Ц.Нямдорж УИХ-ын даргад нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлжээ

Сэтгүүлчийн үг

МАН-ын Удирдах зөвлөл өнөө, маргаашгүй хуралдаж УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна. Одоогоор Удирдах зөвлөлийн хуралдааны цаг зарлагдаагүй байгаа ч маргаашнаас хэтрэхгүй хуралдана.

МАН УИХ-ын даргыг Сар шинийн баяраас өмнө томилох төлөвлөгөөтэй байгаа ч Удирдах зөвлөл хуралдаж чадахгүй удаж буй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад хэнийг дэмжихээ тодорхой болгоогүйтэй холбоотой.

Өнөөдөр өглөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад горилогчидтой уулзсан гэх мэдээлэл гарчээ. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүд оролцсон аж. Эдгээр гишүүдтэй өрсөлдөж буй нэг хүн нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэдий ч тэрбээр уг уулзалтад оролцоогүй байна.

Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нарын хувьд УИХ-ын дарга болохын тулд гишүүдтэй уулзалт хийж нэлээн идэвхтэй “гүйж” байгаа гэх мэдээлэл бий. Харин М.Энхболдын талаас УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэвшүүлэх хүсэлтэй байна. С.Бямбацогтын хувьд хэд, хэдэн чухал хуулийг батлуулсан, бүлгийн даргаа хийсэн шиг хийсэн мөн элдэв хэрэгт нэр холбогдоогүй учраас нэрийг нь дэвшүүлэх аж.

Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх хүмүүсээс Хууль зүйн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарыг сонгох магадлал хамгийн өндөр байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд яригдаж байна. Өнөөдөр өглөөний уулзалтаас ямар нэгэн үр дүн гараагүй бөгөөд Удирдах зөвлөлийн хурлаар бүх зүйл тодорхой болох юм.

Ямартай ч УИХ-ын шинэ даргыг Сар шинийн баяраас өмнө томилохоор ажиллаж буй бөгөөд энэ бямба гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Бямба гаригийг ажлын өдөр болгосон нь ч үүнтэй холбоотой. М.Энхболд өөрийн цахим хуудсаар “Цагаан сараас өмнө УИХ шинэ даргатай болно” гэж мэдэгдсэн нь зүгээр нэг хэлсэн үг биш юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?