Ц.ХУЛАН:ЦЭРЭГ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ Ч ШАШИН, СОЁЛООР МОНГОЛЫГ МААНЬ ЭЗЭЛЧИХ БИЙ ГЭДГЭЭС ЭМЭЭДЭГ

Сэтгүүлчийн үг

-Танд өдрийн мэнд хүргэе. Яг үнэндээ тантай ярилцвал гэж бэлтгэсэн олон арван асуулт байна. Утга зохиол, буддын гүн ухаан, улс төрийн хурц тод мэдэгдлүүд, хэзээ ч хувираагүй, өөрчлөгдөөгүй стиль хэв маяг гээд л… Гэхдээ энэ удаад Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх гэдэг өнөөдрийн хашиж буй алба ажлын тань хүрээнд буюу ганц сэдэв дээр төвлөрөх сонирхолтой байна.  Болж байна уу?

-Болно оо.  Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилогдсон цагаас хойш хэвлэлд нэг их олон  яриа өгсөнгүй. Хэлэх үг, хийх үйлдэл маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн  байр суурийн илэрхийлэл болох учраас  үнэн бодит мэдээлэл өгөхийн тулд  болгоомжтой хандах хэрэгтэй болдог .

-Магадгүй энэ нь тодорхой хэмжээнд өөрөө өөрийгөө  хазаарлахад хүргэдэг байж мэдэх юм.  Наад зах нь, хурц тод үгсээ хэлэлгүй залгих, яруу найрагчийн сэтгэл хөдлөлөө нуух гэх мэтээр?

-Нэг их өөрчлөгдөж хувираад, өөрийгөө барьж хориод байсан зүйл алга. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж эхэлсэн 1990 оноос хойш ганц дуугүй явсангүй ээ. (инээв)  Бичсэн нийтлэлүүд, ярилцлага, мэдээ сурвалжлагуудад  маань  эх хэл, түүх соёл,  шашин боловсролтой   холбоотой зүйлс нэлээдгүй бий. Зохиол бүтээлийн тухайд бол  уншигчид зах зухаас нь цээжээр мэдэх байх аа (инээв) Соёл урлагийн аймшигтай дор унасан байгууллага  авч удирдаж хөл дээр нь босголоо.  Нэг үгээр хэлэхэд энд би гар хоосон ирээгүй   Хэнд зориулж би өөрийгөө өөрчлөх гэж.  Дээр нь нэг зүйлд би бардам байна  Надад болон надаар дамжуулан Монголын төрийн бодлогод зөв мэргэн шийдвэр гаргах эрдэмтэд, ахмадууд, шинэ сэтгэлгээтэй залуустай  уулзаж санаа бодлыг нь сонсч байна.  

Манай соёл шашны салбар шиг онцгой эмзэг, төрийн дээдэс бол гурав дөрөвдүгээр асуудал гэж харж  тэнэгтдэг салбарт мэдэмхийрээд, хувийн тоглолт хийгээд байж ёстой болохгүй.  Сэтгүүлчээс эхлээд сэтгэгч нар нь хүртэл  худалдагдаж хувирсан энэ цагт  үндэсний эрх ашгаа дээдлэх энэ л зарчмыг би барьдаг.

-Тэгвэл төрийн хүн байх мөн чанарын тухайд таны бодол?

-Түмнээ төлөөлж хууль баталдаг,  төрд дээгүүр залардаг хүмүүсийг арай нэг өөр, өндөр төвшний эрдэм боловсролтой байгаасай гэж хүмүүс хүсдэг.  Өнөөдөр төр ийм байж чадаж байна уу.  Эрдэмгүй учраас  эрээ цээргүй шуналтай  хэсэг улсын хулгай луйвар гаарч, төрийн  ёс зүйгүй  байдал өнөөдөр ч дуусахгүй үргэлжилсээр байна. Улстөрчид гэдэг тусгай бэртэгчин давхарга үүсч, энэ нь залуу үеийн  мянга мянган цүнх баригчдыг араасаа бэлтгэн гаргасаар байна. Төрийн  байгууллагуудад ичмээр, ичмээр томилгоонууд хийгдсээр байгаа.  Энэ нь нөгөө л нам дамнасан олигархи бүлэглэлийн эрх ашиг төрийн дээр гарсны илрэл. Үндэсний эрх ашиг гэдэг зүйл Монголын төрийн бодлогод тусахаа, биеллээ олохоо больчихсон байна. Энэ бүхнийг засч  залруулах зорилгоор Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд шинэчлэл хийх замаар системийн өөрчлөлт хийх цаг болсон гэдгийг УИХ-ын намрын чуулганы нээлтээр хэлсэн. Үүнийг нь манай нийгмийн аливааг зөв шүүн тунгаадаг, ойлгодог  арай дөнгүүр хэсэг нь бүгд дэмжиж хүлээн авлаа.

-Гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулан бат­луулах нь. Тэгээд өөрөө ХААН болох нь гэдэг хардлага бас гарсан?

-Хардлага бол мэдээж байх л хэрэг. Ардчилсан  гэх нийгэм шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай болсноор  төрийн жолоог насаараа атгах санаархал байхгүй л болов уу,   хуулийн хугацаа ч тэгж батлагдах байх. Нэг л их мэдэмхийрсэн улс байх юм. Тийм л сүрхий улс юм бол энэ олон жил эх орноо ийм болгочихноосоо ичиж үхээч, улстөрчид өө! Одоо хүмүүсийг  талцуулаад, үнэн зөв шийдвэр гаргуулахгүйн төлөө яаж тэчьяадан тэмцэх бол.  Гол нь энэ өөрчлөлтөөс ард түмэн л хожно.   Үлгэрт “гучин жил тэнэж дөчин жил суулаа” гэдэг шиг, гучин жил бид ардчиллын гэх мөртөө анархизмын замаар төөрч тэнэлээ. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн гурван толгойтой мангастаа эргээд бариулах дөхлөө .  Улс маань ядуурч,  иргэн бүрийн толгой дээр асар их өр хуримтлагдлаа.  Энгийн үгээр хэлбэл, өнөөгийн үүссэн аюултай нөхцөл байдлаас хамтын хүчээр гарахад намын харьяалал гээч зүйлийг хаяж хүчгүйдүүлээд, улс гүрнээ эзэнтэй болгож, хуулийн диктатур, шударга ёсны дарангуйллыг тогтоосноор хөгжлийн зөв голдрилдоо орно л гэж хараад байгаа шүү дээ. Монголчууд бид хэн нэгэнд титэм өмсгөөд хүлцэнгүй тахин шүтээд байхгүй, эрх чөлөөний өндөр ухамсартай ард түмэн биз дээ.

