ХАД ЧУЛУУ ШИГ ЭР БОЛООРОЙ ГЭЭД ХАДБААТАР ГЭЖ НЭР ӨГЧЭЭ

Сэтгүүлчийн үг

Дагвацэрэнгийн Хадбаатар аварга 1951 оны 7-р сарын 4-ний өдөр Төв аймгийн Угтаал сумын нутагт айлын ганц хүү болон мэндэлсэн юм. Эцэг Дагвацэрэн нь Морин Заводын дарга байсан байна. Тэднийд Хадбаатараас түрүүнд 2 хүү төрөөд тогтоогүй юм байжээ. 3 дахь нь хүү төрсөн учир энхрүүлсэн байдлаар Хад чулуу шиг аварга том баатар эр болохыг ерөөн Хадбаатар гэж нэр өгсөн гэдэг. Д.Хадбаатар 1959 онд 8 настайдаа 1-р ангид орж суралцан тэр үедээ бусад хүүхдүүдээс биеэр том, хөл муутай, барилдах ноцолдох дуртай боловч хөл муутай учир амжилт муутай жаахан бүтэлгүй хүүхэд байж. 1967 оны өвөл 7-р ангийн сурагч байхад нь ээжийнх нь төрсөн дүү Монгол Улсын Ази тивийн аварга, Улсын хөнгөн атлетикийн спортын гавъяат мастер Д.Нанжилмаа нь сайхан бие бялдартай хүүхэд спортоор хичээллэх хэрэгтэй гээд УБ-т авчирч 16 настай хүү Улсын шигшээ багийн тамирчин болж Ч.Найдан багшийн шавь болжээ. Тэгээд дасгал сургууль хийхийн хажуугаар оройн сургуульд суралцаж 1970 онд 10-р ангиа төгсчээ. Мөн 1970 оны 6-р сард цэргийн багш, дарга, эгч нартаа хэлжээ. Тэд нь шигшээ багийн тамирчин хүнийг цэрэгт авдаггүй чөлөөлдөг юм гээд нэгэн бичиг хийж өгснийг хэнд ч үзүүлэлгүй дараад 6 сарын 24-нд цэрэгт явжээ. Тэнд бас нэг сонин үйл явдал тохиолдсон нь түүнд таарах гутал байсангүй тул өмсөж очсон үеийн тамирын шаахайтайгаа цэргийн жагсаалд явж байжээ. Тэгээд шинэ цэргийн хуаран “Хар усан тохой”-д очоод тэр үеийн шинэ цэргийн дэгийг биеэр амссан удаатай. Сайн тамирчин, бэлтгэл сайтай байсан учир зөвхөн гар дээрээ 200 удаа суниаж байсан нь тийм ч олон аавын хүү хийж чадах ажил биш бизээ. Гэвч тэнд урьд оны цэрэг, ухамсар боловсрол муутай бага дарга нарт үүдэн шүдээ хуга цохиулсан байна.

Тэгээд тэр каринтинаас “Алдар” нийгэмлэгт хөнгөний тамирчнаар очсон боловч тэнд хожмын дархан аварга Цэрэнтогтох, заан Ишгэн, Гочоосүрэн, Цэнд-Аюуш, начин Цэдэндаш нартай орой бүр барилдаж үндэсний бөхийн цагаан толгойд суралцаж эхэлжээ. Хорьдугаар зуунд монгол улсын баяр наадмуудад тодорсон арван долоон аваргын дотроос бяр хүчээрээ гайхагдаж, домог болон алдаршсан алдарт аварга бол Дагвацэрэнгийн Хадбаатар юм.

