Ж.БАТЗАНДАН: ҮНЭТ ЗҮЙЛСИЙНХЭЭ ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ

Сэтгүүлчийн үг

 

МАНАН дэглэмийн барьцаанаас орд газруудаа буцааж авахын төлөө, төрт ёс, УИХ-аа салгахын төлөө, МАНАНд барьцаалагдсан шудага ёсоо сэргээхийн тулд өнөөдөр эзэн Чингисийнхээ талбайд илүү олуулаа хуран цугласан Монгол түмэндээ баярлалаа.

Энэхүү тэмцлийг дэмжиж, Америк, Швед, Швейцарь, Бельги, Герман, Англи, Япон гээд дэлхийн олон оронд амьдарч буй элэг нэгт монголчууд маань бидэнтэй эв санаагаа нэгтгэж, фэйсбүүкээр шууд холбогдон, үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Мөн хөдөө орон нутагт амьдран суугаа монголчууд маань газрын хол, усны уртыг ажралгүй улсын нийслэл Улаанбаатартаа хүрэлцэн ирж, өнөөдрийн жагсаалд нэгдэж байна. Тухайлбал, Өмнөговь, Завхан, Дорнод, Сүхбаатар, Увс гээд нийт 10 гаруй аймгаас олон зуун хүн иржээ. Тэд орон нутгийн эрх мэдэл, баялгийг МАНАН бүлэглэл булаагаад авсан тухай ярьж байна. Өмнөговийн Гурвантэсээс ирсэн иргэд сум нь 10 гаруй том уурхайтай, 10 орчим тэрбум долларын экспорт хийсэн ч ард түмний амьдрал сайжирсангүй, МАНАНгийн бүлэглэлийн гишүүдийг л санхүүжүүлдэг болсон тухай ярьж байна. ТЭД ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮСЧ БАЙНА. Дорнод аймгийн Матад, Халхгол сумынхан төлөөлөгчөө илгээжээ. Газрын тос олборлож эхэлснээс хойш бараг 20 жил өнгөрөхөд байгаль орчин сүйрч, иргэд нь нутагтаа эзэн шиг амьдрах боломжгүй болж байгаа талаар тэд ярьж байна. Хамгийн баян сумын иргэд хамгийн ядуу амьдарч байгаад тэд бухимдаж байна. Газрын баялгийн үр ашиг сум, орон нутгийн иргэдэд очихгүй байгаагийн тод жишээ бол энэ. Иргэд олон зүйл төр засгаасаа шаардаагүй ээ. ТЭД ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, АРД ТҮМНЭЭ НЭГДҮГЭЭРТ ТАВЬДАГ ШУДАРГА ТӨРИЙГ Л ХҮСЧ БАЙНА.

Өнөөдөр энэ талбайд ээжүүд, эхчүүд, аавууд олнооороо харагдаж байна. Тэд ХҮҮХДҮҮД МИНЬ УТААГААР БИШ АГААРААР АМЬСГАЛДАГ БАЙГААСАЙ гэж хүсч байна. Хүүхдүүд эмнэлгийн шалан дээр биш, орон дээр хэвтдэг байхыг хүсч байна. Хүүхдийн хоол, эмний мөнгөнөөс бүү хороогооч, тоглоомын талбайг битгий дээрэмдээч гэж хүсч байна.

Өнөөдөр бизнес эрхлэгчид бас олноороо хүрэлцэн ирсэн. Тэд зүгээр л бизнесийн шударга орчныг хүсч байна. БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ДЭЭРЭМДДЭГ БИШ ДЭМЖДЭГ ТӨРТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА. Сайдын дүү, даргын эхнэрийн бизнестэй өрсөлдөх амаргүй байна гэж тэд хэлж байна. Хууль хяналтын систем нь өөрөө хулгай дээрмийн систем боллоо гэж тэд үгээ хэлж байна. МАНАНгийн гарт буй баннкуудын 20-30 хүүтэй зээл нь монголчуудыг санхүүгийн дарамтанд оруулж, өрсөлдөх чадварыг үгүй хийж байна. МАНАН бүлэглэл монголчуудын хөлд нь тушаа, гарт нь гав, толгойд нь дөнгө углачихсан байна.