-Бас шашин шүтэх эрх чөлөө нь бүрэн дүүрэн нээлттэй. Энэ нь таны Соёл, Шашны зөвлөхийн албатай яах аргагүй холбогдож таараа. Тэр дундаа, цэвэр ард түмний оюун санааны хийсвэрлэл дээр итгэл үнэмшил тогтдог гэж бодох юм бол шашны бодлогыг төрөөс хэрхэн зөв барих вэ, хэрэгжүүлэх вэ гэдэг нь өөрөө их ярвигтай асуудал шиг санагддаг. Иймд та Монголын соёл, тэр дундаа шашны бодлого, хэрэгжилтийн талаар тодорхой байр суурь илэрхийлээч?

-Үндсэн хуулинд 1992 онд “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн заалт оруулаад О.Дашбалбар, Д.Чойжамц гуай нар их баярласан гэдэг. тухайн үед сонсч байлаа, өөрсдийнх нь амнаас. Энэ нь юү вэ гэхээр,  гуравдугаар биеийн хамаатуулахын “НЬ” нөхцөл бол уг ойлголтоо эзэнжүүлж, төр нь язгуур уламжлалт шашнаа, шашин нь өөрийн төрөө гэх утга орлоо гэж найдсан байгаа юм. Найдвар талаар өнгөрсөн. Энэ олон жилд төр шашин хоёр маань хоорондоо хэрэлдчихсэн эцэг эх шиг байлаа. Өнчин зөлмөн хүүхдүүдийг нь асран хамгаалах нэрээр харийн шашнууд, гаж урсгалууд давхиад ороод ирлээ.  Ингэж “өнчрөгсдийн,бусдын гарт бойжигсдын“ хэдэн үе торнисон бөгөөд одоо төр болоод шашин нь  ард олондоо үүрэг шаардлага тавихаар өөдөөс нь хэрэлдээд зодолдоод байгаатай л адил юм. Уламжлалт шашнаа ор тас мэддэггүй хүүхэд залуусын буруу биш ээ. Тэр бүү хэл, гадны шашинд орогсдын ч алдаа биш. Тэднээ харин Монгол улс үндсээ дээдэлдэг, хууль журмаа мөрдүүлдэг болгоход сургах хэрэгтэй. Христ, муслим, бахайчуудын дунд цөөнгүй эх оронч шударга иргэд байж л таараа. Тэд маань ч гэсэн  “Халуун зуураа эв эеийг хичээмээр” байна.  Аж амьдрал дээшилснээр л шашны сонголт өөрчлөгдөөд байхгүй. Соён гэгээрүүлэх ажлууд чухал байна. Нэн ялангуяа төрийн дээдэс шашны ойлголтгүй шахам явдаг. Хууль журам баталдаг эдэнд сургалт хиймээр байна. Манай эрдэмтдийг хэрэглэдэггүй л болохоос их арга ухааны ай сав юм, уг нь. Төр шашины шүтэн  барилдлага болсон хос ёсны сургааль буюу дорно дахинд эртнээс нааш их эзэнт гүрнийх нь хаадаас уламжилсаар ирсэн номлолыг зах зухаас нь ойлгуулмаар байна. Чингис, Хубилай нарын мөрдлөг болгож байсан энэ ухааныг хэдэн зуунаар гээсний хор хорлол одоо гарсаар л байна. 1921 оныг хүртэл энэ ёс оршин тогтнож байсан, гэтэл Орост үйлдвэрлэгдсэн МАХН-ы машин энэ ёсыг лам нартай нь цуг цус савируулан эргүүлсэн болохоор манай үед үлгэр домгийн зүйл мэт мартагдаж хаягдсан байх жишээний. Зэргэлдээ болон гуравдагч гүрнүүд иргэдийнхээ “сэтгэлийг хураахад”  чухамхүү энэ л ухааныг судалсаар хэрэгжүүлсээр байгаа нь тэдний тинк танк институцидын хэвлэдэг ном товхимлоос хэдийнээ ил болсон.  Шашны асуудлаар түүхээ мэддэг, эв эеч, туйлширдаггүй хэрнээ, хэрэгтэй үед үгээ хэлдэг нь хэрэгтэй.

-Та тэр хүн нь мөн үү, тэгвэл?

-Ерөнхийлөгч “Хэн нэгэн ташуу захтай  дээлтэй лам ирээд  төрийн асуудлыг шийдэлцэхгүй ээ” гэж зурагтын ярилцлагадаа хэлснийг санаж байна уу. Лам нарын эрдэм ухааныг чамласандаа тэгж хэлээгүй юм шүү. Харин хүрээ хийдийн  явцуу эрх ашиг, өөрийн шүтдэг урсгалыг ч юмуу,  Ерөнхийлөгчийн нэрээр төрийн бодлого мэтээр сурталчлаад, түгээн дэлгэрүүлээд явахаас сэргэмжлэхдээ ийм шийдвэр гаргасан болов уу.  Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг энэ олон шашны сүсэгтнүүд, итгэгчид цөмөөрөө халуун элэг нэгт иргэд маань юм. Хэнтэй ч дайсагнасан байр сууринаас хандмааргүй байдаг.  Монгол төрийн хуулиа чандлан мөрддөг  байх нь л  маш  чухал.

