ХАКУХОГИЙН СОНГОЛТ БА ДАВХАР ИРГЭНШИЛ...

Сэтгүүлчийн үг

 

Өглөөг өөдрөг мэдээгээр эхлүүлэх сайхан. Өнөөгийн нийгэм, улс төрийн бужигнаан, хэрүүл уруулыг марттал бидний монголчуудаас хэн нэг нь дэлхийд данслагдан товойхыг харах урамтай. Яг л өөрөө эс бөгөөс эрхэм дотны анд, төрсөн ах дүү маань амжилт гаргасан мэт өөдрөг мэдээг урамтай нь аргагүй “шейрлэх” ган донтон мэт...

Өнөөдөр харин халхын их аваргын хүү Монгол Улсын иргэншлээс татгалзлаа гэх жаахан тааруу мэдээгээр сошиал ертөнц давалгаалж өглөөг эхлүүлээ. Өөрөөр хэлбэл, Монголын их аварга Ж.Мөнхбат агсны хүү Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзжээ. Тэрбээр Япон улсын иргэн болох хүсэлтээ Японы талд гаргаж, Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт бүхий албан бичгээ өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. Хуулийн дагуу түүний уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхийг Монгол Улсын Eрөнхийлөгч эцэслэн шийдвэрлэх учиртай.

Энэ талаар Кёкүшюзан Д.Батбаяр, "Хакухо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хакухо М.Даваажаргал аваргын тухайд хэдийгээр ийнхүү япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сумо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй зүйл юм. Сумо бөхийн дэвжээний багш болсон манай Цэвэгням, Дашням болон Хавайн арлын бөхчүүд энэхүү замналаар явсан байдаг. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав  нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг Монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн хүлээн аваарай" хэмээн байр сууриа илэрхийлж...

Жаахан уйтай санагдах... Монголын маань иргэний бүртгэлээс М.Даваажаргал гэдэг хүний нэр хасагдана гэхээр...Үүнтэй зэрэгцэн давхар иргэншлийн асуудлыг нэн яаралтай шийдэж өгмөөр юм байна гэж бодогдох...

Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй. Гэтэл гадаадад аж төрөн суугаа монголчуудын тоо 130 мянгаар яригддаг. Гадаад дахь 130 гаруй мянган монгол иргэн, давхар иргэншлийн асуудлыг зохицуулсан эрх зүйн орчинтой болох саналыг удаа дараа Гадаад харилцааны яаманд илгээдэг ч шийдэлд өнөө хэр хүрээгүй л байна. Үнэндээ Монголдоо ирдэг, ах дүү нартайгаа уулздаг, монголтойгоо хэлхээ холбоотой байхын тулд монгол иргэнээрээ үлдмээр байна гэдэг хүсэлтийг гадаад дахь монголчууд ихээр тавьдаг юм билээ.

Манай улсын харъяатын тухай хуульд гадаадын иргэдийн хүүхэд 16 нас хүрээд өөрөө хүсвэл Монгол Улсын иргэн болох боломжтой. Тэгвэл Японд ч мөн үүнтэй адил. Давхар иргэншлийг манай улс хуулиар зөвшөөрөх юм бол гадаадын олон хүн манай иргэд болж монгол цус үгүй болно гэж шүүмжлэх нь олон байдгаас энэ асуудал хол явдаггүй. Гадаадын орнуудын жишээг үзвэл Чех улс 2014 оноос эхлэн чөлөөт иргэншлийг зөвшөөрсөн.  Өөрөөр хэлбэл өөрийн орны болон бусад хэдэн ч улс орны иргэншилтэй байж болно гэсэн үг. Манай улсын хувьд энэ асуудалд уян хатан хандаж, зөвхөн өөрийн орны иргэдэд давхар иргэншилтэй байхыг зөвшөөрөн зохицуулж болох юм. Гадны иргэнд давхар иргэншил олгохыг зөвшөөрөхгүйгээр шүү дээ... Хакухогоо арлын Японы иргэн гэж дуудуулна гэж бодохоос нэг л харам...

Нэгэнтээ зохиолч Д.Төрмөнх “Яагаад би давхар иргэншил олон эхнэртэй байх хуулийн тухай яриад байдаг вэ гэвэл аварга Ж.Мөнхбатын дараагийн удам Японы иргэн болох учраас л бичээд байдаг юм. 18 хүрээд л Японы иргэн. Тэднийх бас дан иргэншилтэй. Япон якузона …Олон эхнэртэй байж болох хуультай бол монгол бага эхнэр авчихна. Тэгээд монгол ген Монголдоо бас үлдэнэ” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байж билээ. Харин өдгөө их аваргын хүүгийн хүүхдүүд бүү хэл хүү нь өөрөө иргэншлээсээ татгалзчихлаа.

                                                                                                                                        З.Урансүх


 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?