Ерөнхийлөгч Монгол Улсын харьяатаас гарах 543 хүний хүсэлтийг шийдвэрлэжээ

Сэтгүүлчийн үг

Чуулганы хуралдаан 56 хувийн ирцтэй үргэлжилж Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг сонсч байна. Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж байна.

Ерөнхийлөгчийн тайланд дурдсанаар нэг жилийн хугацаанд Монгол Улсын харьяат болох 17, харьяатаас гарах хүсэлт 561, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох 104 хүсэлт Ерөнхийлөгчид иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг судалж үзээд зарлиг гаргаж Монгол Улсын харьяатаас гарах 543, харьяат болох гурван хүний хүсэлтийг шийдвэрлэжээ. Бусад хүсэлтийг нь судалж байгаа юм байна.

Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажил, хуулиар олгогдсон хуульд заасан үйл ажиллагааг зохион байгуулж ажилласнаас гадна чуулганы хуралдаанд найман удаа оролцож, зургаан албан тушаалтныг томилох асуудлаар УИХ-тай зөвшилцсөн, шүүх эрх мэдлийн харилцаж ажиллах бүрэн эрхийн хүрээнд 1 шүүгч, 11 шүүгчийг чөлөөлж, 8 шүүгчийг шилжүүлж, томилсон. 38 удаагийн илгээлт олон нийтийн арга хэмжээнд илгээсэн. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд зургаан удаа хуралдаж, 13 тэмдэглэл гаргаж, тусгай чиг үүрэгтэй холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ОХУ, БНХАУ-д айлчилсан, хоёр Элчин сайдыг эгүүлэн татаж, 4 Элчин сайдыг томилсон байна.

Ерөнхийлөгч 2019 онд хоёр хөршдөө айлчлахаас гадна АНУ-д айлчилна. Мөн Энэтхэг улсад айлчлахаар яриа хэлэлцээ хийж байгаа. Халх голын дайны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүүлэхээр ОХУ-тай хамтран ажиллаж байгаа. Комиссын даргаар нь Шадар сайд Ө.Энхтүвшин ажиллаж байгаа. "Роснефть" компанийн 10 сая ам.долларын хандиваар Халх гол сумыг цоо шинээр барьж байгаа. Халх голын дайны 80 жилийн ойн арга хэмжээний үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Монголд айлчилна. Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын сүүлээр БНХАУ-д айлчлал хийж, "Нэг бүс-нэг зам" уулзалтад оролцоно гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ.

Уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын үдээс өмнөх чуулган завсарлалаа. Үдээс хойшхи чуулган 15.00 цагт хуралдах бөгөөд 14.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдахаар тов зарлажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?