-Тодорхой өнцгөөс нь харахад шашны төөрөгдөлд орсон залуус цөөнгүй байдаг. Та тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Шүтэх зүйлээ сонгохын тулд эхлээд сайн унш. Өргөн дэлгэр мэдлэгтэй бол зөв сонголт хийдэг.     Христийн Евангелие судрыг  би бүр багадаа уншсан, минийх биш санагдсан.  Мусульман шашинтны дэрний ном  Коран судрыг гэхэд яг үнэндээ над шиг уншсан  халх хүн Монголд ховор доо. Аливаа шашин үүссэн  анхны цаг хугацаандаа л харьцангуй  ариун байдгаас бус түүнээс хойш номлогчид, ухуулагчид нь сүйрүүлсэн байдаг. Тэр дундаа христийн шашин гэхэд өнөөдөр улс төрийн шинж чанар бүхий, улс төрийн эрх ашигт үйлчилсэн шашин болсон байна. Аливаа ард түмнийг одоо цөмийн зэвсгээр айлгахаас гадна  өөр олон аргаар туршиж, өдөөн хатгана.   Язгуур шашныг нь  хаяулснаар түүх соёл, уламжлал, зан заншлыг нь  хамтад нь мартуулж, үндэс язгуургүй манкурт боолууд болгоно. Шашнаар нь хагалан бутаргаж , иргэний дайн өдөөн, цэргээ оруулж ирнэ  гэх мэт өчнөөн аюул бий. Үүнийг л хүн ард маань зайлшгүй анхаарах хэрэгтэй.

-Хориотой шашны урсгалууд байна. “Монголд арав гаруй хориотой шашны урсгал үйл ажиллагаа явуулж байна” хэмээн МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл мэдээлсэн байдаг. Гэсэн ч энэ чиглэлийн дорвитой судалгаа хийгээд, үйл ажиллагааг нь хаах, зогсоосон тухай мэдээлэл огт гарч байсангүй?
-Шашны бодлого хэрэгжилт дээр нэг зүйлийг онцгойлон хэлэхэд хэвлэлээр зарлаж пиардаад, олон нийтэд нээлттэй танилцуулахад тодорхой хязгаар, хэм хэмжээ байдаг. Шашин бол  итгэл үнэмшил, оюун санаан дээр тогтдог. Итгэгчдийнх нь итгэл үнэмшил шууд тэр өдөртөө шинэчлэгдэж, оюун санаа нь өөрчлөгдөх боломжгүй. Иймд өнгөрсөн жил гаруйн хугацаанд хийж хэрэгжүүлсэн шашинтай холбоотой олон арга хэмжээ, бодлогын шийдвэрүүдийг энд шууд яриад байхад зохисгүй байна. Ил болгосон нэг мэдээлэл гэвэл  өнөөдрийн байдлаар Монголд 459 христийн шашны сүм үйл ажиллагаа явуулж  буддын шашны 294 хийд ажиллаж байна . Дээр нь, гадаадын санхүүжилттэй  зарим төрийн бус байгууллагууд шашны үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон.

-Гол нь, үүнд төр засаг яагаад арга хэмжээ авахгүй байна вэ гэж иргэд бухимдаад байна л даа. Цахимаас харахад …?

-Тийм ээ. Төр нь хүчгүйдэж, эдийн засаг нь ядуурсныг далимдуулаад монголчуудын оюун санааны эв нэгдлийг хямраах харь хүйтэн салхины өмнөөс бид хаяа хатавчаа сайн манах хэрэгтэй. Энэ бол ядуурлаас ч аюултай зүйл. Зөвхөн цөөн тооны судлаач, эрдэмтэд л “Яана аа, яана аа” гэж гүйлдэхээс цаашгүй байсан бол одооноос иргэд энэ талаар ойлголттой болж эхэлсэн нь цахимаас харагддаг Энэ сайн хэрэг  Өмнө нь аль ч Ерөнхийлөгчийн үед шашны асуудал ингэж хурцаар тавигдаж байгаагүй санагдах юм.   Гэр хороолол, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гадны сүмүүд шөнө оройн цагаар ажиллаж, мөнгө тарааж, айлган сүрдүүлж, хоол ундаар урхидаж, хүүхдийг ухуулан сэнхрүүлдэг. Гадаадад  сургах нэрээр олон зуун охид, хөвгүүдийг явуулж байна. Тэдний хэд нь эргэж ирээд, хэд нь сураггүй алга болсныг бид мэдэхгүй байна. Мусульманы шашны сургуульд явсан 1000 гаруй хүүхдээс хэд нь эргэж ирсэн тоо бүртгэл алга.  Тэд юу судалж, юунд суралцаж яваа бол. Тэр дундаас алан хядагч, террорист гарч ирэх вий гэх айдас ч бидэнд байх л ёстой. Үүнийг ард иргэд мэддэг байг. Байдал нөхцөл байдал ийм байхтай зэрэгцээд буддын шашиныг хүртэл дотоодоос нь хагаралдуулах, зөрчилдүүлэх үйл ажиллагааг өөрсдөө дөгөөн дэмжээд байвал юу болохов. Өнөө Шүгдэнгийн урсгалын тухай энд ярина. Сүүлийн үед над руу “Шүгдэнгээ болиул” гэж дайрдаг болчихсон.  Нэрт маарамба Д.Нацагдорж хамбыг Отгонтэнгэрийг Шүгдэнгээр тахиж, уурлуулсны улмаас 17 уулчин осолдож нас барлаа ч гэх шиг. Энэ бүхэн чинь мөн л явуулга шүү дээ.

