ТҮДГЭЛЗСЭН АУДИТОР Д.ХҮРЭЛБААТАР ТӨРИЙН МӨНГӨӨР ГАРАА УГААСААР БАЙХ УУ?

Сэтгүүлчийн үг

Чоно борооноор гэдэг шиг төр хямрах цагаар төрийн хууль зөрчиж, төсвийн мөнгөөр гараа угаасан үйлдэл оны өмнөхөн гарсан тухай эх сурвалж мэдээллээ.

УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж байдаг Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон гэдгээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлвэл Монгол төр төсвийн мөнгөө хулгайчаар мануулж байснаа оройтсон ч гэсэн ойлгосон болох нь сайн хэрэг. Гэсэн хэдий ч УИХ огцруулах бус түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь дахиад л хэрэг мандах нөхцөлийг бүрдүүлсэн нь харамсалтай.

УИХ-аар огцруулах биш, түдгэлзүүлэх шийдвэр гаргуулж чадсан энэ нөхөр бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлж, нөлөөгөө хэвээр хадгалж байгааг эх сурвалж хэлэв. Тэрээр шинэ жилийн бялуу болгож Үндэсний аудитын газрын өөрийн талын дарга нарыг 3,9 тэрбум төгрөгөөр шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулжээ. Сангийн яамны мөнгө илүүдсэндээ тэрүү, эсвэл элдэв улстөржсөн зохиомол хэрэг угаасан гэж тэр үү, шалгах л хэрэгтэй хэмээн олон нийтийн сүлжээгээр шуугиж байна. Хамгийн бага шагнал авсан нь 15-20 сая төгрөг болж байгаа мэдээ байна. Шагналаа голж, нэг нэгэнтэйгээ барьцаад хэл ам гарч, хэрүүл шуугиан болж байгаа тухай дуулиан дэгдсэн нь төрд итгэх түмний итгэлийг улам бүр хүчгүйдүүлсээр. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Д.Хүрэлбаатарыг Ерөнхий Аудиторын албан тушаалаас огцрууллаа.” гэсэн мэдээллийг удаа дараалан явуулсан нь хүмүүсийг төөрөгдөлд оруулсан зориудын “тархи угаалт” байжээ.

 “Огцрох” ба “түдгэлзэх” бол хууль зүйн өөр үр дагавартай, хоорондоо эрс ялгаатай ойлголт юм. ЖДҮ сангаас зээл авсан албан тушаалтан бүртэй  хариуцлага тооцохыг иргэд, олон нийт хатуу шаардаж, жагсаал, цуглаан зохион байгуулж, жигшил зэвүүцлээ илэрхийлсээр,ЖДҮ-гийн хэрэг УИХ,Засгийн газрын хямралын гол цэг болов.  Ажил хариуцсан сайдыг нь ёс зүйн хариуцлага хүлээлгэж УИХ албан тушаалаас нь чөлөөлсөн бол АТГ гэм бурууг нь тогтоохоор шалгаж байгаа.

Харин ЖДҮ санг төрийн нэрийн өмнөөс шалгадаг гол төрийн өндөр албан тушаалтан  Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатарыг өөрийн 100 хувийн өмчлөлийн компани дээрээ ЖДҮ сангаас зээл авсан хэрэг явдалтай нь холбогдуулан албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаснаар УИХ түүний ёс зүйн хариуцлагаас бултаж, албан тушаалдаа хэвээр үлдэх санаархлыг баталгаажуулсан хэрэг болсон юм. Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатарын хувьд УИХ-ын дарга юуны түрүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж ажлаа өгөх шаардлагыг түүнд тавьсныг, тэрээр уг шаардлагыг хүлээн зөвшөөрч өргөдлөө өгье гэж хэлэхийг бид телевизийн бүх сувгын мэдээллээс тэр даруйд нь тодорхой харсан. Түүнээс хойш Д.Хүрэлбаатарын талаарх бүх мэдээлэл хаалттай болж өнөөдрийг хүрлээ. Түүнийг хуулийнхан хэрхэн шалгаж, ямар үр дүн гарсан нь хэнд ч хаалттай, тэрээр нууц байдлаар албан ажлаа хийсээр байна. Албан тушаалаас нь түдгэлзүүлсэн УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр байгаа ч Хүрэлбаатарт үйлчлэхгүй байна. Тэрээр ажил дээрээ бүтэн цагаар ажиллаж, аудитын тайлантай танилцаж, үүрэг даалгавар өгч, боловсон хүчний томилгоо хийж, албан уулзалтууд хийж байна.

