ЖДҮ ЯАХ ВЭ, Д.ЖИГЖИДНЯМАА ЯАСАН БЭ?!

Сэтгүүлчийн үг

 

Жирийн иргэдийн бизнесийг дэмжиж Монголд хэдэн мянгаар нь ажлын байр бий болгох байсан ЖДҮ-ийн сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ичгүүр сонжуургүйгээр луйвардсан луйварчдыг өнөөдөр монголчууд бүхэлдээ жигшин зэвүүцэж байна. Гэвч асуудал хуулийн хүрээнд замхрах нь. Учир нь хариуцлага тооцох хуулийн заалтыг нь урьдаж үгүй хийгээд луйвраа эхлүүлсэн болохоор айдгаа авдартаа хийчихсэн маадгар суух нь ичгүүртэй. Энэ сангийн мөнгөнөөс эхнэр нь авсан гэх Зам тээврийн сайд ямартай ч суудлаа өгөх нь тодорхой болох нь. У.Хүрэлсүх ч ард түмнийхээ талд орж Ерөнхий сайдын хувиар төрийн албанд, намын даргын хувиар улс төрд цэвэрлэгээ хийнэ гэдгээ мэдэгсэн. Чадвал сайхан л байна.

Танхимынхаа эсрэг кноп дарсан Боловсролын сайд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхгүй гэдгээ нэгэнтэй мэдэгдсэн. Түүнтэй нэгэн адил өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхгүй гэж мэдэгддэг бас нэгэн хүн бий нь Д.Жигжиднямаа. ЖДҮ-ийн сангийн шуугианд дарагдсан түүний асуудал үнэндээ бага хүүтэй зээл авсан гишүүд, сайд нарыг нийлүүлээд ч илүү гарна. 6 сая 348 мянга 929 ам.доллар. Ийм хэмжээний мөнгөөр түүний хариуцлага яригдах тул цээжлээд аваарай.  

Тэрбумаар яригдах мөнгийг үргүй зүйлд зарцуулсан, олон зуун хүний амь настай холбоотой асуудалд хариуцлагагүй хандсан асуудал гарах тоолонд энэ нэр гардаг ч өнөө хэр нь бул хар чулуу шиг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмд буг болсон хэвээрэй.

Айраг өртөөний ойролцоо суудлын галт тэрэг замаас гарч, түүхэнд байгаагүй аймшигтай осол болж 81 хүний амь нас эрсдэлд ороходБи үйлдлээрээ ч, эс үйлдлээрээ ч энэ осолд буруугүй” гэж хэрээ шиг гуаглаж байсан нь хэвлэлийн хуудаснаа тодхон бий. Гэтэл үнэндээ үеийн ус зайлуулах хоолой нь олон наст ургамал болон бусад хогонд бөглөрч ус зайлуулах боломжгүй болсноор зам угаагдах үндэс болсон гэж мэргэжилтнүүд нь сэмхэн учирлах нь тэр.

 

Өнгөрсөн хавар “Дархан-1” өртөөнд 1080 метртэй салаа зам дээр 1150 метртэй вагоныг багтаах гэж байгаад осол гарсан. Бод доо. Арван литрийн савд 11 литр ус орохгүй гэдэг нь нэмэх хасах үйлдэл үзсэн хүүхдэд хүртэл ойлгомжтой зүйл.

Гэтэл  модон дэр рүү чихэж, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хаагдсан. “ДЦС-4”-д гарсан ослын улмаас нийслэл даяар нэг өдөр тоггүй болоход нисч явсан шувуу буруутай болоод таарсан шиг амьгүй дэр модонд ял “үүрүүлээд” өнгөрсөн.

Осолд дэр мод, байгалийн давшгүй хүчин зүйл буруутай байлаа гэхэд хэдэн тэрбумаар тоологдох хэрэг нь өнөө хэр нь шалгагдаж буй. Д.Жигжиднямаа ОХУ-д актлагдан, ашиглалтаас гарсан 1000 вагоныг хууль зөрчиж, өндөр үнээр оффшор компаниар дамжуулж худалдан авсан нь нэгэнтээ ил болчихсон. Төмрийн хог дээр хаях вагоныг тээвэрлэлт хийнэ гэж өндөр үнээр оффшор бүсээр дамжуулан худалдан авалт Монголд л хийж болдогийн яруу тод жишээ нь яахын аргагүй 1000 вагон.  