Түүнийг хоёр ч удаа хэлмэгдүүлэн аавынд явуулаагүй бол өлхөн дөрөв, тав түрүүлэх байсныг хүмүүс одоо ч гэсэн дурсан ярьцгаадаг. Хадбаатар аварга нэг сайн барилдааныхаа дараа албатай юм шиг ямар нэг хэрэгт холбогддог байжээ. Тухайлбал 1975 онд Заан болоод 1жил 6 сар, 1979 онд үзүүрлээд 3 жил, 1986 онд түрүүлж “Аварга” цол авсны дараа 3 дахь удаагаа хэрэгт холбогдож 8 жил чанга дэглэмтэй Хорих лагерт хүргэгдэж тэнд 4 жил, нийт 3 удаагийн хэрэгт холбогдож 8жил гаруй хугацаагаар хоригдсоны 7-8 нь барилдах эрхгүй болсон юм. Түүний өргөст торны цаана суулгасан хуулийн зүйл анги нь одоо цагтай харьцуулахад даанч үл ялиг зүйл. Үнэн чанартаа тэр гэнэн цагаан сэтгэлтэйдээ үнэнч шударга зантайдаа хүүхэд шиг томоогүй явдалтайдаа социализм гэгч хаалттай нийгмийн золиос болж хувь хүнийхээ хувьд хохирсоноор барахгүй монгол бөхийн түүх нэгэн гайхамшигт хүүгийнхээ гаргаж чадах амжилтын буухиагаар тасарч хоцорсон нь гарцаагүй үнэн. Алс хэт нь дийлдэхгүй хүчтэнтэй болох нь гэж болгоомжилсон хүмүүс барилдаан тасалдуулах гэж архи дарс хүчээр уулгаж хүүхэн шуухантай холбоотой зохиомол арга хэмжээ үүсгэдэг байсныг би хожим мэдсэн гэж Хадаа аварга тэмдэглэлдээ өөрөө бичиж үлдээсэн байдаг. Мөн өдрийн тэмдэглэлдээ “Ухаантайхан явсан бол би өдийд энд байхгүй байх байсан.Сайн явахад борооны дараах мөөг шиг олон байсан найз нөхөд намайг архинд уруу татсан гэхдээ Адараа бид хоёр архины бурууг ард түмэндээ нялзаахгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг худлаа юм байна. Би уйлсан уйлах уйлахдаа зүрхэндээ уйлсан.Тэр нэг өдөр би бузартай архи уусан.Аварга боллоо гэж хөөрөөд хот хөдөөгүй архи ууж хөөрч 13 хоносон. Хөөрч нисч яваад буух газраа ололгүй засан хүмүүжүүлэх газрын 0415 дугаар ангийн хашаанд буусан хэрэг. Буух буухдаа бүр чанга дэглэмтэй хориход шүү. Аварга гэдэг цолыг ялтан гэдэг нэрээр сольсондоо амиа хорломоор санагдаж байна хэмээн тэмдэглэсэн байжээ.

Мөн “Хэрлэн” рестораны ерөнхий тогооч Б.Энхтуяа гэдэг эмэгтэй “намайг амралтаараа Баянгол ресторанд ажиллаж байхад Хадбаатар аварга орж ирж үйлчлүүлдэг байлаа. Зөөгч хүүхнүүд би аваргад үйлчлэнэ гэж булаацалддаг.Гэтэл нэг өдөр аваргыг таньдаг таньдаггүйг мэдэхгүй олон шаагилдсан хүүхнүүд аваргатай хамт ирсэн.Нэг сэгсгэр үстэй хүүхэн бүр аваргаас салахгүй зууралдсаар хамт явсан.Магадгүй гэнэн цайлган сэтгэлтэй гүндүүгүй монгол эрийг өргөст торны цаана суулгах эхлэл тавигдаж байсан тэр байх гэж дурссан байдаг. Аавын хаалгыг хоёр гурванч удаа татаж явсан Хадбаатар аваргын талаар засангийн хянагч дарга ялтан овогорууд бүгд л түүний хүч бяр тэнхээ гүндүүгүй сайхан зан чанарын талаар ам бардам уралдан яридаг билээ. Хорихийн хянагч бүр Хадаа аваргад сайн ханддаг байсан гэдэг. Тэгж хандахаас ч өөр яах билээ дээ. Нэр алдараа дуурсгасан алдартай сайхан аварга шүү дээ. Шоронгийн хянагч болгонд дааж авсан ажилд гаргадаг хоригдолууд гэж байдаг. Харин олны танил алдар цуутай бөх, за тэгээд олонд танигдсан урлаг соёлын авъяастанууд, цууд гарсан атаман хоригдолуудыг *Нийтийн хоригдол* гэж ангилдаг байж. Ялангуяа засангийн нүүр царай болж байсан Хадаа аваргыг хэн нэгэн хянагч минийх гэж өмчлөөд байх нь утгагүй шүү дээ. Засангийн бүх дарга хянагч нар Хадаа аваргад сайн байдаг байлаа, Хадаа аварга ч өөрөө ажилыг ёстой нэг умалзуулж өгдөг байсан гэдэг. Ямар сайндаа л ажлын хоног ахиухан авч шоронгоос түргэн гарахын тулд тухайн үеийн *Аавын цээж* гэдэг машины банкийг таллан зүсч хүрз хийгээд галт тэрэгнээс нүүрс буулгаж ачдаг байжээ. Тэр аймаар том хүрзийг нь Хадаа аваргаас өөр хүн даахгүй. Чадал муутай хоригдол бол тэр хүрзээр нь нүүрс утгах нь байтугай дарагдаж үхчих гээд байдаг байжээ. Тэгээд ямар сайндаа л хоригдолууд *Энэ Хадаа хэт бярлахаж биднийг ажлаараа чирч алчих гээд байх юм* хэмээн дургүйцдэг байсан байж. Мөн нэг шөнө Засангийн эргүүл хяналтын дарга орж ирээд *Гал зуухны хүнсэнд явсан машин энэ хажуухан талд цасанд суучихлаа.Алив Хадаа аваргыг дууд гэжээ. Тэгээд Хадаа аварга очтол цасанд нилээн гүн суусан *ЗИЛ-130* машин байжээ. Хадаа аварга за алив нэг хоёрын гурав аа гээд л ердөө ганц мөрлөж түлхээд л тэр том машиныг цаснаас гаргаж байсан гэдэг. Хоригдолууд ууланд мод хийж байх үед Хадаа аварга хоёр дөчийн питоон бариад л ганцаараа усанд явдаг байж. Яг л хоёр арвын питоон барьж яваа юм шиг огт түүртэхгүй ирдэг байж. Нэг удаа түүнийг 2 дөчийн питоноор ус бариад ирж явахад нь нэг хянагч тосч очоод түүнээс юм асууж, ойр зуурын юм ярилцлаа. Хүмүүс холоос хараад л байж. Тэгтэл Хадаа аварга хоёр дөчийн питонтой усаа түр газар тавиад ярилцах ёстой байтал бариастай чигээрээ 5н минут хэртэй зогсч байсан гэдэг. Мөн нэг удаа Хадаа аварга байшингийн дээвэр дээр асгадаг , зам тавихад ашигладаг *Замын хар* гэдэг лагалдсан хар тосноос үхэр татаж гаргаж байжээ. Зам ангийнхан илүү гарсан замын хараа жалганд аваачаад хаячихаж л дээ.