-АНУ-д цагаачилсан иргэн Ш.Батмөнх гэдэг хүн фейсбүүкээрээ нээрээ тэгж бичснийг санаж байна. Мөн  сүүлийн хэдэн сард Ц.Хулан зөвлөх шүгдэн шүтэхээ боль гэх мэтээр тань руу байнга дайч байгаа. Бас  яруу найрагч Х.Тэргэл “Хулан дээд боловсролын хуурамч дипломтой” гэж бичиж, ярьж байгаа харагдсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ. Нэгэнт ярилцлага хийснийх тодруулж болох, хариулт авч болох бүх асуултад хариулт авы гэж бодсондоо асууж байгаа хэрэг шүү?

-За би  эмэгтэйгээс нь эхлэе дээ.  Энэ хүнийг зарим нэг уншигч шүлэг бичдэг байсан гэдгээр таних байх.  Нэгдүгээрт, би энэ хүнд ямар ч муу юм хийгээгүй . Сүүлийн арав хорин жил Америкт дүрвээд гарчихсан байгаа хүнтэй тааралдахгүй биз дээ. Хоёрдугаарт,  энэ хүн уг нь утга зохиолын чиглэлээр мэргэжил эзэмшсэний хувьд бичиг үсгээ хаялгүй,тэнд ч гэсэн  юм уншиж харж, миний хэрдээ бичсэн туурвиснаар үзэл бодлыг минь гадарладаг баймаар.  Хүнээс дам сонсоход, салонд хуруу хумс засч, настай хүн асарч мөнгө олж амьдардаг болоод утга зохиолын ертөнцөөс холдож намайг ингэтлээ ойлгохгүй учраас агсраад байгаа юм байлгүй дээ.   Хүнд болоод өөрт  тустай  ямар ч ажил хийсэн уг нь надад өөчлөөд байх юм алга. Хумс засч сайхан амьдардаг найз нөхөд надад ч зөндөө бий.   Яасан их уур вэ.  Байнга л хэн нэгэнтэй хэрүүл хийж байх юм   Монголд түр ирсэн ганц ажил нь Хуланг муу хэлэх, бас   Алтангадас  авах хоёр л байсан шиг байна.

-Энэ хариулттай холбоотой тодруулахад төрийн шагналын үнэлэмжийг өргөх зайлшгүй шаардлагатай болсон нь мэдээж. Гэхдээ хэрхэн, хэнд олгох вэ гэдгийг цэгцлэх асуудал бүхий л цаг үед хөндөгддөг.  Даанч хариулт нь олддоггүй?

-Харин тийм ээ. УИХ ын гишүүдэд олгохоо больж, зөвхөн аймгийн дарга нарт журмын дагуу олгодог байтал байсхийгээд л ийм асуудал гараад байна. Энэ шагналыг  2016 онд Ц.Элбэгдоржоос авсан юм байна лээ. Нээрээн одон гэснээс,  Эрээний захын төддүгээр лангуун дээр Монгол улсын төрийн дээд одон медаль зарна гээд бөөнөөр нь  үйлдвэрлээд овоолчихсон зургийг цахимаас харсан. Гадаад хэргийн яам ч үүнд анхаарч урд хөршийн зүг албан тоот илгээх эрх үүргээ эдэлмээр байна. За би хадуурчихлаа (инээв ) 

-Тэгвэл үндсэн асуултынхаа хариулт руу орох уу?

-Тэгийе ээ. Хуурамч диплом гэж юу яриад байгааг  ашгүй энэ далимд нэг тайлбарлая. Цахимд орох завгүй, орохоор бараан хар мэдээнүүдээс, хүмүүс хоорондын муухай хэрүүлээс нь болж санаагаар унаад, сэжиг ч хүрээд би ордоггүй юм барагтай л бол.  Би үгийн хүн, цахимтай нөхөрлөөд байвал надаас ямар гэгээн үг үлдэх юм. Би 23 дугаар тусгай дунд сургуулийг төгсгөөд, МУИС-ийн монгол хэлний ангид элсэн орсон.  Энэ үе бол ардчилсан хувьсгал өрнөж зах зээлд шилжсэн хэцүү үе, энэ л үед би дөнгөж хоёрдугаар курстээ анхны хүүгээ төрүүлж, жилийн чөлөө авсан боловч энэ л үеэс  Монголын радиод ажилд орсон.  Гэвч сургуулиа хаяагүй, шалгалт шүүлгээ өгсөөр явсан. Манай ангийнхан хэлдэг юм. Чам шиг хамаг юмаа хүүхэд байхдаа уншчихсан хүн алга болж болж ирээд шууд л шалгалтаа  өгчих нь сайхан юм аа гэдэг байсан шүү  (инээв) Онгироо байна уу.   Үнэндээ ч надад сургуульд байнга суух сонирхол байгаагүй, картын барааны үед  хагас өнчин хүүхдээ тэжээх, төрд ажилладаг эцэг эхдээ дараа болохгүй байх нь илүү чухал байсан юм.   Хаа сайгүй багш нар ажлаасаа гарч, ганзаганд явж, зарим нэг нь архинд орж, хичээлүүд хасагдаж, нэг үе нийгмээрээ л баларсан шүү дээ.   Гэвч  өөрийн сайндаа биш. Х.Далхжав багшийнхаа мундагт монгол бичгээ, Ж.Төмөрхуяг багшийнхаа агууд утга зохиолын онолын үндсээ гэх мэт сурсаан. Сурна гэж зорьж орсон төвд хэлээ сураагүйдээ л гонсойдог юм. Стипенди буухад ангийнхаа болон  дотуур байрны охидод,  хүүгээ харуулсны төлөө төмс гурилхан авч өгнө, ажилдаа явна. Муу ижий аав минь  дөчин хэдтэйхэн  хэрнээ сайн эмээ өвөө байсан шүү. Монголын радиод овоо ажилласан юм байлгүй, Монгол телевизэд  ажиллах санал ирснийг хүлээж авч ажиллаад, залуучуудад зориулсан хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээрээ шагнал авч байлаа. 1992 онд аав маань хэлсэн юм.  Зурагт радиод ажиллаад байхаар ярьдаг л сэтгүүлч болж, бичих тал дээр муугаар нөлөөлнө.  Муу бичдэг сэтгүүлч байж болохгүй гэсэн. Тийм учир “Ардын эрх” сонинд 1992 оны арванхоёрдугаар сард сурвалжлагчаар орж ажилласан.  “Ням гариг” гэдэг сонин шинээр гаргаж, жилийн дотор хамгийн олон захиалагчтай болгосон нь манай хамт олны бахархал юм. Энэ  мэтээр миний оюутан нас сургуулийн ширээ тохойлдоод өнгөрсөн юм. Төгсөх болоход, нэлээд хэдэн хичээлийн зөрүү гарсан, өөрөөр хэлбэл ангийнхнаасаа хоцорсон тул  би, яг энэ  мэргэжлийн дагуу нээгдсэн  МУБИС-ийн ангид бүртгүүлж,  үлдсэн шалгалтуудаа бүгдийг өгч утга зохиолын ажилтны дипломоо авсан.    Ийм практик одоо ч гэсэн их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг шүү дээ. Тэр МУБИС-ийн ангид Х.Тэргэл гуай сурдаг байсан юм. Би мэргэжлийнхээ дагуу, бүгдэд ил тод ажиллаж ирснээс биш, хуурамч диплом ашиглан  мэс заслын ширээн дээр хүн алж, эсвэл уул уурхайн лиценз эзэмшиж эх орноо цөлмөөгүй л юм даа. 

