УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ЦАГДАН ХОРИХ БИЧИГ ШҮҮХЭД ИРЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Энэ сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн асан П.Гантулгыг цагдан хорих эсэхийг Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцсэн. Улмаар түүнийг цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн билээ. Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулыг "Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар шүүхэд санал хүргүүлсэн аж. Энэ дагуу шүүх хурал явагдаж саналыг хэлэлцсэн юм. Харин Д.Гантулгын хилийн хоригийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Харин өнөөдөр НПГ-аас түүнийг таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ дахин хүчингийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан учраас хорих үндэслэлтэй хэмээн, хорих бичиг Хан-Уул дүүргийн шүүх рүү илгээжээ. Саналыг хэлэлцэх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болох юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан П.Гантулга өнгөрөгч оны 11 сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн “Вива сити” гэх орон сууцны хорооллын нэгэн байранд иргэн 29 настай А-г хүчиндэхийг завдаж, биед нь халдаж гэмтэл учруулсан байдаг. Хохирогч эмэгтэй цагдаад өргөдөл гомдол мэдүүлсэний дагуу уг хэрэг нэгдүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж байгаа аж.

Мөн өнгөрөгч оны 11 сард Д.Гантулга согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осол гаргаж, зөрчлийн хуулиараа жолоодох эрхээ хасуулсан арга хэмжээ авхуулсан байдаг.

Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14,9,1,4-т заасны дагуу гэмт хэрэгт холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ дахин Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн цагдан хорих саналыг шүүх рүү бичгээр хүргүүлж байгаа юм. Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан буюу хувийн батлан даалтад байх хугацаандаа гэмт хэрэг хийсэн бол таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих арга хэмжээгээр солих бичиг ирж байгаа гэсэн үг юм.

Харин Д.Гантулга 29 настай бүсгүйг дарамталж, айлган сүрдүүлэх аргаар мөнгө нэхсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байгаа аж. Д.Гантулгын өмгөөлөгчөөр Г.Батбаяр ажиллаж байгаа бөгөөд түүнтэй холбогдон тодруулга мэдээлэл авах гэсэн боловч боломжгүй гэсэн хариу өгсөн юм.

Д.Гантулгад холбогдох иргэн Ч.Наранзаяг хүчиндсэн гэх хэргийн шүүх хурал өнгөрөгч оны есдүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Хаалттай болсон шүүх хуралд гишүүн асан Д.Гантулга болон хохирогч Ч.Наранзаяа нар оролцож хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан билээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?