Тэгтэл нөгөөх нь зуны халуунд хайлаад, тэр хайлмагруу нь нэг үхэр яваад орчихсон байна. Үхрийн эзэн 2 хүний хамт үхрээ татаж гаргах гэсэн боловч дийлсэнгүй. Тэгээд зоон дээр ирж тусламж хүссэнээр Хадаа аварга нэг хянагчын хамт очсон байна. Аварга маань цээжин биеийнхээ хамаг хувцасыг тайлж нүцгэлээд л дайрчихсан байна. Мяндсан утсыг 2 давхарлаж үхрийн борвиор оруулаад , том сондуул руу хийж байгаад *Нэг хоёрын гурав аа* гэж хашгираад л үхрийг замын хараас суга татаад гаргаж байжээ. Жийсэн сондуул нь орвонгоороо булга үсэрсэнийг бодоход ямархан хүч гаргасан нь ойлгомжтой. Үхрийн эзэн Хадаа аваргад баярласнаа илэрхийлээд шимийн архи, 10 литр тараг өгч байсан гэдэг. Ер нь Хадбаатар аварга халхын шоронд хүч бяраараа гайхагдаж явсан хүн юм. Мөн Хадаа аварга ойн хүчит хар баавгай шиг том биетэй тул тэр биеийнхээ хэрээр хоол сайн иддэг байсан гэдэг. Ууланд мод хийж байх үедээ бууз хийж идэх их дуртай байжээ. Дунд гарын шаазан аяга шиг том бууз хийнэ. Хүмүүс тэр буузнаас нь 2 3-ыг идээл цадчихна. Харин Хадаа аварга 20, 30-ыг өлхөн идчихдэг байжээ. Нэг удаа улсын заан Өвгөнхүү тэргүүтэй бөхчүүд Хадаа аваргыг эргэж иржээ.

