Н.ЦЭРЭНБАТ САЙД ХЭВЛЭЛД 120, АЙЛЧЛАЛД 70, КАЗИНОГИЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙН БЭЛТГЭЛД 43 САЯ ТӨГРӨГ...

Сэтгүүлчийн үг

Н.Цэрэнбат бол хамгийн олон компанитай сайд. БОАЖ-ын сайд тэрээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 26 компанийн хувьцаа эзэмшдэг тухай мэдүүлжээ.

АТГ-аас түүнийг яамны засвар нэрийн дор “Эрдэнэзул” гэж  үнэт цаас, ном тохимол хэвлэдэг хамаарал бүхий компанидаа 200 сая төгрөгнөөс шилжүүлсэн тухай мэдээлсэн. Сайд өөрөө энэ мэдээллийг үгүйсгэсэн. Харин дараа нь “Эрдэнэзул” компанийн ерөнхий захирал С.Үржин “БОАЖЯ-аас ном тохимол хэвлүүлнэ гэж 22.4 сая төгрөгийг 2017 оны арванхоёрдугаар сард шилжүүлсэн. Гэхдээ удалгүй тухайн мөнгөө засварын ажилд зарцуулахаар боллоо гээд Отгонжаргал гэх эмэгтэй, нэг хүний хамт ирж шилжүүлсэн мөнгөө бэлнээр нь ирж аваад явсан. Миний хувьд Н.Цэрэнбат сайдтай ямар нэг хамаарал байхгүй. Сүүлд сонсоход нэг нутгийн хүн болж таарсан” гэж ярьсан. Мөн “Өдрийн сонин”ны №189 (6032) дугаарт Н.Цэрэнбат сайдын төрсөн дүү Н.Отгонжаргал болон сайдын барилгын компаниудыг хариуцдаг Баттулга нар “Эрдэнэзул” компанид ном тохимол хэвлүүлэх нэрээр шилжүүлсэн мөнгөө буцааж авсан талаар дурдсан байдаг.

Энэ үйл явдлын учир бүрэн тайлагдаагүй байтал Н.Цэрэнбат сайдтай холбоотой бас нэгэн мэдээлэл гарав. Түүний гарын үсэг зурж, төсвийг нь баталсаны дагуу БОАЖЯ-наас байгалийн үзэсгэлэнт газруудын маршрутыг заасан тэмдэг тэмдэглэгээг байрлуулж эхэлжээ. Хамгийн гол нь, модон шон, модон самбар дээр будгаар газар усны нэр, сум заасан тэмдэг тавих төдий энэ ажлын төсөв нь 20 сая төгрөг юм байна. Ажлын явцын талаар яамныхаа албан ёсны сайтад байршуулсан мэдээ, зургийг харвал яавч 20 сая төгрөг байхааргүй хямд төсөр хийсэн санагдаад байгаа юм. Материал, төсөвлөсөн мөнгө хоёрынхоо аль нэгийг сүрхий сайн хэмнэсэн харагдана. Зөрүү, үлдэгдэл мөнгө нь хаачсан талаар яамны Аялал жуулчлалын газрын шинэхэн дарга, УИХ-ын эрхэм гишүүний охин тодорхой мэдээлэх болов уу.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тансаглалаас татгалзаж, шинэ тавилга, засвар үйлчилгээнд мөнгө зарлагдахгүй байхыг үүрэгдсэн. Гэтэл БОАЖ-ын сайд нь өнгөрсөн зун яамныхаа байрыг засварласан ба дээр өгүүлсэн 200 сая төгрөг ч яамны засвартай холбоотой. БОАЖЯ-ны байрны засвар бүрэн дуусаагүй, ирэх жил бас үргэлжлэх бололтой. Яамны 26 ажилтны компьютерийг шинэчлэх, гар утасны апп бичүүлэх, яамны 3 ба 4 дүгээр давхрын засварт нийтдээ 192 сая төгрөг төсөвлөсөн байна. Энэ мөнгийг олох, менежмент хийх хоёрын аль нь юм мэдэхгүй, “хариуцах эзэн”-нээр нь Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаа зоожээ.  Салбарынхаа бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг  нь хангуулах үүрэгтэй Төрийн захиргаа, удирдлагын газар нь засварын ажил хариуцдаг болжээ гэж бодлоо.

Үүнээс гадна Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх бэлтгэл ажлыг хангахад 43 сая, сайд, дэд сайд төрийн нарийн бичгийн дарга нарын гадаад айлчлалд 70 сая, яамны бодлого үйл ажиллагагааг хэвлэл мэдээллээр сурталчлахад 120 сая төгрөг гэх зэргээр нэлээд сонирхолтой зардлуудыг БОАЖ-ын сайд Н. Цэрэнбат саяхан баталжээ. Эдгээр нь БОАЖЯ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл, тус яам он дуусахаас гурван сарын өмнө төсвөө тодотгосон юм уу даа. УИХ Казиногийн хуулийг батлах уу, батлахгүй бол бэлтгэл хангасан гээд энэ 43 сая төгрөгийг зарлагадах уу, хэвлэлд төсөвлөсөн 120 сая төгрөг нь хэвлэлд, яг яамны бодлогыг сурталчлахад зориулагдаж байгаа юу гэдэг нь сонирхолтой бөгөөд сонирхол татах ийм тоо энд хэд хэд байна.

                                                                                                                               эх сурвалж: itoim.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?