-Та Ш.Батмөнх гэдэг хүнд та хэлэх үгээ мартчихав уу даа?

-Өө тийм (инээв ) Хаа хол  олон жил амьдарч суучихаад, Монголын амьдралыг  доош хийх, хүн ардынх нь тэнэг мулгууг дуудах ер нь хэр ёс зүйтэй хүний үйлдэл бол. Төрийн ажлыг цахимаар хийж болдоггүй юм гэж би дээхнэ нэг хэлсэн дээ, өөрт чинь.  Хэрэг гарваас ламбугай нараа өрөөндөө би хүндэтгэлтэйеэ дуудан авчраад асуудлаа ярьчихна гайгүй. цахимаар хашгираад байж болдоггүй юм.  Эсвэл танд  өөр зорилго байна уу. Ганц энэ хүнд ч бус ер нь энэ талаар ойлголтгүй хүмүүст хэлье.  Шашнаар, дотоод урсгалуудаар нь  хагалан бутаргаж, оюун санааны эв нэгдлийг хагалах зорилго өнөө ч хэрэгжсээр байгаагийн нэгээхэн илрэл бол Шүгдэнгийн асуудал.   Ном судрын эх сурвалжаас үзэхэд, энэ урсгал бол Бурхан багшийн аман зарлиг “Ганжуур” түүний тайлбарын хураангуй болсон Данжуурт нэг ч үг үсгээрээ байхгүй. Өөрөөр хэлбэл, Доржшүгдэн бурхан гэж байхгүй,  лагшин зарлиг тааллын тахилга заллага шүтээний мөргүй.  Үүнийг би арав шахам жил номын орчуулга хөрвүүлэг хийж байгаа буддын соёлын төвийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд номын эрхэм садангуудаас айлтгуулан мэдсэн судалсан зүйл болно.  Харин шүгдэн бол Төвдийн шашны дотоодод үүссэн, хагарлын шалтагт тангаргийн буг гэж нэрлэгдсэн зүйл юм.  Холуур явсан гайг  өөр дээрээ дуудчихаад, хэрэлдээд байгаа нь ёстой утгагүй.  Манай эрээгүй шуналт, эрдэмгүй ноёдыг  энэ бурханыг шүтвэл  улам баяжина хэмээн урхидаж, шүтүүлдэг болсон гэдэг ч, ийм мухар сүсэгт бус, авлигадаа автсаны л хүчээр хага баяжсан даа, эд. Таны хэлснээр би ч  бас шүгдэнч бол баян байх нь яав (инээв) Нэгэн цагт Төвдийн сайд Дэсрид Санжаажамц монголыг халх ойрадоор нь талцуулан хагалж, дундаас нь Төвдийн төр  буддизмд хүрээгээ тэлж шашны хожоо олохын тулд Галдан бошигтыг Өндөр гэгээн Занабазарын өөдөөс  мэс бариулан  босгосны гайгаар, монголчууд гуч гаруй жил элэг нэгтнээ хөнөөсөн дайны хөлд зүдэрсэн. Үүнтэй л адил, өнөө цагт Шүгдэн гээчээр биднийг талцуулах харийнхны бахыг  бүү хангаач. Монголын талаар сайн сайхан мэдээлэл  цахимд тавихад хоногийн дотор  үл үзэгдэх гараар арчиж, муу муухайг л үлдээн сурталдсаар байна.  Мэдээллийн аюулгүй байдал алдагдсан байна.  Монголын эх орончид, төр, шашны гол зүтгэлтнүүдийн нэр төрийг унагах  хөлсний ажилчид бий болсон байна. Зээл тусламж бүрийн ард заавал нэг өр нэхээс яваад байдгийг олон түмэн маань ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн алуурчид гэж нэрлэддэг, барууныхны байгуулсан сангууд  ч бүгд цаанаа давхар шашны үүрэг хүлээж орж ирдэг хэмээн хардахад илүүдэхгүй.  

-Монголчуудын үзэл санааг шашнаар дамжуулан гинжилж байна гэж та үзэж байгаа бололтой. Тийм үү?

