МАНТУУГАА ХӨГЖЛИЙН ГАРЦ БОЛГОЖ ЧАДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Монголын сэтгүүлчдийн баг БНХАУ-ын Шаньдун мужийн Вэйхай хотын Вэньдэн дүүргээр явж тус дүүргийн хэд хэдэн алдартай газруудаар энэ сарын 16-19-ны өдрүүдэд аялаад ирсэн юм.  Энэ нутгийнхны бүтээсэн сонин содон зүйлүүдээс үзэж танилцсан тэмдэглэлээсээ та бүхэнд хүргэж байна.

Хүмүүсийн иддэг зүгээр л нэг цагаан мантууг урлаг болгон хөгжүүлж буй газар байх юм. Энэ бол Хятад улсын Шаньдун муж дахь Вэйхай хотын Вэньдэн дүүрэг юм. Эрт үед хоолны нэг зан үйл байсан мантуун урлал нь өдгөө мужийнхаа соёлын өвд бүртгэгдээд зогсохгүй үйлдвэрлэл болтлоо хөгжин нутгийн ард олны амьдралыг дээшлүүлэхэд багагүй тусаа үзүүлж байна. Ингээд энгийн мантуу гэдэг нэртэй байсан бол одоо “цэцгэн бялуу” (Flower Cake) гэх “хүндэт” нэртэй болжээ. Үүнийгээ цэвэр эко бүтээгдэхүүн гэх бөгөөд элдэв химийн будагч бодис ашигладаггүй зөвхөн хүнсний ногоо, жимснээс будаг гарган өнгө оруулдаг аж.

 

Төрсөн өдөр, насны баяр, хурим найр гэх мэт бүхий л баяр ёслол дээр энгийн бялууны оронд авч тавих явдал улам  ихсэж байгаа аж. Тус хотын болон мужийн иргэд нь байнгын үйлчлүүлэгчид болохоос гадна гадаадад хүртэл нэр хүнд нь өсч худалдан авагчдын тоо нь нэмэгдсээр байгаа гэнэ. Үнийн хувьд энгийн бялуунаас дутахааргүй үнэтэй, дээрх зураг дээр байгаа шиг гэхэд л 2 мянга гаруй юань буюу монгол мөнгөөр 700 гаруй мянгад хүрнэ. Үнэхээр сэтгэж, хөдөлмөрлөж, хөгжүүлж чадвал юу г ч бизнес болгож болохоор мэт санагдав. Монголынхоо ааруулыг боловсруулж дорвитойхон хөгжүүлээд гадаад дотоодын зах зээлд гарган монголоор овоглосон брэнд гаргаад явбал монгол ааруул шим тэжээл амт чанарын хувьд хавь илүү болж чадна даа гэсэн бодол төрж л явлаа...

 

 

Вэйхай хотын Вэньдэн дүүргийн бас нэгэн алдартай зүйл бол Америк хүн орхоодой юм. Энд Америк хүн орхоодойг нутагшуулаад 30 хүрэхгүй жил болж  байгаа ч өдгөө Хятад дахь Америк хүн орхоодойн нийт үйлдвэрлэлийн 60-70 хувь,  дэлхийн Америк хүн орхоодойн үйлдвэрлэлийн 23 хувийг дангаараа бүрдүүлж буй юм. Вэньдэнгийн Америк хүн орхоодой гэх нэрээрээ хэдийн алдаршсан тус бүтээгдэхүүн Хятад улсын Газарзүйн Бэлгэ Тэмдэг Бүтээгдэхүүн болоод байгаа аж.

Америк хүн орхоодой гэхийн учир нь өнгөрсөн зууны 80-аад оны үед нутгийн иргэн Ван Жичэнь мужийн эрүүл мэндийн лабораториос Америкаас авчраад байсан хүн орхоодойн найман ширхэг үр авч нутагшуулан 30 гаруй жил амжилттай ургуулж, хөгжүүлсээр өнөөгийн түвшинд хүрч өдгөө Америк, Канадын удаа орохуйц томоохон үйлвэрлэгч бүс болжээ. Үүний гол шалтгаан нь Вэньдэн нь газар зүйн байршил, цаг агаарын хувьд маш тааламжтай бөгөөд Америк хүн орхоодой ургахад хамгийн тохиромжтой бүс болдог байна. Шинжлэх ухаан технологи, химийн салбар хөгжихийн хэрээр тус бүс нутаг зүгээр ч нэг тариалах бус бас ямар ч хор хөнөөлгүй, өндөр үр ашигт газар тариаланг хөгжүүлэхийг зорьж байгаа аж. Энэ ч утгаараа эндхийн хүн орхоодойн чанар гойд сайн, Америкт тариалсан хүн орхоодойтой харьцуулбал ашигт агууламжийн хэмжээ нь 1.5-3 нэгжээр өндөр байдаг байна. Энэхүү хүн орхоодойг боловсруулаад Америк хүн орхоодойн эсийн нунтаг, хүн орхоодойн шахмал, эм бэлдмэл, кофе, мөхлөг зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн хийхээс гадна хоол хүнс, цайндаа шууд хэрэглэдэг байна. Мэдээж эрүүл мэндийн ашиг тусын хувьд хүний биеийн ерөнхий дархлааг дэмжих, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах, цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ болон цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах гээд давуу тал маш их.