Ингээд зогсохгүй амташсан хэрээ 13 дахина гэгчээр зам засварын машиныг ОХУ-аас Домникандын оффшор компаниар дамжуулж авчээ. Ийм машин шаардлагатай юу, шаардлагатай. Гэхдээ гаднаас авах шаардлагагүй, Монгол бий. Өмнө нь МТЗ байгуулагдахад БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр авсан хоёр зам засварын машиныг ашиглаагүй 8 жил УБТЗ хашаанд моралын элэгдэлд оруулж байна. Энэхүү засварын машин байсаар байтал оффшороор дамжуулж дахиад авдаг нь юуны учир байв. АТГ учрыг нь тогтоохоор эл хэргийг шалгаад 2 жил болсон ч таг чиг.

 

Энэ хулгайг таслаагүй байхад 2007 онд 16 суудлын вагоныг Хятадыг “Си-Ар-Ар-Си” компаниас 15,8 тэрбумаар худалдаж авчээ. Энэ вагоныг ашигладаггүй гэхэд хилсдүүлэг болохгүй. Учир нь нэг жил өнжөөд Улаанбаатар-Бээжингийн чиглэлд аялал хийдэг. Сул зогссон жилдээ зуны ачааллын үед хоёр сар ажиллуулбал их юм.

Ийм байтал ашигладаггүй вагоныг завсарт оруулах мэргэн санаа бас гарчээ. Оросын актлагдсан вагоныг ашиглалтын хугацааг нь уртасгаж засварладаг УБТЗ-ын удирдлагууд Хятадын 16 вагоныг өөрсдөө засч чадахгүй гэх нэрээр өнгөрсөн 2018 оны нэгдүгээр сард гэрээ хийж сар хүрэхгүй хугацаанд 6 сая 348 мянга 929 ам.доллар буюу 17 тэрбум гаруй төгрөгөөр Хятадад аваачиж засуулсан. Авсан өртөгөөс нь ч илүү үнэтэй мөнгөөр шүү.  

Будаач будаач гэхэд сахлаа будав гэгчээр мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хийсэн засвар нь будах, 15мм-ийн хана нэмж хийх. Ингээд гүйцээ. Монголд хийж чадахгүй засвар нь тэр. Засвар хийлгэх талаар нэг хуудас гэрээг дүгнэсэн актад нь юу хийсэн талаар тодорхой зүйл алга.

 

Уг нь УБТЗ-ын Засвар хийх аргачлалаар гэмтлийн актыг тогтоох ёстой. Тухайн гэмтэлийн актад үндэслэж Монголд болоод гадаадад засварлах эсэхийг нь шийддэг. Үүнээс үнийн дүн тодорхой болдог. Дараа нь тайланд нарийвчилж тусгадаг байтал бүгдийг нь алгасаад авсан үнээсээ ч илүү мөнгөн дүнгээр засвар нэртээ “хандив” өргөжээ. Салбарын сайд нь УБТЗ-д яамны шалгалт хийлгүүлэх болоход сая гэмтлийн акт болон засвар тайланг нөхөж хийж эхэлсэн аж. 17 тэрбумаар цоо шинэ 16 вагон худалдаж авах боломжтой.

Асуудлыг шийдэж, хариуцлага тооцох ёстой салбарын сайд нь салбараа дөнгөж гадарлахтайгаа болох гэж байтал сайн эхнэрийнхээ ачаар суудлаа өгөөд холдох нь.

 

УБТЗ-ын удирдлага дахиад дураараа дургих боломж нь гарч иржээ.

Томилогдоод хоёрхон жил болсон Д.Жигжиднямаа энэ хугацаанд 1000 актлагдсан вагон, зам засварын машин, 17 чингэлэг гэдэг шиг 16 вагоны гээд хэдэн арван тэрбумаар яригдах “цавчаа” үргэлжилсээр.

 

Одоо эндээс л төрийн албаны цэвэрлэгээгээ хийвэл яасан юм бэ, Ерөнхий сайд аа. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа таныг цэвэрлэх гэсээр байтал бульхай, луйвраа цэвэрлээд, улсын сан хоосроод дуусах вий дээ.

Тиймээс л “Өглөө” кинонд жанжин Д.Сүхбаатар “Биш ээ, жинхэнэ эзнийг нь, цаана байгаа эзнийг нь ол” гэдэг шиг энэ нөхрөөс их цэвэрлэгээгээ эхлүүлбэл яасан юм бэ? АТГ-ыг хүлээвэл ардын засгийн нас хүрэхгүй л болов уу?

Хаана байа хариуцлага. Ард түмэн чинь хүлээсээр.

                                                                                                                  эх сурвалж: Өнөөдөр сонин

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?