-Гинжлэх ч багадна.  Энэ нууц зүйл биш болсон. Монголын нийгмийг тараан бутаргах, устгах үйл ажиллагаа дээд цэгтээ хүрчихлээ.  Нам,  бөх, лам, урлаг, соёл, утга зохиол, шинжлэх ухаан, боловсролд нэгдмэл биш, хэд хэдэн эвлэл холбоо үүсч, хамтраад ажиллах бус, нэг нэгнээ үзэн ядаж, атаа жөтөөгөөр хөллөдөг болчихлоо. Нутгийн зөвлөлүүд дээр сумдын,  багийн, нутаг жалгын зөвлөлүүд гарч ирээд байгаа нь Манжийн Засгийн бодлоготой яв цав нийлж байна.  Хэн тэгээд байгаа юм. Явж явж бид өөрсдөө.  Аливааг хийж чадаж байгаа хүнээ утсгах, хороох, муутгах, доромжлох хандлага газар авчихлаа. Хэн ч  нэгэндээ урам өгөхгүй байна. Нэгнээ доромжилж, дорд үзэхийг санаатайгаар ч, санамсаргүйгээр ч хичээдэг болсон байна.

-Та нэрвэгдэж байна уу?

-Би яахав. Миний дэргэдэх хүмүүс л нэрвэгдээд байдаг юм. Чи одоо боль, яах гэж  юм яриад байдаг юм, дуугүй бай. Дуугүй хүн бүтэж үхдэггүй юм.  Доромжлуулж тэсээд л,  яасан ч уужуу юм гэх мэтээр хэлдэг. Мэдээж хүн юм болохоор хаяа шаналах үе бас байна. Гэхдээ тэр тоолонд би өөрийгөө харьцангуй азтай хүн гэдгээр тайвширдаг. Хэрэв  1937 оны үед амьдарсан бол яана. Эхний эгнээнд буудуулсан байх. Р.Чойном шиг социализмд амьдарсан бол яана. Олон юм донгосч байгаад  ямар нэг зохиомол хэрэг үүрээд л шоронд орох байсан болов уу. Дашдоржийн Нацагдорж 31-хэн насандаа “Би эх орондоо толгой доторхио өгөөд л үхнэ дээ” гэж бичсэн байдаг. Үүн шиг миний толгой дотор, зүрхний ховдолд нэгэн халуун   юм бий. Эх орондоо өгөөд л үхмээр байна. Дашрамд нэг зүйл хэлэхэд цахим орчин бузартаж гүйцжээ. Аав маань 80 нас дөхөж яваа, насандаа компьютерийн товчлуурт хуруугаа хүргэж үзээгүй. Бас насаараа улс төрд оролцоогүй, төр улсаа хэдхэн цөөвөр шиг улстөрч хувааж идэхийг хөндлөнгөөс харж дотроо уйлж яваа хүн. У.Хүрэлсүхийг огцор, барь гээгүй. Гэтэл сошиалд нэрийг нь ашиглан “Яруу найрагч Д.Цоодол У.Хүрэлсүхэд итгэл алдарлаа” гэсэн эвлүүлэг тараасан байна. Үүнийг аав маань мэдээд даралт нь ихсээд түргэн дуудахад хүрлээ. Аав маань харин ч эсрэгээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмждэг. Би ч гэсэн хувь улстөрчийнх нь хувьд үйл ажиллагааг нь дэмжиж зоригтой алхам хийж чадах улстөрч гэж үнэлдэг. Гэтэл үүнийг эсрэгээр нь сошиалд мушгин гуйвуулж гүтгэж байх жишээний.

-Тэгвэл цагдаад хандаж шал­гуулах хэрэгтэй юм байна даа?

-Харамсалтай нь, цагдаад хэлээд нэмэргүй л дээ. Миний нэрээр цахимд хуурамчаар ажилладаг хүмүүсийг олж өг гээд өргөдөл өгөхөд өөдөөс гэмт хэргийн бүрдэлгүй гээд хаачихаж байгаа улстай цагийн гарз болох биз.

-Гэхдээ Ерөнхийлөгч таны толгой доторхийг үнэлсэн байх нь, тийм үү. Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг яах аргагүй өндөр албан тушаал?

-Энэ ч үнэлээд, шагнаж байгаа хэрэг биш л дээ. Хүмүүс сонгуулийн дараа албан тушаалд очихоор “Бялуу хувааж байна” гээд байдаг. Тийм биш л дээ. Энэ чинь маш хэцүү ажил. Яагаад гэхээр Ерөнхийлөгч өнөөдөр мөнгөгүй, эрх мэдлээ боомилуулчихсан, дэмждэг хүн хүч алга. Ард түмний арай гайгүй ухаалаг, боловсролтой хэсэг нь л Ерөнхийлөгчийг дэмжиж байна. Анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд бага сага алдаа байдаг л байх. Гэхдээ энэ хүн шиг улс орны төлөө бодож, шатаж яваа Ерөнхийлөгч дахиад гарч ирэхгүй гэдгийг л бодох хэрэгтэй.

-Та итгэлтэй байна уу?

-Итгэж байна. Үнэхээр ийм эх оронч хүн дахиж  мөддөө гарч ирэхгүй дээ. 100 хувь итгэж болно.

-Тэгвэл таны зүгээс Ерөнхий­лөгчийн бага сага алдаа гэдэгт юуг оруулах вэ?