Сүүлийн арав гаруй жилийн дотор утааг арилгах нэрийдлээр нийт 800 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Харамсалтай нь УТАА НЭМЭГДЭЖ, АМЬДРАЛ ХҮНДЭРСЭЭР байгаа нь МАНАН бүлэглэлийн БИЗНЕС л байж.

Монгол түмэн төрт ёс, хууль цаазын асар баян уламжлалтай ард түмэн. Бид төрт улс хэзээ мөхдгийг, хэрхэн босдгийг мэднэ. Тухайлбал, Түргийн Билэг хаан эмс хатад нь хормойгоо, ХААД НОЁД НЬ ТОЛГОЙГОО АЛДСАН үед Түрэг улс МӨХӨВ хэмээн захиж үлдээсэн байдаг. Монголын ноёд нэг бус удаа үндэстний үнэт зүйлээ гээж, торго дурдан, отго жинсийг шүтсэн үедээ баларч байсан.

Монголын тусгаар тогтнол бол монголын үнэт зүйл билээ. Үндэсний эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс ч гэсэн монголчуудын үнэт зүйл мөн. Уламжлалт соёл, уртын дуу, монгол нутаг, морин хуур бидний үнэт зүйл. Ирэх цагийн эзэд, ирээдүй болсон хүүхдүүд, ахмад буурлуудын алтан сургааль, үлдээсэн өв бүхэн бидний үнэт зүйл билээ. Үнэт зүйлээ хайрладаг, хамгаалдаг ард түмэн илүү үнэтэй болдог оо. Өөрийнхөө үнэт зүйлийг үнэгүйдүүлж, бусдын үнэгүй зүйлээр үнэт зүйл хийх гэж оролдох нь үндэстнийг сулруулдаг бөгөөд мөхөлд хүргэдэг.

Бид монголын төрийг монгол үндэстний үнэт зүйлийг хамгаал, бэхжүүл, монгол түмнийг хүчирхэг болго, хөгжилд хүргэ гэж сонгодог. Харамсалтай нь бидний сонгосон, томилсон албан тушаалтнууд бидний үнэт зүйлийг гутаан доромжилж, монголын сайн сайхны эсрэг ажилладаг боллоо. Монголын төрс ёс, үнэт зүйлийг тэд бэхжүүлэх биш сулруулж байна. Монгол түмний амьдралыг тэд хөгжүүлэх биш хөгжлийг нь чөдөрлөж гацааж байна. Төрийн албыг зарах нь монголын үнэт зүйлийн эсрэг гэмт хэрэг билээ.
Хэдхэн гэр бүл баялаг ордуудаас ашиг хүртэж, олонх нь ядуурч байна. Хувийнхаа төмөр замыг улсын төсөвт 4 нугалж шахаж байгааг, хувийнхаа нүүрсний замыг улсын төсөвт хоёр нугалан зарж, ашиг олж байгааг, улсын мөнгө, төсвийн хөрөнгийг хувийн банкаараа дамжуулж, 20-30 хувьтай хүүлж байгааг бид хүлцэн тэвчээд байж болохгүй. Эрх мэдлээ нийгмийн тэгш шударга байдлын төлөө бус давуу эрхийн төлөө ашиглах нь, ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ амьсгалах агаар, идэх хоолноос нь хулгай хийх нь монголын үнэт зүйлийн эсрэг гэмт үйлдэл юм.

Эрхэм журмын нөхөд өө, монголын үнэт зүйлсийг гутаан доромжилж байгаа үйлдэл, эс үйлдлэл бүхэнтэй бид тэмцэх ёстой.

Бид олон жил тэвчсэн, одоо хангалттай. Тайван замаар, хуулийн хүрээнд, үнэт зүйлсийн хувьсгалаа хийцгээе. Үнэгүйдэж байгаа монгол бүрийг ҮНЭТЭЙ болгохын төлөө хамтдаа тэмцэцгээе.

СЭРСЭН МОНГОЛ ЯЛСАН МОНГОЛ БОЛНО ГЭДЭГТ БИ ИТГЭЖ БАЙНА.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?