Б.СҮХБААТАР: ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД СЭМ ХИЙ, СЭМ АВ ГЭСЭН АРГАЧЛАЛЫГ АШИГЛАЖ БАЙГАА

Сэтгүүлчийн үг

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатартай ярилцлаа.


-Монгол Улсын хилээр хар тамхины төрлийн бодис хэрхэн нэвтэрч байна вэ. Сүүлийн үед арга нь улам л нарийсаад байна гэх юм?

-Хууль бусаар улсын хил нэвтрүүлж байгаа аргачлалыг нь нарийн яримааргүй байна. Учир нь нөгөө талаараа гэмт хэрэгтнүүдэд аргачлалыг нь зааж өгөх, сэдэлжүүлэх сөрөг нөлөөтэй. Ер нь урьд жилүүдэд өмнөд хөрш рүү эсвэл зүүн өмнөд Азийн зарим улс орнууд руу зорчсон монгол иргэд хувийн эд зүйл, ачаа тээш, гаднын улсаас худалдаж авсан бараа, эд зүйлээ нуувч болгон ашиглаж, хар тамхины төрлийн зүйлийг нууж нэвтрүүлэх хандлага их гардаг байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд ихэвчлэн биеэс тусдаа ачаа буюу карго илгээмж, олон улсын бухиа шуудан, бичиг захидал ашиглан мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх хандлага нэмэгдэж байгаа. Хэдийгээр өөрийн биеэр улсын хилээр тээвэрлэн оруулж ирээгүй ч бичиг, захидлаар дамжуулан гадаад улсаас мансууруулах бодис захиалан түүнийгээ хүлээж авах нь яг адилхан эрүүгийн ял хүлээдэг юм.

-Хар тамхитай холбоотой эрх зүйн орчны тухайд?

-Мансууруулах бодистой холбоотой ялын заалт нь Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 20.7 дугаар зүйлд тодорхой заагдсан байдаг. Ер нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан бол 2-8 жил хүртэлх хугацаанд хорих ялтай байдаг.

-Ялын тухайд хэтэрхий хөнгөн байна. Ийм болохоор хар тамхитай холбоотой хэрэг зөрчил гааль дээр илүү нэмэгдээд буй гэдэг зүйл яригдаж байгаа шүү дээ?

-Манай өмнөд болон хойш хөрш орнууд хар тамхи хэрэглэгч, үүнтэй холбоотой гэмт хэргийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг. Эдгээр улсууд хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд ял, хариуцлагын бодлогыг чухлаар авч үздэг. Би судлаач хүнийхээ хувьд хэлэхэд, Монгол Улсад хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт оноож байгаа ял харьцангуй хөнгөн. Тийм ч учраас хоёр хөршөөс манай улс руу чиглэсэн хар тамхи, мансууруулах бодисын нийлүүлэлт нэмэгдэж байна. Ганц, хоёр удаагийн явалтаар аз туршаад хар тамхи тээвэрлээд баригдахгүй үлдэж магадгүй гэж хөнгөмсөгөөр найдсан хүмүүс хуулийн заалтыг ашиглан олон удаагийн гэмт хэргээс мултрах боломжтой байдалтай байгаа.

-Нэг жилд хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хичнээн тооны гэмт хэрэг гааль дээр бүртгэгдэж байгаа вэ?

-2010-2016 оны хугацаанд нийтдээ 9.7 кг мансууруулах бодисыг гаалийн улсын байцаагчид хяналт шалгалтаар илрүүлж, гэмт үйлдлийг нь таслан зогсоосон байдаг. 2017 оны байдлаар нийтдээ 200 гаруй грамм мансууруулах бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлэхээр завдсан. Энэ нь 19 холбогдогчтой 11 удаагийн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн гэсэн үг. Харин энэ оны яг одоогийн байдлаар нийт 15 удаагийн үйлдлийг илрүүлж, 250 гаруй грамм мансууруулах бодис байж болзошгүй сэтгэцэд нөлөөлөх зүйлийг хурааж авсан.

-Хэдэн насныхан хар тамхитай холбоотой гэмт хэргийн холбогдогч болж байна вэ?

-Гааль дээр бүртгэгдэж байгаа зөрчил, гэмт хэргийн байдлаас харахад ихэвчлэн 20-30 насны хүмүүс холбогдогч болоод байна. Харин хүйсийн байдал нь 50:50 хувьтай байгаа.

