ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗӨВЛӨХ ХҮМҮҮСИЙГ ЗАЛИЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаар дамжуулан малын тэжээл бэлтгүүлэх нэрийдлээр өнгөрсөн өвөл 29 компанид 40 тэрбум төгрөг хүүгүй зээлсэн. Дээрх аж ахуйн нэгжүүдийн өнгөрсөн наймдугаар сарын 1-нд төсвөөс авсан зээлээ төлж дууссан байх ёстой ч төлсөн нь хуруу дарам цөөн байсныг бид өмнө нь дэлгэсэн. Х.Баттулга Ерөнхийлөгч өөрийнхөө сайд байсан ХХААХҮЯ-ны сангаар өөрийн компаниудаа ч, тойрон хүрээлэгчдээ ч хангалттай дэмжжээ.

 

Тэгвэл Мал хамгаалах сангаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүмүүнлэгийн асуудал хариуцсан зөвлөх С.Пүрэвсүрэнгийн нөхрийн компани 1.2 тэрбум төгрөгийн зээл хүүгүй авчээ. Тус компанийн нэр “Хийморлиг эрчүүдийн хүч”. Уг компанийг үүсгэн байгуулагч нь Ерөнхийлөгчийн зөвлөх С.Пүрэвсүрэнгийн нөхөр Хийрэвийн Бат-Амгалан.

Одоогоор компанийн гүйцэтгэх захирлаар Х.Бат-Амгалангийн дүү Х.Батчимэг ажиллаж байна. С.Пүрэвсүрэн нь Монголын үндэсний хүмүүнлэгийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд “Увс” телевизийг нөхөр Х.Бат-Амгалангийн хамт эзэмшдэг байна.

Цахилгаан дамжуулах сүлжээний дэд бүтэц, харуул хамгаалалт, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хийморлиг эрчүүдийн хүч” компани тэжээлийн тендерт шалгарч, ХХААХҮЯ-тай гэрээ байгуулсан нь хэний дэмжлэг байж болох вэ.

Нөгөөтэйгүүр, цагдаагийн байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Самбуудоржийн Пүрэвсүрэнг залилангийн хэрэгт эрэн сурвалжилж эхэлжээ. С.Пүрэвсүрэн нь Солонгос улсын виз гаргаж өгнө хэмээн бусдаас 6 сая төгрөг залилсан гэх үйлдэлд сэрдэгдэж, эрэн сурвалжлагдаж байжээ. Сүүлд буюу өнгөрсөн аравдугаар сарын 22-нд мөрдөн байцаалтын явцад оргосон гэх бөгөөд дахин эрэн сурвалжлагдаж байна. Хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх С.Пүрэвсүрэн БНСУ-д ажиллуулна хэмээн 143 иргэнээс тус бүр 1200 ам.доллар залилсан гэх мэдээлэл байна. Энэ нь 440 гаруй сая төгрөг юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?