 

Хүн орхоодойгоор хийдэг нэгэн онцгой бүтээгдэхүүн бол эрүүл мэндийн архи байлаа. Энэ нь хүн орхоодойг дотор нь хийж дарсан архи юм. Сонирхолтой нь бүтээгдэхүүн бүхэн өөрийн гэсэн QR кодтой байх бөгөөд хүн орхоодойн жижиг үрээс нарийн боловсруулагдан бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүх процессийг мэргэжилтэн хянан, тэмдэглэл хөтөлж мэдээллийг нь оруулдаг байна. Хэрэглэгч QR кодыг уншуулаад л тус хүн орхоодойн бүтээгдэхүүний бүхий л шат дамжлагын талаарх мэдээллийг авч болдог байна. Үүгээрээ тус бүтээгдэхүүн нь Хятаддаа анхдагч болж чаджээ.

 

Америк хүн орхоодой гэгч нь үнэхээрийн нөр удаан тариалалт арчилгааны дүнд  боловсорч гүйцдэг ажээ. Багадаа л таван жил ургаж байж бүрэн болдог бөгөөд харин тариалсан газраа 15-20 жил амраах буюу ахин хүн орхоодой тарилгүй өнжиж  байж дахин тариалалт явуулах боломжтой болдог байна.

За тэгээд энд зөвхөн тариалалт үйлдвэрлэлээс гадна Америк хүн орхоодойн худалдааны төв,  Америк хүн орхоодойн соёлын төв гэж хүртэл байгуулжээ. Дотроо хүн орхоодойн үүсэл хөгжил, тариалалтын техник,  эрүүл мэндийн ач холбогдол, Вэньдэнгийн хүн орхоодойн соёл зэргийг толилуулсан музей шиг байгууламж байлаа.

 

 

 

 

Сүүлийн жилүүдэд Монголчууд халуун рашаанд амарч алжаал ядаргаагаа тайлах явдал нэмэгдэж байгаа билээ. Харин Вэйхай хотын Вэньдэн дүүрэгт халуун рашаан гэдгийг бас л хөгжүүлэх шиг болж байна.  

Халуун рашаан нь дотор гадна гээд 2 төрлийн байх бөгөөд засал чимэглэл, тохижилт, ногоон байгууламжийн хувьд тохилог сайхан. Байгалиасаа ундран гарч байгаа халуун рашаанаа түшиглээд үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнт газар,  амралт сувилаллын  газар босгон байгуулжээ.

 

Эндхийн халуун рашаан дунджаар 52 градус байдаг бөгөөд зарим хэсэг нь 87 градуст хүрч тэндээ өндөг хийж болгоод зарж байх жишээний. 

 

Хүний хүчинд түшсэн үйлдвэрлэлээс илүү инновацид тулгуурласан илүү ухаалаг техник технологи бүхий үйлдвэрлэл урд хөршид маань эрчээ авж байна. Тус нутгийн засаг захиргаанаас ч Вэньдэнг инновацид тулгуурласан эдийн засгийн төв болгохоор зорьж байгаа аж. 

4000 гаруй төрлийн ухаалаг тоног төхөөрөмж үйлдвэрлэн дэлхийн 100 гаруй оронд борлуулж Хятадын зах зээлийн 40 хувиас илүүг бүрдүүлж буй  Максповер компани Вэньдэн дүүрэгт байрладаг  юм байна. Ялангуяа тус компани эрэг чангалах түлхүүр үйлдвэрлэлээр дэлхийн томоохон үйлдвэрлэгч болжээ.

