МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

Сэтгүүлчийн үг

“Улс тунхагласны баярын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 850 сурагч “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” Төрийн ордонд боллоо.

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэхүү ёслолын ажиллагаанд их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл оролцдог. Мөн нийт сурагчдын төлөөлөл болсон 33  сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авсан бөгөөд Иргэний андгай өргөх ёслолд анх удаа дауны синдромтой буюу Оюуны ялгаатай хөгжилтэй залуус оролцсон нь энэ жилийн онцлог байлаа.

Монгол улс анхдугаар Монгол улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан нь оюун санаа, улс төр, нийгмийн үсрэнгүй том хөгжил болсон гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын үеэр онцлов.

 

Baramsai Chadraabal-Р½ Р·СƒС€Р°Р³.

Тэрбээр, “Манай улс залуучуудын орон. Нийт хүн амын 33.7 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа юм. Тиймээс төсөөр хүүхэд, залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг оновчтой байлгах нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүн зорилтын нэг юм. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. 21 аймаг, 9 дүүрэгт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр төвүүд нь залууст сэтгэл зүй, гэр бүлийн зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, хууль эрхзүйн үйлчилгээ үзүүлж байна. Монголын хүүхэд, залуучуудын ирээдүйд үнэт хувь нэмрээ оруулах үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүх талаар дэмжин ажиллах болно. Энд хүрэлцэн ирсэн залуус та бүхэн Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч юм. Манай улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил, дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой, чадварлаг, бүтээлч, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй залууст тулгуурлаж байна. Тиймээс шинийг мэдэж, сурах үйлстэй анхаарч, бие дайчлан ажиллахыг дүү нараасаа хүсч байна” гэлээ.

 

Ийнхүү Төрийн ордны Их танхимд цугласан 850 сурагч “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч

Монгол Улсын иргэн би

Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж

Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж

Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн

Бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан

Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж

Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж

Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж

Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж

Их засаг, хууль ёсоо чанадлан сахиж

Үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа

Их төрийнхөө дор андгайлж байна” хэмээн Монгол Улсын иргэний андгай өргөлөө.

 

Энэ үеэр андгай өргөх ёслолд оролцсон шинэ залуу үеийн төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.

 

Baramsai Chadraabal-Р½ Р·СƒС€Р°Р³.

 

Дундговь аймгийн III сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Ариунхүслэн, “Би хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, ирээдүйд их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 настнуудын төлөөлөл. Амьдрал гэдэг бол далай. Тэгвэл өнөөдөр “залуус” гэсэн нэр томъёонд шилжиж, амьдрал хэмээх их далайд сэлүүрээ дэлгэж буй загас боллоо. Өнөөдрөөс эцэг эхийнхээ эрх, бяцхан хүүхэд бус шийдвэр гаргах чадвартай хувь хүн болж байгаа тул зорилготой, мөрөөдөлтэй, хариуцлагатай Монгол хүн байхын төлөө хичээх болно. Би бусдад зөв цагт, хэрэгтэй зүйлээр нь тусалж чаддаг хүн болохыг зорьдог. Шударга ёсыг чанадлан сахидаг хариуцлагатай хувь хүн, боловсролтой иргэн болж, зорьсон зорилго, тэмүүлж буй мөрөөдөлдөө хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээв.

 

Baramsai Chadraabal-Р½ Р·СƒС€Р°Р³.

Иргэний андгай өргөх ёслолд оролцсон Оюуны ялгаатай хөгжилтэй залуусыг төлөөлөн Ерөнхий сайдаас иргэний үнэмлэхээ гардан авсан нийслэлийн 130 дугаар сургуулийн сурагч Г.Орхоны эмээ Б.Өлзийбаяр, “Өнөөдөр ач хүүг минь 16 нас хүрч байгааг батламжилж, Монгол Улсын Ерөнхий сайд иргэний үнэмлэхийг нь гардуулсанд туйлын баяртай байна. Миний хүү бусад хүүхдүүдтэй ижил сурч, хүмүүжиж, хөгжиж байгаа. Өнөөдөр энэхүү ёслолд урьж оролцуулсан нь ч миний хүүг бусдаас дутахгүй ижил тэгш хөгжиж чадна гэдгийг нотолсон үйл явдал боллоо. Мөн өнөөдөр “залуу” гэсэн томъёололд нэгдэж байгаа бүх 16 настнуудад амжилт хүсье. Ирээдүйд тэгш, хүртээмжтэй нийгмийг улам бүр хөгжүүлэх, эх орныхоо хөгжил, дэвшлийн түүчээ болсон чадварлаг иргэн болж хүмүүжээсэй гэж хүсч байна.

 

Монгол III сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Өгөөмөр, “Туурга тусгаар Монгол Улсын иргэн болж, үнэмлэхээ гардсандаа баяртай байна. Цаашдаа Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай иргэн байх болно. Монгол Улсынхаа хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж, дүү нартаа үлгэр, дуурайлал болохуйц боловсролтой, чадварлаг иргэн болно” гэлээ.

Энэхүү үйл ажиллагааг Монголын залуучуудын холбооноос Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 2004 оноос хойш Ерөнхий сайдын ивээл дор 16 дахь жилдээ зохион байгуулав.              

                                                                                                                        МОНЦАМЭ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?