-Жижиг, сажиг  алдаа бас бий. Жишээ нь, төрийн арга хэмжээнд подволктой очсонд нь эхлээд цочирдсон. Зарим нэг үг өгүүлбэрийн сонголтыг арай дээр хийж болох байж гэх жишээний.  Тэрийг нэрлэж болно. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг бий. Гэхдээ яах вэ, өмнө нь бид нар дэндүү олон зангиатай дарга нарыг харсаар байгаад нүд бас дассан байж болох юм. Нэг л их ганган торгон дээлтэйгээр үе, үеийн Ерөнхийлөгчөө хараад сурчихсан байж ч мэднэ. Одоо гэхдээ хүмүүсийн энэ хандлага Ерөнхийлөгч Х.Баттулгын энгийн хувцаслалтай эвлэрч байна уу гэж харагдаад байна. Ёстой нөгөө цоохор морьтой Дандар баатар гэдэг шиг цоохор дээлтэйгээ сонгогдсон Ерөнхийлөгч маань өнөөдөр ч цоохор дээлээ л өмсөж яваа. Дээр нь, Ерөнхийлөгч хотын төвд замын түгжээ үүсгэхгүйн тулд  явган алхчих нь олонтаа. Энэ нь яах аргагүй ард түмнээ бодсон шийдвэр. Их Тэнгэрт амьдрахгүй гэдэг нь хамгаалагч, тогооч, жолооч гээд баахан хүний зардал хэмнэсэн  л хэрэг. 

-Та өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ-ын гишүүний хувиар нэлээн тулгалтанд орсон, буланд шахагдсан байх үед нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид  захидал бичиж байсан. Дундаас нь товчилж тэмдэглэхэд “Женко Х.Баттулга бол бөх л хүн шүү дээ. Гэхдээ жинхэнэ монгол, жинхэнэ хуучны гэмээр, өнөөгийн хувиа бодсон улстөрчдийн хүйтэн санаанууд доторх ганц халуун сэтгэл гэдгийг ард түмэн сайн мэднэ. Тулгаагийнх шиг хамаг амьдрал, бизнес нь бусдын нүдэнд ил яваа өөр улстөрч хэн байгаа юм бэ…” гэж бичсэн байдаг. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид сонгогчийн хувиар итгэл алдарсан тухайгаа ч дайсан. Гэхдээ энэ талаар үргэлжлүүлэн асуух учраас та эхлээд Х.Баттулга гэдэг хувь улстөрчийг итгэх итгэл тань хэр удаан үргэлжилж байгаад хариулт өгөөч. Хүмүүс бол таныг сонгуулийн сурталчилгааны цөөн хоногт л дэмжиж явсан гэж хараад байдаг. Дээрх захидлаас харахад чамгүй урт хугацааны үнэлгээ тодорч харагдахаар санагдсан болохоор асууж буй хэрэг шүү?

-Би яг өөрөө ийм тийм гээд тайлбарлахаар хүмүүс бас л “Хулан өөрийгөө өмөөрлөө” гэх байх. Уг нь сэтгүүлчид та нар учир начрыг нь гаргаад бичмээр байгаа юм. Жишээ нь, миний 2007 онд гаргасан “Алтан зэгсний ангир” гээд яруу найргийн номонд Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулсан шүлэг байдаг. Бараг энэ тухай Ерөнхийлөгч өөрөө ч мэдэхгүй л яваа байх. Би ч хэлж байсангүй. Сайн мэдэхгүй байна. Тэгэхээр олон жилийн өмнөх хүндлэл байгаа биз. Тэр үед ч миний хувьд улс төрийн энэ шударга бус бүхний эсрэг дуугарч, энэ бүхнийг цэгцлэх, цэвэрлэх улстөрч нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг гэж харж байсан байх жишээний. Гэхдээ  яг үнэндээ би Ерөнхийлөгчийн жинхэнэ халуун дотно хүрээлэлд нь багтсан хүн нь биш шүү. Тэр нь өөр хүмүүс байдаг байх. Би ерөнхийдөө бол үзэл санааг нь дэмждэг, ажил хэргийнх нь дэмжигч. Ер нь бол би дэмжсэн ч, эсэргүүцсэн ч үгээ удаан бодож эргэцүүлж байгаад  хэлж байж, санал бодлоо илэрхийлж байж санаа амардаг хүн. Тэр удаан тэсч хадгалж байгаад хэлсэн үг маань ард түмэнд бас их жинтэй, үнэн бодитой тусдаг болов уу гэж боддог.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт 1999 онд зориулж бичсэн гэдэг.

“Цэцгийн толгой тасдаггүй үртэй байхыг хүснэ  би
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснээ” гэж шүлэг бичсэн
“Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сураглахад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд дургүй” гээд энэ шүлгийг тань мэдэхгүй хүн ховор. Мэдээж энэ бол чанга хашгираан. Гол нь намын харьяаллын тань тухайд мэддэггүй юм билээ. Хаяа МАН болоод, хаяадаа АН болоод байна уу ч гэмээр?

-Надад ямар ч намын батлах байхгүй.  Улс төрд аль намынх байх хамаагүй, гагцхүү зөв шударга хүн л хэрэгтэй гэж  явсан. Жишээ нь О.Дашбалбар, Ж.Наранцацралт,  Шадар сайд  Ч.Пүрэвдорж , М Зэнээ  гэх мэт… Үзэл бодлыг нь ямар нэг хэмжээгээр дэмжиж, сонгуульд нь туслаж явсан, өнөө бүгд үгүй болсон улс байгааг анзаарч байна уу.  Нам намын хүнд  сонгуулиар ажилласан нь нийгэмд буруу зөрүү ойлголт төрүүлсэн байж магадгүй. Энэ Хулан урвагч гэж яллахад амархан, намын хамгаалалтад ороогүй хүнийг хэн ч тэгж алдаг цаг.  Намын эрх ашгаас Монголын эрх ашгийг дээр тавьсан энэ түүхэн эрхмүүдийн амьдрал үхлийг саначихаад, над руу муу үгээ цацаж байгаарай даа.   Би МАН-ын хүн хэзээ ч биш шиг ээ, Ардчилсан намынх бас биш. Намуудаас нэг ч удаа алба тушаал, юу байдаг юм ,гишүүддээ тараадаг тэрийг нь авч үзээгүй. “Зүгээр л нэг амьдрахсан” шүлгийн мөрт  бичсэний төлөө МҮАН харин  “Үнэт үгийн шагнал “ гэж  “ХУЛАНГИЙН ҮДЭШ”-ээр овоохон мөнгө өгснийг хэлье, гэхдээ Ж Наранцацралт гуай тэнгэрт хальсны хэзээ хойно.  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Эмэгтэйчүүдийн байгууллагадаа элсээч гэхээр нь хүүхнүүд овоо юм хийх байх гээд  очсон чинь байнга мөнгө нэхэх шинжтэй болохоор нь больсон. Эхний хурал дээрээ л таван сая төгрөг нэхсэн. Надад таван сая төгрөг байгаагүй. Байсан ч би МАН-д өгөхийнхөө оронд хүүхэддээ олигтойхон гутал ч юм уу аваад өгсөн нь дээр болохоор, зугатаасан.  Харин   МАН-ын XXYI  Их хуралд  зөвшөөрөл ч авалгүй зориуд орж, микрофон булааж авах шахам үгээ хэлчихээд гарсан. Өнөөх миний авлигачдыг дууддаг алдартай хурал (инээв)