 

“Нэг чангалах түлхүүрийн үнэ хэдэд хүрэх вэ? Хэдэн юань уу? Хэдэн арван юань уу?” гэж  Максповер компаний ерөнхий захирал Юү Жиньвэй асуугаад “Ухаалаг түлхүүр бол хэдэн арван мянган юаньд ч хүрдэг юм” гэлээ. Монгол мөнгөөр бодвол нэлээд хэдэн сая төгрөг болох нь. Харахад энгийн чангалагч түлхүүрээс нэг их ялгарах зүйлгүй ч бариул дээрээ мэдээллийн модультай бөгөөд эрэг шургийн дизайнаас хамаараад чангалах хэмжээг нь тогтоож өгөөд түлхүүрээ эргүүлэх бөгөөд заасан хэмжээнд хүрмэгц автоматаар дуугарч дохио өгдөг юм байна. Мөн багажин дээр байх өгөгдлийн шугам нь тухайн багажийг ажиллуулсан хугацаа, хүчний хэмжээ, ажиллуулж буй операторын мэдээлэл зэргийг арын удирдлагын систем рүү дамжуулдаг аж. Үүнээс гадна олон үйлдэлт түлхүүр гэх мэт бас байна аа.

 

Вэньдэн дэх бас нэгэн томоохон үйлдвэрлэгч компани бол машины эд анги үйлдвэрлэгч, тэр дундаа машины хөдөлгүүрийн гол үйлдвэрлэгчдийн нэг Тяньрүнь компани байлаа.  Бенз, Волво, Жили зэрэг дэлхийн алдартай машин үйлдвэрлэгчдээс гадна дотоодын томоохон компаниуд тус компаниас бараа бүтээгдэхүүн худалдан авдаг юм байна. Энд мөн ухаалаг, автоматжсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд багагүй мөнгө зарж байгаа бөгөөд  2015 онд анхны бүрэн автомат үйлдвэрийн шугамыг ашиглалтад оруулжээ. Үнэхээр ч үйлдвэр дотор нь явахад хүн багатай,  автоматжиж байгаа нь мэдрэгдэж байлаа. 

 

За энд өндөр үнэд хүрдэг, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн болж хөгжсөн ардын урлалын бүтээгдэхүүн байсан нь Лү-гийн хатгамал юм. Зураг дээр байгаа шиг гэхэд л монгол мөнгөөр 200 сая төгрөг болдог гэнэ.

 

 Лү-гийн хатгамал нь Хятадын найман алдарт хатгамлын нэг бөгөөд мужийнхаа соёлын өвд ордог юм байна. Үнэхээр ч нөр их хөдөлмөр, цаг хугацааны дүнд бий болдог бүтээл бөгөөд шинжлэх ухаан техник хөгжихийн хэрээр компьютерээр хатгах боломжтой болсон ч хүний гараар оёсон шиг үзэмжтэй болж чаддаггүй гэж хатгамалчид ярьж байлаа. Тиймдээ ч гараар хатгасан хатгамал хамгийн өндөр үнэд хүрч дээд зиндааны хүмүүсийн хамгийн их сонирхон авдаг бүтээгдэхүүн болоод байгаа аж. Энэ нь мөн л хөдөө тосгодын энгийн айлын эзэгтэй бүрийн хийж дадсан урлаг үйлдвэрлэл болтлоо хөгжиж буйн нэгэн жишээ байлаа.

 

Вэньдэн нь Таозмийн өлгий нутаг бөгөөд тус нутагт байх Шэнжин ууланд Күнзийн их  багш Лаозийн хөшөөг сүндэрлүүлж байх юм. 

 

Уулын ёроол дахь моднууд дээр алим, киви гээд төрөл бүрийн жимс ургаж байх бөгөөд тасдаж аваад амталж үзвэл исгэлэн, шүүслэг, амт гэж янзтай сайхан байх юм байна лээ.

 

Бидний очсон Вэньдэн дүүрэг хэдий хотын төвөөс алслагдмал, захын дүүрэг байсан ч дэд бүтэц, ногоон байгууламжийг хөгжүүлж чадсан ухаалаг үйлдвэрлэл, инновацийг хөгжлийн дараагийн шатаа болгоод үүний хажуугаар уламжлалт зан заншил, соёл, унаган байгалиа хадгалан авч үлдэж, хослуулан хөгжүүлж буйн жишиг болохуйц дүүрэг байлаа. Хятад улс төвлөрлөө  хэрхэн багасгаж, захын дүүргүүдийн хөгжилдөө хэрхэн анхаарч буйг энэ дүүргээс олж харсан юм.

 

                                                                                                                                                                              

                                                                                                                                                              МОНЦАМЭ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?