Өөрөө дагуулж ирээд туслахаа хийлгэж байснаа Нийслэлийн аудитын газарт шилжүүлэн ажиллуулсан, төрийн ажлын болон аудитын бүтэн 2 жилийн туршлагагүй Мөнх-Очир гэгчийг Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр томилуулж байна. Томилуулж гэхийн учир нь тэрээр өөрөө тушаал гаргах эрхгүй “түдгэлзсэн” ч ийм шийдвэр гаргуулж байна.  Тэгвэл ТВ-ийн урсдаг зарууд, зарим сайтууд, нийгмийн сүлжээгээр түүнийг “огцрууллаа” гэсэн мэдээллийг яагаад явуулаад байсан бэ? Зориудын захиалгатай үйлдэл үү? Хэвлэл мэдээллийнхэн огцрох ба түдгэлзэхийн ялгааг мэддэггүй юм уу?  Хариуцлага нэхэж байгаа олон нийтээс айсандаа тэднийг тайвшируулахын тулд Д.Хүрэлбаатар болон түүнийг хаацайлагчдын хийж байгаа зориудын үйлдэл үү? гэсэн асуултуудад хариулт хайх шаардлагатай болж байна. Үүнтэй холбогдуулан дараахь нөхцөл байдлыг тодруулж олон нийтэд толилуулах  нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор бол албан тушаалын ТӨА-4 зэрэглэлээр эрэмблэгддэг,  УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг төрийн өндөр албан тушаалтан. Тэрээр төрийн өмч, хөрөнгийн, үүний дотор төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, түүний үр дүнд аудитын хяналт тавьж, ажлаа УИХ-ын өмнө хариуцаж тайлагнадаг цорын ганц өндөр дээд албан тушаалтан юм. Тэгэхээр ЖДҮ сангийн зарцуулалт, үр дүнд хяналт тавьдаг гол албан тушаалтан бол Ерөнхий аудитор байх нь. Тийм учраас Улсын Ерөнхий Аудитороор ажиллах хүнд тавигдах шаардлагыг хуулиар тогтоосон байдаг. Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар ХОМ-тээ мэдүүлсэн өөрийн компанидаа ЖДҮ-сангаас зээл авсан хэрэг явдлыг шалгаж шийдвэрлэхэд Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь “...Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах аливаа ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад санхүүгийн сонирхолгүй байх. гэсэн заалт онцгой чухал ач холбогдолтой.

Хуулийн энэ шаардлагад нийцүүлж өөрийн асуудлаа зохицуулах нь тухайн хүний өөрийнх нь ёс зүйтэй холбоотой хувийн хариуцлагын асуудал. Иймээс Д.Хүрэлбаатар Ерөнхий аудитороор томилогдохын өмнө л Цэн стайл компанийхаа өмчлөлийг бусдын нэр дээр шилжүүлэх ёстой байж. Тэрээр энэ үүрэг хариуцлагаа ухамсарлаж хэрэгжүүлэгүй болохыг өрнөж буй үйл явдлууд нотолж байна. Тухайлбал, тэрээр ХОМ-тээ Цэн стайл компаний 100 хувийн өмчлөгч гэж 2017,2018 онд дараалан  мэдүүлсээр ирсэн нь Төрийн аудитын тухай хуулийн дээрх заалтыг удаа дараалан зөрчиж байгаагаа нотолсон баримт болж байна. Компаний 100 хувийн өмчлөгчийн эрх бол тухайн өмчлөгчийн  санхүүгийн бүрэн сонирхлын баталгаа юм.

Ерөнхий Аудитор Д Хүрэлбаатарын 100 хувийн өмчлөлийн Цэн стайл компани ЖДҮ сангаас зээл авчээ. Түүний  өөрийн өмчлөлийн компани өөрийнх нь шалгадаг байгууллагаас зээл авсан хөдлөшгүй баримт. Шууд утгаараа ингэж ойлгогдоно. Компанийг  хэн удирддаг байх нь чухал биш эзэн нь хэн бэ гэдэг нь чухал. Ерөнхий Аудиторын хамаарал бүхий этгээд гэж ярьж болох ах дүүс ч юмуу, аав ээж, үр хүүхдийнх биш, ядаж гэр бүлийнх нь хүнийх ч биш өөрийнх нь 100 хувийн өмчлөлийн компани гэдэг нь чухал.

