ХОШУУЧ Т.АМАРТОГТОХ: НУРУУ ГУРВАН ДОЛОО ХОНОГООС ДЭЭШ ХУГАЦААГААР ӨВДВӨЛ ЭМЧИД ЯАРАЛТАЙ ХАНД

Сэтгүүлчийн үг

Манай улсын насанд хүрэгчдийн тэн хагас нь нурууны өвчнөөр шаналдаг гэх судалгаа бий. Тэгвэл нурууны өвчнөөс хэрхэн сэргийлэх, эмчлэх талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн их эмч, хошууч Т.Амартогтохтой ярилцлаа.
-Сүүлийн үед залуусын дунд нурууны өвчлөл элбэг болсон. Тиймээс манай уншигчдад энэ өвчлөлийн талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Энэ өвчлөл их залуужих болсон. 20-30 насны залуус нуруу өвдсөн гэх зовиуртай үзүүлдэг болоод байна. Нуруу өвдөх шалтгаан маш их. Хамгийн энгийн шалтгаан нь хөдөлгөөний дутагдал. Мэдээж энэ нь суугаа ажлаас үүдэлтэй. Мөн бодисын солилцооны хямралаас болж нурууны мөгөөрсөн эдийн бүтцэд өөрчлөлт орж хатуурах явдал элбэг байна. Хүний булчин байнгын ажиллагаатай байх ёстой. Нурууны булчин хөдлөхгүй суух үед чангардаг. Чангарсан булчин өвдөлт өгнө. Мөн гадны ямар нэг гэмтлээс болж өвдөх нь ч бий.
-Ажлын байрны онцлогоос шалтгаалсан нурууны өвчлөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?  
-Өглөө 08.00 цагаас орой 17.00 цаг хүртэл ажил хийж байгаа хүмүүс удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууснаар хөдөлгөөний дутагдалд ордог. Нөгөө талаар биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс хэт их хүнд зүйлийг буруу өргөснөөс болж нуруугаа өвчлүүлдэг. Хүнд зүйл өргөхөд хүртэл зөв техник байх хэрэгтэй. Тухайлбал, хүнд зүйл өргөхдөө өвдгөө хагас нугалж аль болох бөхийхгүй нуруугаа цэх байлгах ёстой. Хүмүүс хүнд юм огцом өргөж нуруундаа юм оруулчихлаа гэж маш их ирдэг. Энэ нь мэдээж буруу өргөлтөөс болж булчингаа чангаруулсан хэрэг. Тиймээс зөв өргөлт маш чухал.
-Суугаа ажил хийдэг хүмүүс хэрхэн нурууны өвчнөөс сэргийлэх вэ?
-Ажлынхаа зав чөлөөгөөр өдөрт нэгээс дээшгүй удаа нурууны зөөлөн дасгалыг заавал хийж хэвших хэрэгтэй. Зөөлөн дасгал гэдэг нь Монголд сүүлийн үед ихээр дэлгэрээд байгаа иог юм. Иог нь өөрөө зөөлөн чанарын сунгалтын дасгал болдог. Мөн нурууны өвдөлтөөс сэргийлэх энгийн аргууд байдаг. Тухайлбал, суугаа ажил хийдэг бол аль болох хөлөө өвдгөөрөө гуянаас дээш байхаар нугал. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ. Мөн ямар нэгэн зүйл хийж байхдаа нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй байх ёстой. Утсаар ярихдаа ч чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулж болохгүй. Утсаа ингэж удаан хавчуулж ярьснаар  мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг. Түүнчлэн хөлдөө эвтэйхэн өндөр биш өсгийтэй гутал өмс. Ер нь өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг. Нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан суусан бол гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхийж байгаарай гэж зөвлөмөөр байна. Мөн нурууны өвдөлтийг эмчлэхэд эмийн эмчилгээнээс илүү физик эмчилгээ, биеийн тамирын дасгал илүү үр дүнтэй. 
-Бодисын солилцооны өөрчлөлт, амин дэм дутагдсанаас болж өвчлөл үүсдэг гэж та хэллээ. Тэгвэл амин дэмээ юугаар нөхөх вэ?
-Мэдээж шим тэжээл гэдэг нь кальцийн дутагдал. Кальцийг өдөр тутамдаа нөхөхийн тулд сүү, тараг цагаан идээг хэрэглэж хэвших юм. Харин кальцийн солилцоонд оролцдог маш чухал амин дэм нь витамин Д байдаг. Витамин Д-г нарны туяагаар арьсны гадаргуунд нийлэгжүүлж авдаг. Манай улс өөрөө эрс тэс уур амьсгалтай орон. Сүүлийн үед зуны улирал богиносож байгаатай холбоотой нарны туяа бага үзэж байна. Мөн биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийснээр витамин Д бага зэрэг нийлэгждэг. Д дутагдаж байна гэдэг нь нөгөө ясанд очих кальци байхгүй болоод байна гэсэн үг. Бага насны хүүхэд рахит тусч байна гэж ярьдаг. Энэ нь яс зөөлрөн, хөлийн хэлбэр алдагдаж, гавлын заадас нь нимгэрч байгааг хэлдэг. Харин том хүнд илрэхдээ бүх яс нь янгинаж эхэлдэг байна. Тэгэхээр энэ үед эмчид хандаж витамин Д-г нөхөх эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Кальци дутагдаж, яс сийрэгжиж байгаа эсэхдээ хяналт тавих арга байдаг уу?
-Кальцийн хэмжээ тодорхойлох шинжилгээ гэж бий. Үүнийг хийлгэж өөртөө хяналт тавьж болно. Ялангуяа 35-аас дээш насныхан кальциа тодорхойлуулж байх хэрэгтэй.
-Хилчид албанд морин болон тэмээн уналгыг ашигладаг. Мөн хүйтэнд хөрч, халуунд халах нь элбэг. Тиймээс таны зөвлөгөө хэрэгтэй байх?
-Хэт хүйтэн нөхцөл нь нурууны булчинг чангалах нэг шалтгаан болдог. Тиймээс нуруунаасаа даарч болохгүй. Эмээл дээрээ нуруугаа цэхлэлгүй далий суух нь бий. Энэ нь нуруу өвдөх бас нэг шалтгаан.
-Нурууны өвчлөлөөс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ? 
-Нуруу эрүүл байна гэдэг аз жаргалтай эрүүл амьдралын нэг гол зүйл. Яагаад гэвэл нуруу нэгэнт өвдөөд, гэмтээд эхэлчихвэл солих аргагүй шүү дээ. Ер нь нуруунд бага зэрэг зовиур илэрвэл юунаас болоод өвдөөд байна вэ гэдгээ эхлээд мэдэж авах хэрэгтэй. Таны нуруу гурван долоо хоногоос дээш хугацаагаар өвдсөн тохиолдолд эмчид хандах ёстой. Нурууны өвчин нэгэнт даамжраад хүндэрчихвэл удаан хугацаанд зовиуртай явдаг. Тиймээс эмнэлэгт үзүүлж зөвлөгөө аваад тохирсон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. 
                                                                                                                                                               bpo.gov.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?