НАМ, ЭВСЭЛ ЭНЭ САРДАА БАГТААН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛНЭ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай уулзаж ярилцлаа.

 

 

            Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуультай холбоотой ойрын хугацаанд ямар ажлууд хийгдэх талаар болон намууд хэзээ бүртгүүлэх талаарх тодруулгаар ярилцлагаа эхлэе.

 

Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн товлон зарласан. Сонгуулийн Ерөнхий Хороо уг нөхөн сонгуулийг зохион байгуулж явуулах цаг хугацааны хуваарийг батлан гаргасны дагуу сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод төлөвлөгөөт ажлууд хийгдээд явж байна. Нам, эвсэл, нэр дэвшигчдээс энэ удаагийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох тухай Үндэсний аудитын газрын шийдвэр гарчихсан. Ойрын хугацаанд хийгдэх ажлуудаас дурдвал, Хэнтий аймгийн сонгуулийн хороог 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө байгуулж, аймгийн сонгуулийн хороо нь сумын сонгуулийн хороодоо 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө байгуулах ёстой.

 

Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нам, эвсэл оролцох эсэхээ хэрхэн илэрхийлэх, нам нь ямар баримт бичиг бүрдүүлэх вэ, сонгуульд намууд эвсэл болж оролцох бол хэрхэн эвсэх, эвслийн гэрээгээ хэрхэн хийх, эвсэл болвол бүртгүүлэхдээ ямар баримт бичиг бүрдүүлэх вэ, ямар шаардлага хангасан байх ёстой вэ гээд бүхий л шаардлагатай зохицуулалтыг Сонгуулийн тухай хуулийн 121-124 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа. Энэ дагуу нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох хүсэлтээ 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байх юм.  

 

Нам, эвсэл танай байгууллагад хүсэлтээ хүргүүлэхэд юу анхаарвал зохих талаар илүү тодруулж өгнө үү?

 

            Улс төрийн нам, эвсэл нь сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр гаргаж ирүүлдэг. Намын тухайд гэвэл манай Хороонд бичгээр ирүүлэх хүсэлтдээ Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан 10 нэр төрлийн баримт бичгийг, эвсэл нь хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан 11 нэр төрлийн баримт бичгийг хавсаргана.

 

Нам, эвсэл нь баримт бичгээ ирүүлэхээс өмнө хүлээлгэн өгөх баримт бичгийн бүрдэл бүрэн эсэх, хуулийн шаардлага хангаж байгаа эсэхээ нэг бүрчлэн нягтлах хэрэгтэй, ингэснээр хүлээн авч байгаа бидэнд ч, хүлээлгэн өгч байгаа нам, эвслийнхэнд ч хаана хаанаа чирэгдэл үүсэхгүй байхад тустай.

 

Нөхөн сонгуульд оролцох нам, эсвэл мөрийн хөтөлбөрөө шинээр боловсруулах ёстой юу?

 

            Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцож байсан нам, эвслүүд энэ нөхөн сонгуульд оролцох гэж байгаа бол 2016 оны мөрийн хөтөлбөрөөрөө оролцоно. Гэхдээ Үндэсний аудитын газраас энэ талаарх тодорхойлолт албан бичиг авчирна. Харин УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд шинээр оролцох гэж байгаа нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулан Үндэсний Аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулсан байх учиртай. Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичгээ ирүүлэхдээ мөрийн хөтөлбөрөө аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх учиртай тул цаг хугацаагаа нарийн тооцоолох хэрэгтэй болов уу.  

 

            Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасаны дараа л хэдэн нам, эвсэл сонгуульд оролцох талаарх мэдээлэл тодорхой болох нь. Гэхдээ нам, эвслийг сонгуульд оролцуулахаас татгалзах үндэслэл илрээгүй бол хүсэлтээ ирүүлсэн намууд бүгд бүртгэгдэнэ гэж ойлгох болох уу?

           

Сонгуулийн Ерөнхий Хороо нь нөхөн сонгуульд оролцох тухай нам, эвслийн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 5 хоногт багтаан ирүүлсэн баримт бичгийг нятглан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрлэж тогтоол гаргана. Өөрөөр хэлбэл, 5 дугаар сарын 5-ны өдрөөс өмнө шийдвэрээ гаргана гэсэн үг. Нөхөн сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвсэлд батламж олгодог.

 

Харин баримт бичгийн бүрдэл дутуу, баримт бичгээ хуулийн хугацаанд ирүүлээгүй, хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тохиолдолд тухайн нам, эвслийг нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзана.

 

Ямар шаардлага хангасан нам, эвсэл сонгуульд оролцох эрхтэй болдог талаар тодруулна уу?

 

Улсын Дээд шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бүртгүүлсэн намууд нөхөн сонгуульд оролцох эрх нь нээгдэх юм. Түүнээс гадна өмнө оролцсон сонгуулийнхаа зардлын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэхгүй байх хуулийн заалттай. Энэ шаардлага эвсэлд нэгдэн орж буй намд ч мөн адил хамаардаг.

 

Ер нь бол Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн ирүүлсэн баримт бичгийг хүлээн аваад, хуульд нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгаад хуульд заасан ямарваа нэгэн татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд тэдгээр нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, шийдвэр гаргаад бүртгэгдсэн нам, эсвэлд батламж олгодог. Хуулийн зохицуулалт нь товчхондоо ийм байна.

 

                                                                                                                              эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?