Н.ПҮРЭВЖАВ: 300 000 ТН НҮҮРСНИЙ ПРОЦЕСС БОЛ ХУЛГАЙ БИШ

Сэтгүүлчийн үг

“ Таван Толгой” ХХК-иас нутгийн иргэд ашиг хүртэж чадахгүй байгаа мэт мэдээлэл цацсан хүн бол Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Д.Сугар. Өмнийн говийн нүүр царайг өөрчилж, иргэдийн ахуй амьдралд өгөөж тусаа өгч байгаа энэ уурхайн өнөөдрийн өнгийг яагаад ингэж хараар будах болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Ингээд “Таван Толгой” компанийн Тээвэр Ложистик хариуцсан захирлаар ажиллаж байсан Н. Пүрэвжавтай уулзаж ярилцлаа.

-Өмнөговь аймгийнхан өөрийн нутагт байгаа томоохон саалийн үнээнээсээ ашиг хүртэж чадахгүй байна гэсэн мэдээллийг ИТХ-ын дарга нь хийсэн. Та энэ талаар сайн мэдэх хүний нэг. Хамгийн сайхнаар төсөөлөгддөг бас өгөөж, үр шимээрээ нутаг орноо өөд татаж, иргэд нь хүртэл ам сайтай байдаг энэ уурхайг талаар яагаад ийм яриа гарах болов?

-1954 онд үүссэн энэ уурхайг нутгийн иргэд, эцэг “Таван толгой” гэдэг л дээ. Аяганы хонхорхой шиг жижигхэн энэ уурхайг тойроод “Энержи Ресурс”, “Эрдэнэс Таван Толгой” компани байгуулагдаад ажиллаж байгаа юм. Эцэг “Таван толгой” уурхай бол ажиллаж эхэлсэн цагаасаа хойш л аймгийнхаа хөгжил дэвшил, иргэдийнхээ амьжиргаанд сайн, сайхан хувь нэмэр өгөөжөө өгсөөр яваа. Энэ уурхайн буянаар Өмнөговь аймаг төсвөөс дотаци авдаггүй, харин улсынхаа төсөвт хувь нэмрээ оруулж яваа шүү дээ. Өнөөдөр ч ялгаагүй “Таван толгой” компанийн хувьцааны 51 хувийг аймгийн иргэд, 49 хувийг өөр бусад болон гадаадын иргэд эзэмшин хувь хүртэж байгаа.

   Аймгийн ИТХ бол орон нутагтаа том байхаас яах вэ, зөв. Улс төрийнхөө эрх мэдлийн хүрээнд энэ эцэг “Таван толгой” компанийг сонирхож, орж, гарч байгаа мөнгөнд хяналт тавих нь зөв. Гэтэл санаатай, санамсаргүй, мэдлэгтэй, мэдлэггүйгээсээ болоод аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналтаа зөв тавьж чадахгүй байна. Сайн засаг, ер нь засаглана гэдэг маань өөрөө юу юм бэ гэдэгт асуудлын гол нь байгаа юм. Яагаад ингэж хэлж байна гэхээр аймаг орны эрх ашиг нь өөрөө улс төрөөс ангид хамгийн эхэнд нэгдүгээрт байх учиртай болохоос биш удирдаж буй хэдэн хүний эрх ашгийг урьтал болгох ёсгүй. Ингээд ирэх юм бол засаглал гэх нэр утгаа алдаж, ойлгомжгүй болж байгаа юм. Аж ахуйн нэгжийн дүрэм, журмыг ойлгохгүй болохоороо бухимдаж, гүжирдэж болохгүй.

-Ингэж ойлгож дүгнэж болно гэж үү. ИТХ-д эрх мэдэл нь байгаа. Тэд хараа, хяналтаа тавих ёстой гэдгийг тун сая Та тодотгож хэлсэн шүү дээ.

-Аж ахуйн нэгж гэдэг чинь өөрөө захирал. Тийм атал хөндлөнгөөс аж ахуйн нэгжид улс төрийн дарамт үзүүлж болохгүй. Аж ахуйн нэгжийн дүрэм журам бол тэр байгууллагадаа Үндсэн хууль нь шүү дээ. Хуулийн дагуу аж ахжйн нэгж бүхэн үр дүнгийн гэрээ байгуулдаг. Тэр гэрээгээ биелүүлэв үү, гэрээний дагуу үр дүнгээ тооцож чадаж байгаа эсэхийг хянаж, харалгүй яах вэ. Тэр бол зөв. Түүнээс биш хөдлөнгөөс улс төрийн дарамт үзүүлж болохгүй.

-Д.Сугар дарга баримт дэлгэж, нэлээд олон үндэслэлээр тайлбар хийгээд байсан?  Тэр бүү хэл аймгийг төлөөлөөд сууж байгаа бидний үгэнд орохгүй байна хэмээн гомдоллосон.

-Бухимдлаа дүрэм журмын дагуу гаргахгүй мөртлөө гэнэт давхиж ирээд олныг турхирч байгаа нь дэндүү жудаггүй, тулхгүй харагдаж байгаа юм. Урьд өмнө нь Өмнөговь аймгаас сонгогдсон түшээд их сайхан тулхтай хүмүүс байжээ.

-Үнэхээр орон нутгийн иргэд өөрсдийн хувь эзэмшдэг уурхайгаасаа ашиг хүртэж чадаж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй явдаг байлаа. Сугар даргын мэдээллийн дараа эргэлзэх маягтай байгаа. Тэгвэл Та энэ мэдээллийг буруу, худал гэх гээд байна уу?