-Хар тамхи тээвэрлэж яваа хүнийг гаднаас нь хараад мэдэх боломж байдаг уу?

-Гаалийн байгууллагад ашиглаж байгаа арга хэрэгслийн нэг нь эрсдэлийн менежмэнт. Энэ нь биедээ хар тамхи залгичихсан, ачаа тээшиндээ мансууруулах бодис авч яваа зоригчдыг бусад хүмүүсээс ялган таних тухай гэсэн үг. Гаднах байдлаас нь биеэ хэрхэн авч яваа, бусад хүмүүстэй хэрхэн харилцаж, асуулт тавихад хэрхэн хариулж байгаа зэргийг ажиглах нарийн ажиллагаа байдаг.

-Иргэд өөрсдийн мэдэлгүй хар тамхи тээвэрлэгч болчихсон тохиолдол байдаг уу?

-Ер нь бол байдаг. Тиймээс иргэд гадаад улсад зорчихдоо бусдын дайвар ачааг авахгүй байх, авсан тохиолдолд өөрийн биеэр шалгаж үзэх хэрэгтэй. Мөн хар тамхины гэмт хэрэгтнүүд сэм хий, сэм ав гэсэн аргачлалыг ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, зорчигчдын анхаарал суларсан үеийг далимдуулан цүнх, халаасанд нь сэм хийчихээд гаалийн үзлэг өнгөрөхөд буцаагаад сэмхэн авдаг гэсэн үг. Мөн гадаад худалдаа хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн ачаа бараан дунд мансууруулах бодис нууж, хилээр нэвтрүүлэх зөрчил ажиглагдаж байгаа. Иймд гаднын улсаас бараа, бүтээгдэхүүн импортолдог хуулийн этгээд өөрсдийн ачаа барааг чингэлэгээр авч байгаа тохиолдолд нарийн хяналт тавих хэрэгтэй байна гэв.

-Хар тамхи гэдэг нь өөрөө ашигтай бизнес, тиймээс хүчний байгууллагынхан өөрсдөө энэ төрлийн гэмт хэрэгт орооцолддог гэдэг зүйл яригддаг. Ер нь ийм тохиолдол байдаг юм болов уу?

-Хуулийг хэрэгжүүлэгч аль ч байгууллагын алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямархуу байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч Б.Мандуухайгаас тодрууллаа.

-Хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямархуу байна вэ?

-2018 оны 12 сарын байдлаар нийт 197 хэрэгт 402 хүн холбогдон шалгагдаж байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 60 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй гарч буй. Гэхдээ тоон үзүүлэлтийн хувьд өссөн нь гэмт хэргийн илрүүлэлт, ажиллагаа ихэссэнтэй мөн холбоотой.

-Монгол Улс дамжин өнгөрөгч орон байсан бол одоо хэрэглэгч орон болсон. Харин цаашдаа донтогч орон болох эрсдэл хэр их байна вэ?

-Одоогоос таван жилийн өмнө дамжин өнгөрөгч оронд тооцогддог байсан бол одоо монгол иргэд өөр улс оронд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон саатуулагдаж, улсын хилээр нэвтрүүлэх гэж оролдож, хэрэглэж, хадгалж, зарж борлуулж байна. Одоогийн байдлаас харахад энэ төрлийн гэмт хэргийг хууль хэрэгжүүлэгч байгууллагууд хяналтдаа байлгаж, чадаж байгаа. Энэ эрчээрээ цаашид ажиллавал хар тамхитай холбоотой гэмт хэргийг хяналтдаа байлгах боломжтой. Гэхдээ бүх зүйл нээлттэй болсон энэ үед залуус интернэтээр хүссэн зүйлээ захиалж, шуудан, илгээмжээр авах боломж бүрдсэн. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн арга улам нарийн болж байна. Үүнийг дагаад алба хаагчдынхаа ур чадварыг сайжруулах хэрэгтэй. Мөн эцэг эхийн оролцоо чухал байна.

-ЕБС-ийн хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг болов уу?

