Б.ЛХАГВАСҮРЭН: "...ЭЛГИЙГ ЧИНЬ НЭВТЛЭН ШИНГЭНЭ, БОРЖГИНЫ БОР ТАЛ МИНЬ"

Сэтгүүлчийн үг

БОРЖГИНЫ БОР ТАЛ

Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүрийг нь залгихад агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь
Тэргэл саран туулж баршгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал
  тал минь
Таанын цагаан толгойноос таатгаруулахгүй цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын сайртай хормой минь
Тэнгэр тийчилж чулуу ханарааж төрөх тал минь чи торго шиг зөөлөн байсан
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимсаа унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан
  чи
Сайран дээр чинь өтөлсөн жигүүртэн тэнгэртээ нөхчихөд
Салхи хөлгөлсөн өд
  чамд дээрээ эргэж буудаг
Ботго үхсэн ингэний борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи залгиж зовлогий нь хугасалж чинэсэн хөхийг амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх зүрхний минь шархнаас хождож анидаг юмаа тал минь
Тугалын бэлчээрээс тоглоом наадуулсан даа чи намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжуудыг чи надад хэлж зүрхлээгүй дээ
Чи намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь хад цойлсон догшин самнай
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хах галын чинь илчит улаан гал намайг бадрангуй болгосон
Сайхан чиний гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээн зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Байдуу мянганы уулсаа дуурайж толгойд
  нь буурал суусан
Багадаа хөхсөн эхийн сүү
  гадагшилахын цагт
Шүлгээ би чам дээрээ хүн чулуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа элгийг чинь нэвтлэн шингэнээ
Боржигоны бор тал минь.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    иргэн [103.212.117.xxx]

    Хайран хүн,хорвоогын жам юмдаа,миний шүтээн болсон та минь эх сайхан эх орондоо элгэн садандаа сайн төрлийг олож төрөх болтугай

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?