Тэрээр УИХ-ын даргатай уулзахдаа миний гэр бүлийн хүн ажиллуулдаг, миний гэр бүлийн хүний компани гэж мэлзэхийг бүгд харцгаасан. Бас оёдол эрхлэдэг, жижиг дунд үйлдвэр гэж өөрийгөө зөвтгөхийг оролдох шиг болсон. Эдгээр ч тийм  чухал биш. Ерөнхий Аудитор өөрийнхөө хяналт тавьж шалгадаг байгууллагаас өөрийнхөө компанид зээл авсан үйлдэл  нь л гол чухал асуудал. Ёс зүйн алдаа, ёс зүйн хариуцлага хүлээх гол үндэслэл мөн.

Харин зээл авахад нөлөөлсөн эсэх нь албан тушаалын гэмт хэргийн тухай асуудал, хуулийн хариуцлага хүлээх эсэх тухай асуудал. Гэхдээ Ерөнхий Аудиторын хувьд нөлөөлсөн эсэхийг шалгах, нөлөөлсөн эсэх тухай ярих нь бас л утга, ач холбогдол муутай харагдаж байна. Учир нь өөрийнхөө компанид зээл авах эсэхийг шийдвэрлэдэг гол хүн нь хууль эрх зүйн хувьд тэр өөрөө юм. Өмчийн эзний шийдвэргүйгээр зээл авдаг компани гэж монголд лав байхгүй дээ. Энд жижиг дунд гэдэгт хамаардаг үйлдвэр мөн эсэх нь, зээлээ зориулалтаар нь ашиглаж байгаа эсэх нь  бас л тийм чухал зүйл биш. Иймд Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар өөрийнхөө өмчлөлийн компанид ЖДҮ сангаас зээл авахад нөлөөлсөн эсэхийг шалгах шаардлага байна уу?, Дэндүү ойлгомжтой бусуу? Хуулийн байгууллага юу гэх бол? Харин зээл авсан асуудал нь өөрөө түүний ёс зүйн алдаа.   Түүнийг цаашид энэ албан тушаалыг хаших боломжгүй болгож байгаа ёс зүйн алдаа.  Тиймээс Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатарт хуулийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн байгууллага, шүүхийн шийдэх  асуудал, харин түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь УИХ-ын шийдэх асуудал юм. Энэ удаад УИХ түүнтэй ёс зүйн хариуцлага тооцсонгүй. Нүүрэн дээрээ ЖДҮ-чин гэж хэзээ ч арилхааргүй тод бичсэн Д. Хүрэлбаатарыг цаашид Улсын Ерөнхий Аудитороор ажиллуулах эсэхийг УИХ шийдвэрлэнэ. Хэрхэхийг бид харна. Д.Хүрэлбаатарыг энэ албан тушаалд томилуулсан бөгөөд одоо улайран хаацайлж байгаа гол хүн бол УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н. Энхболд юм. М.Энхболд даргын итгэл дэмжлэгийг хүлээж, нэр нүүр нөмөр нөөлгөнд нь хамгийн олон жил явсан хүн бол Н.Энхболд гэдгийг хүн бүр мэднэ.

Тэр Д.Хүрэлбаатарыг томилуулахдаа ч, саяхан хаацайлж түдгэлзүүлэхдээ ч М.Энхболдын дэргэд үнэнч байсан бол ганцхан сарын дотор бүтэн эргэж, одоо түүнийг огцруулах тэмцлийн тэргүүн эгнээнд жагсаж явна. Тиймд М.Энхболд даргад Д.Хүрэлбаатарыг Н.Энхболдын захиалгаар цаашид хамгаалах уу, эсвэл ЖДҮ-чин Ерөнхий Аудиторт ёс зүйн хариуцлага хүлээлгэх үү  гэдэг асуудал тулгарч байна.

                                                                                                                   zaluu.com

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [122.201.24.xxx]

    аудитын байгууллагад албан тушаалын наймаа хэрээс хэтэрлээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?