Тэгсэн Хадаа аварга бараг бүтэн хонины мах идчихээд *ёстой нэг сайхан цадлаа* гэсэн гэдэг. Хадаа аваргыг 1976 онд Зүүнхараагийн шоронд байхад түүний аав нь өөд болжээ. Хадаа аварга чөлөөгөөр гараад сэтгэлээр ихэд унаж, Улаанбаатар ресторанд Түвдэндоржийн Дагвачимэдтэй уулзаад ширээ дүүрэн архи захиалаад уусан гэдэг. Энэ үеэс хойш Хадаа аварга хоолондоо жаахан тааруу болж, мөн үүдэн шүд нь унаж, үснийх нь буурал нэлээд нэмэгдсэн юм. Ямар сайндаа л *Миний нас явж өглөө. Насаа дагаад бяр хүч хүртэл барагдах тийшээ хандаж байна. Шоронгоос гараад хотоос захдуу газар аж ахуй эрхэлж амьдарна.

Одоо амьдарлаа бодох цаг болсон. Гэхдээ хэдэн жил зодоглох юмсан. Ид сайхан үеэ энэ айхтар саванд өнгөрөөчихөөгүй бол ч 2, 3н жил түрүүлэх боломжтой л байсан юм* гэж ярьдаг байжээ. Хадаа аварга мөн Зүүнхараад байхдаа *Халхын хар* хэмээх Толгойтын Гомбодаваа гэгч овгор хулгайчид хутгалуулж байсан байна. Мөн Дашийн Мундаа Хадбаатар аваргатай найз бөгөөд Хадаа аваргыг халхын шоронд байхад нь чамгүй харж үзсэн гэлцдэг. Дашийн Мундаа нь 1988 онд Онцгойгоос дэглэм буураад Мааньтын чангад очтол тэр үед Хадаа аварга маань хулгайч нарт дарамтлуулчихсан нэлээн базаахгүй байдалтай байсан байжээ. Тиймээс Мундаа *Халхын их аваргаа хүндэлдэггүй яасан арчаагүй хулгайч нар вэ* гээд цамнаж гарсан гэдэг.

Тэгээд Дашийн Мундаа Аваргыг дээрэлхсэн хулгайч нарыг бүгдийг нь цуглуулаад *Газар хэвтээд* гэж тушаасан байна. Тэгээд Хадаа аваргыг дуудаад эднийг гэдсээрээ шах гэжээ. Аварга тэднийг ээлж дараалан дээрээс нь гэдсээрээ шахахад нөгөө хулгайчууд нь бетонон шалтай наалдаад амьсгал авч чадахгүй сүйд болцгоосон гэдэг. Дараа нь бүгд Хадаа аваргаас уучлалт гуйж нүглээ наминчалсан гэдэг. Мөн нэг удаа Аваргыг шоронд байх хавар сумын нэг албан хаагч машинтай явж байтал нэг лүглэгэр эр төмөр зам голлоод алхаж байжээ. Ойртож очоод машиныха цонхоор хартал Хадаа аварга байж. Мань эр машины дугуй олгой хаймар ар нуруугаараа хидрээд 2 гараараа сунгаж татаад явж байжээ. Нөгөө албан хаагч залуу түүнээс *Та наад хаймараа сунгаж татаад дасгал хийж байгаа юмуу. Арай өөр юм олдохгүй байна уу* гэж асуухад *Миний цусны даралт ихэсдэг болчихоод байгаа юм. Бас жаахан хавагнах янзтай болчихлоо. Шоронгоос гарвал наадамдаа зодоглож хийморио сэргээнэ дээ. Бэлтгэл жаахан хийх хэрэгтэй байна. Даанч надтай ноцолдох хүн олдохгүй юм. Дэмий л ургаа мод тэвэрч аваад хий дэмий бяраа гаргах юм даа * гэсэн гэдэг.

Хадбаатар аварга маань гурван удаа гэрлэж байсан бөгөөд гурван эхнэрээсээ нийт таван хүүхдийн эцэг болсон юм. Ийнхүү алдаж эндэж орон шоронд орж байсан ч Улсын наадамдаа үнэнхүү хүч бяраа гайхуулж түрүүлж байсан Монгол ард түмэндээ гүндүүгүй сайхан эр хүн гэж хүндлэгддэг халхын сайн эрсийн нэг Дагвацэрэнгийн Хадбаатар аварга маань 1993 оны Наадмын дараа төрсөн нутаг Төв аймаг байгуулагдсан 70-н жилийн ойн наадамд урилгаар очоод 1993-7-15-ны өдөр 42–хон насандаа ертөнцийн мөнх бусыг үзжээ.

                                                                                                                                              sonirholtoi.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [150.129.141.xxx]

    Хувь хүний ээдрээт амьдрал юм даа. Бор дарс, хүүхэн 2-л ийм болгосон гэдэг.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?