-Нутаг орныхоо ганц өөдтэй, өнгөтэй яваа аж ахуйн нэгж эцэг “Таван толгой”-н нэр хүндийг харлуулах гэж ингэж оролдож байгаа нь үнэхээр харамсмаар. Тэр хонхрын гурван уурхайгаас хамгийн ашигтай нь тэднийх. Нэг тонн нүүрс олборлох зардал нь хамгийн бага. Тэгсэн атлаа нэг ам. доллар тутмаас төлөх татвар нь хамгийн өндөр. Ингээд бодохоор ямар байна.  Аяганы хонхор шиг жижигхэн газраас ямар их ашиг өгдгийг тэд бүгд мэдэж л байгаа.

-Сугар даргын мэдээллээс их хэмжээний нүүрс хулгайд алдсан гэж ойлгосон. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал шүү дээ.

-Ингэж хэлэхийг сонсоод миний сэтгэл бүүр гонсойсон.

-Харин тэгэлгүй яахав. Нүүрсээ хулгайд алдана гэдэг бол байж боломгүй бас хариуцлагагүй гэхэд ч багадах асуудал мөн биз дээ.

-Үгүй ээ, миний сэтгэлийг зовоосон бүр байж болмооргүй дүр зураг нь  ингэж худлаа, буруу мэдээлэл цацсан явдал.

-Өө тийм үү. Иргэдийн тэр том төлөөлөл, ийм том дарга огт үндэслэлгүй мэдээлэл цацсан хэрэг үү?

-Энэ бол Монголын улс төрд тогтсон элий балай аргыг хэрэглэсэн арчаагүй нэг дүр зураг. Өөр юу ч биш. Улс төрийн тоглолт, тоглоомыг муухай гэж ярьдаг, манайхан. Үгүй, манайхан муухай болгоод байгаа болохоос бус улс төрийн тоглоом их сайхан тоглоом. Яг шатар шиг. Ухаанаа уралдуулаад, нүүгээд их гоё... Гэтэл манайхан улс төрийн шатрыг нүүж биш шууд чапаевдаад эхэлдэг. Ингээд л улс төрийн тоглолтыг бохир, муухай болгож байгаа юм.

  300 000 тонн нүүрс алдагдсан гэж хэлээд байна лээ. Аяганы хонхор шиг жижигхэн газраас эцэг “Таван толгой” нүүрсээ олборлодог. Түүнийг тойроод яг аман дээр нь “Эрдэнэс Таван толгой”, “Энержи Ресурс” гээд компаниуд ажиллаж байгаа. Энэ бүх дүр зургийг мэдэхгүй хүн байхгүй. Ялангуяа ажлаа мэддэг, ойлгодог хүн бол харж л байгаа шүү дээ. Нүүрсний алдагдал, хаягдлыг тус бүрдээ тооцоод, өгөөд, аваад явж байгаа. Энэ бол бүүр тогтсон, хэвшсэн ажил. Өөрөөр хэлбэл уурхайн ашиглалтын явцад гардаг, үйл ажиллагааны процессыг бүр хулгай гээд гэмт хэргийн шинжтэй болгон турхирч байгаа нь дэндүү харамсалтай. Ингэснээрээ энэ хүн өөрийгөө ичгэвтэр байдалд оруулж байгаа юм. Түүнээс бус байгаа юм байгаагаараа л байгаа. Тийм болохоор л улс төрийн тулхтай, жудагтай байгаач ээ гэж хэлээд байгаа юм. Тулхгүй, жудаггүй нөхдүүд олны эсрэг ийм муухай турхиралт хийдэг.

-Таны ярианаас аж ахуйн нэгж, компаниудад буруу байхгүй, үйл ажиллагаа хэвийн. Харин тулхгүй зарим нэг хүнээс болоод энэ сайхан уурхай эцэг “Таван толгой”-г харлуулж болохгүй гэж ойлголоо, зөв үү?

-Тоглоомын дүрмээ аж ахуйн нэгжийн дүрэм журмандаа хийгээд өгчихсөн компанийн ажилд хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүүлдэг, тэр бүү хэл цагдаа, шүүх хүчний байгууллагаар далайлгах оролдлого хийдэг. Энэ бол хаана ч байж болохгүй, фашист арга. Эндээс ганцхан дүр зураг харагдаад байгаа биз. Ойлгохгүй байгаагаа өөрөө ойлгохгүй байна, тийм үү. Энэ бол үнэхээр гамшиг.

-Нэгэнт Тантай уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Таныг “Эрдэнэс Таван Толгой” компанийн Тээвэр Ложистик хариуцсан захирал байхдаа гуравхан хоногийн дотор бүтэн эргэлт хийдэг тогтолцоо ложистикийг бий болгосон гэж ярихыг нэг бус удаа сонсч байсан.

-Ухамсартай ложистикийг хийж чадсаны үр дүнд “Чалко”-д төлөх өрийн 3/2-ыг дарсан юм. Тэр үед нүүрсний үнэ бага байсан. Гэхдээ хийсэн ложистик маань зөв байсан учраас ийм ашигтай ажилласан. Бүтээгдэхүүний үнэ хямд байсан ч эргэлт хурдан учраас ашигтай байдаг. Энэ бол ухамсартай ложистикийн үр дүн.

 -Өнөөдөр ийм ухамсартай ложистик яагаад алга болов. Дахиад л оочер чирэгдэл гээд гацаа ярьсан хэвээр байх юм.

-Ганцхан үгээр хэлье. Ухамсартай ложистик алга болсон.

                                                                                                                        ulsturch.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?