ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН 3 ВАГОН ОСОЛДСОН ХЭРГИЙН КАМЕРЫН БИЧЛЭГ ХААЧИВ?

Сэтгүүлчийн үг

“УБТЗ” ХХН-тэй холбоотой олон хэрэг ар араасаа гарч, нийгмийн анхаарлыг татаж байсан билээ. Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 12-ны өглөө үүрээр 05.00 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Цомог” зөрлөгөөс Айраг өртөө орох гол замд 747 дугаар км-ийн есдүгээр зуутад “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаартай зорчигч тээврийн галт тэрэг осолдож, зорчигчийн гурван вагон замаас гарч онхолдсон ноцтой осол гарсан билээ. Золоор хүний амь эрсдээгүй ч энэ ослын улмаас сэргээн босголт явуулах, зорчигчийн вагонд явж байсан иргэдэд тэтгэмж олгох зэргээр асар их зардал, хөрөнгө зарцуулсан байдаг. Тухайн үед УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нар мэдэгдэл хийж, ослыг цэвэр байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үерийн уснаас болсон хэмээн мэдэгдэж байлаа. 


Гэтэл нөхцөл байдал өөр байсныг өнгөрөгч аравдугаар сарын 18-нд гарсан шинжээчийн дүгнэлт нотолж байгаа аж. Хэрэг гарсны дараа Д.Жигжиднямаа дарга 15-ны өдөр сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө “Ослын гол шалтгаан нь үер уснаас болсон гэдэг дүгнэлт гарсан. Хүний хүчин зүйлээс болоогүй учраас би хэн нэгэн болон өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж бодож байгаа” хэмээн ярьж байжээ. Тэгвэл Зам тээвэр, хөгжлийн яамны ЗТХХ-ийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч М-ын гаргасан шинжээчийн дүгнэлтэд олон ноцтой зүйлсийг бичсэн байдаг. Тухайлбал, хэргийн газарт анхны үзлэг хийхээр очсон цагдаагийн албан хаагчид төмөр замын ажилтнуудад мэргэжлийн зөвлөмж дутуу өгснөөс үүдэж газар дээр нь зайлшгүй үйлдэх байсан хэд хэдэн зураглал, анхны акт үйлдэгдээгүй байна. Цаашлаад, галт тэрэгний кабины болон гадны хяналтын камерийн бичлэгийн хуурц­гийг программ хангам­жийн ажилтнаар зориуд гэмтээлгэсэн байж болзошгүй, тус байгууллагын Тээврийн аюулгүй байдал хариуцсан Замын орлогч дарга, “Төмөр замын дохиолол холбооны инженер” мэргэжилтэй Ц-ын буруутай үйлдлээс шалтгаалж хэргийн талаар бодит үнэн дүгнэлт гарахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байгаа юм. Энэхүү дүгнэлтэд үерийн усны даланг дагаж урссан усны түвшин нэмэгдсэн учраас төмөр замын далангаар давж доош буух үедээ даланг 12.5 м орчим сэтэлсэн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, үерийн ус зайлуулах хоолойг олон жил цэвэрлээгүй, улмаар олон наст ургамал ургаж, хог хайрга, лаганд битүүрсэн учраас ус даланг давж урсахаас аргагүй байсан байгаа юм. Хэрвээ төмөр замын ажилтнууд ажлаа мэддэг, үерийн далангаа цэвэрлэдэг байсан бол осол гарахгүй байсан гэсэн үг. 1954 онд барьсан зам, 1963 оны усзүйн тооцооны дагуу замын хажуугаар баригдсан шуудуу тооцоот усаа өнгөрүүлж чадаагүй нь Д.Жигжиднямаа даргын хэлсэн шиг байгалийн давагдашгүй хүчин зүйл огтхон ч биш.

Өмнө хэлсэнчлэн “2-Загал-илчит-009” илчит тэрэгний хурд хэмжигчийн бичлэгийг хүний оролцоотой тайлах боломжгүй болгосон ч зүтгүүрийн кабины бичлэгийг дахин сэргээснээр галт тэрэг осол болсон 747, 748-д км-д хурдаа огцом нэмснийг олж тогтоожээ. Хамгийн сонирхолтойн дээрх замууд Замын даргын энэ оны гуравдугаар сард баталсан тушаалын дагуу аадар бороотой үед өндөр сонор сэрэмжтэй жолоодох, шаардлагатай үед зогсох хүртэл арга хэмжээ авах километрүүдийн жагсаалт хүснэгтэд орсон байгаа юм. Тэгэхээр энэ зам дээр өглөөнөөс эхлэн бороо орж буйг мэдсээр байсан атлаа машинч хурдаа нэмэгдүүлсэн нь буруутай гэсэн үг. Энэ мэтээр маш олон ноцтой алдаа, төмөр замын удирдлагуудын буруутай, мэргэжил аргазүйгээр хангаж чадаагүй мэдээжийн олон ноцтой зөрчил илрээд байна. Энэ бүхэнд “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон түүний удирдлагад буй албан тушаалтнууд шууд болон шууд бусаар буруудах нь ээ. Шинжээчийн дүгнэлтээс мөн анхаарал татаж буй нэг зүйл нь үер болж буйг анхааруулах дохиог зам ангийн эргүүл өгсөн үү гэдэг асуудал. Тухайн үед машинч мэдүүлэг өгөхдөө замын эргүүл дохио өгөөгүй гэж мэдэгдсэн ч 747-р км-ийн төмөр замын хориг хашааны гадна жижиг гар гэрэл харагдаж байжээ. Тиймээс энэ гэрэл эргүүлийн анхааруулах гэрэл байсан уу гэдгийг ч нэмж шалгах ёстой гэсэн үг. Мөн энэхүү зүтгүүрийг жолоодож явсан машинч эрүүл мэндийн үзлэгээр хараа хэвийн гэж гарсан атлаа анхааруулах гэрлийг олж хараагүй юу, мөн үүр цайчихаад байхад үерийн ус замын даланг сэтэлснийг олж харах боломжтой атал зогсоох тоормоз дараагүй зэрэг нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө буюу гэнэтийн осол биш байжээ гэдгийг нотлох шиг.

Ерөөс энэ салбарт осол гарлаа л бол төмөр замын дэр бурууддаг, эсвэл бороо цас буруутай болчихдог. Төмөр замын гармаар зорчигч гарч яваад амиа алдлаа гэхэд чихэвч зүүсэн, согтуу гэх мэтээр буруутай болно. Ажилтан нь амиа алдчихаар шинэ ажилтан байсан мэтээр нийгэмд ойлгуулдаг. Энэ ноцтой ослын дараа ч Д.Жигжиднямаа дарга арьсаа хамгаалж, надад болон миний ажилчдад буруу байхгүй, үер буруутай хэмээн хаацайлаад өнгөрч байлаа. Гэвч булавч бултайж, даравч далдайдаг гэгчээр хүний буруутай үйл ажиллагаа 80 гаруй хувьтай байсныг шинжээчийн дүгнэлт нотолчихов. Өмнө нь буюу 2018 оны тавдугаар сард Дархан-1 өртөөнд ачааны найман вагон замаас гарч осолдсон хэргийг “эзэн холбогдогч нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хааж байсан билээ. Тэгвэл олон зуун хүний амь насыг эрсдэлд оруулсан энэ хэргийг хэрхэн шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцох эсэхийг хүлээх л үлдлээ. Бид энэ хэргийг үдргэлжлүүлэн сурвалжлах болно. 

                                                                                                                                                   дардас.мн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?