жил 8 тэрбум болгон нэмэгдүүлжээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” үндэсний судалгаанаас харахад, асуулгад оролцсон нийт хүүхдийн 17.2 хувь нь хүчирхийлэлд өртөж байгаагүй гэсэн бол 82.8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Тэдний 62 хувь нь үг хэлээр доромжлох, 50.2 хувь нь чимхэх, 43.5 хувь нь цохих зодох зэрэг бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байна. Мөн тэдний 27.8 хувь нь үл хайхрах, 24.8 хувь нь доромжлох, 22.9 хувь нь айлган сүрдүүлэх, 17.1 хувь нь ялгаварлан гадуурхах, 14.7 хувь нь бэлгийн шинжтэй дарамт, халдлага үйлдэх, 5.9 хувь нь хүнд нөхцөлд ажил хийлгэх, 4.8 хувь нь гэрээсээ хөөх зэрэг хүчирхийлэлд өртөж байснаа дурджээ.

Эдгээр дүнг нэгтгэн үзвэл, асуулгад хамрагдсан 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн, түүнээс 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд, 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан аж. Давтамжийн хувьд хүүхдүүд бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртдөг бөгөөд энэ нь ихэвчлэн гэр бүл, сургуулийн орчинд гардаг байна.

                                                                                                                                 З.Тэргэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?