-Хэрэглэгчийн дунд дунд, ахлах ангийнхан болон их сургуулийн нэг, хоёрдугаар курсийнхэн байдаг. 16-20 насныхан нь юманд хөнгөн хийсвэр, сониучаар ханддаг. Хар тамхийг кинонд гардаг шигээр төсөөлж, гоё, сайхан таашаал авах юм шиг ойлгодог. Гэтэл бодит байдал дээрээ сэтгэцийг дарангуйлж байдаг бодис. Үүнийг нь ашиглан энэ насны хүүхдүүдийг хар тамхины донтогч болгоход чиглэсэн бүлэг этгээдүүд бий болсон. Тухайлбал, эхний хэдэн удаадаа хүүхдүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг үнэгүй өгч, хэрэглүүлдэг. Улмаар донтогч болгож, тэд байнгын худалдан авагчаа болгох сонирхолтой байдаг. Ийм арга ашиглан, хэрэг үйлддэг этгээд байдаг учир эцэг эхчүүд хүүхдээ үгүй гэж хэлж сургахад анхаарах хэрэгтэй.

-Хар тамхи хэрэглэсэн хүнд ямар шинж илэрдэг юм бол?

-Хэрэглэсэн бодисоороо хамааран хүний биед үзүүлэх нөлөөлөл нь ондоо. Тухайлбал, тайвшруулагч каннабисын төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд нойр хүрэх, хэт тайвшрах нөлөө үзүүлдэг бол сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн бол үг яриа ихсэн, сэргэлэн цовоо болох, нойр хүрэхгүй байх шинжтэй. Харин хүний биед гардаг ерөнхий шинжийн тухайд, хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн хоолны дуршил огцом өөрчлөгддөг. Заримдаа хэт их хоол идэх, эсвэл ерөөсөө хоол идэхгүй байх зэрэг өөрчлөлт гардаг. Мөн өвдөж, зовсон зүйл байхгүй хэрнээ шалтгаангүй турдаг, магадгүй өдрийн цагаар хэт их унтаад, шөнө нь огт унтахгүй, энэ нь хэдэн шөнө үргэлжилбэл анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хар тамхи хэрэглэсэн даруйд хүүхэн хараа өргөсөх, эсвэл нарийссан байдаг. Мансууруулах бодисыг нэлээн удаан хугацаанд хэрэглэсэн хүмүүсийн царай нь үнсэн саарал болох, нүдний доогуур хөх туяа татаж, арьсан дээр битэг, идээт үрэвсэл гарах шинж илэрдэг. Хар тамхийг удаан хэрэглэвэл удмын санд нөлөөлж, генийн өөрчлөлтөд оруулдаг. Гэхдээ турж эцсэн, хоолноос гараад байгаа хүн болгоныг хар тамхи хэрэглээд байна гэж ойлгож болохгүй.

-Хар тамхины хэрэгт холбогдогсдын дунд донтолтын шинжтэй хэр их хүн байна вэ?

-Манай дээр хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн тодорхой хувь нь донтолттой. Албадан эмчилгээ хийлгэдэг. Мансууруулах сэтгэцэд нөлөөлт бодис хэрэглэсэн, хэрэгт холбогдсдын 70-80 хувь нь идэр насныхан. Хамгийн залуу нь 13 настай бол ахмад нь 60 гаруй насны хүн байсан.

-Биткойноор төлбөрөө хийж, хар тамхи зөөвөрлөж байна гэсэн. Энэ талаар?

-Сүүлийн үед олон улсын шуудан илгээмжийн ашиглан хар тамхийг хил нэвтрүүлэх хэрэг үйлдэгдэж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь худалдагч, худалдан авагч хоёр нэгнийхээ царайг харахгүй байх тохиолдол бий. Гараас гарт бус гуравдагч эсвэл дөрөвдөгч этгээдээр дамжуулагдан наймаалцдаг. Үүнээс гадна экспресс банкаар үйлчлүүлэх үед тань “картаа мартсан” гэх шалтгаар их хэмжээний мөнгө шилжүүлж өгөхийг гуйж байгаа хүний үгэнд хэзээ ч битгий итгээрэй. Мансууруулах бодис, хар тамхи худалдан авч байгаа хүн хэзээ ч өөрийнхөө данс, нэрийг ашигладаггүй. Тиймээс гэмт хэрэгтнүүд ийм арга хэрэглэж, гэмгүй хүнийг хэрэгтэн болгож байгааг үгүйсгэхгүй.

                                                                                                                                      З.МӨНХСУВД     "ӨДРИЙН СОНИН"



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?