-Гэхдээ л Таныг МАХН угшил­тай л гэж боддог. Мэдээж одоогийн МАН шүү дээ?

-МАН-ынхан намайг хааяа нэг  санадаг байсан шүү. инээв

-Хэзээ тэр вэ?

-Сонгуулиудаар л байхгүй юу  АН  Төрийн шагналт Д.Сосорбарам, нийтлэлч Б.Баабар нарыг  дайчилдаг шиг   МАХН  болон хожмын МАН хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай бидний хэд хэдэн хүнийг зоолттой дууддаг байсан. Мөрийн хөтөлбөр боловсруулахад  ончтой ойлгомжтой үг үсэг, утга найруулга олох гэж ярилцана, засварлана. Ард түмэнд сайн сайхныг бүтээж өгнө гэж амлахад юу нь буруу гэж.   Сурталчилгааны уран бүтээл дээр ажиллана, үгийн уран бүтээлчийн  хувьд  2016 оны УИХ-ын сонгуульд ч хамтарч ажилласан.  Хэрэгтэй үедээ дуудаад, хэрэггүй үедээ хог шиг л үздэг байсан. Энэ үнэн. Тэгсэн хэрнээ ганц үг чанга хэлчихээр “Ц.Хулан МАН-аас урвалаа” гээд шуугиулаад эхэлдэг.  Би томилгооны болон сонгуулийн суудал аль ч намаас авч үзээгүй, эдэнд бол  өчүүхэн амьтан байтал  намайг бүр эрх мэдэл нэр нөлөө бүхий амьтан шиг яллахыг яана.  Бусад урвагчдаа тэгээч. Яг үнэндээ МАН-ынхан л намайг намаасаа урвасан болгож зохион байгуулалттай гүтгэж, энэ дайралт намайг намд нь элсэж байсан гэдэг итгэл үнэмшлийг олон нийтэд төрүүлчихээд байх юм л даа.

-Өө, би ч гэсэн МАН-ын гишүүн л гэж боддог байлаа. Уучлаарай. Тэгвэл яаж яваад Ц.Элбэгдоржийг дэмжсэн хэрэг вэ?

-Н.Энхбаярыг хаан байхад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ганцаараа тэмцэж байсан болохоор би түүнийг дэмжсэн. Энэ хоёр сонгуульд өрсөлдсөн. Хоёр улстөрч тунаж өрсөлдөхөд дээр илүүг нь сонгохоос өөр гарц байсан уу Харин долоон жилийн дараа түүнийг Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүргээ умартаж, хазайхад нь би шүүмжилсэн.

-Таны “Андын журам бодож… Элбэгээгээ дэмжинэ ээ” гэсэн ярилцлагыг санаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэгдэж байсан. Үүнээсээ харин долоон жилийн дараа та “Яг үнэнийг хэлэхэд, уур хүрээд байна, Ерөнхийлөгч өө. Долоон жил гаруйн өмнө Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хамаг итгэл горьдлогоо үлдэгдэлгүй хуу хамаад сонгуулийн чинь хайрцганд хийчихсэн олон зуун мянган хүний нэг би юм… Гэтэл Таны засагласан он жилүүдэд чухам юу болоод өнгөрөв өө” гэдэг захидлаа хэвлүүлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгыг өмгөөлсөн үгээ давхар дайсан захидал тань ингэж эхэлдгийг санаж байна?

-МАН-ын олигархиудтай өвөр түрийндээ орж, авлига авч, муу муухайг нь халхалдаг тухай баримт гарч ирсэн учраас эсэргүүцсэн. Ялангуяа уул уурхайн чиглэлийн компаниудтай  эрх ашгаа нэгтгэсэн учраас, гэнэт дуугүй болж алга болсон . Яаран хүнийг муу хэлэхгүйг би хичээдэг ч бүхий л эрх дархаа  эдэлж байгаа  долоо дахь  жил дээр нь дуугарсан л юм.  Өөрийн мэдэх баримтаар бодоод үзэхэд олны таамаг ортой болсон.  Эхнэр Х.Болормаагийнх нь байгуулсан “Умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах сан” байна. Тухайн үедээ хоёр ч удаа хуралдсан. хандивын үдэшлэг гэж дуудсан. Сураг сонсоход М-Си-Эс группын “Энержи ресурс”  энэ санд сая доллар хандивласан гэж сонссон. Харамсалтай нь, дахиж уулзаагүй, хуралдаагүй, нөгөө умайн хүзүүний хорт хавдрын эсрэг хийж хэрэгжүүлэх, хөтөлбөр нь хэрэгжээгүй. Бүр таг чиг болчихсон. Гавьяат эмч Б.Үйлст, Б.Бүлтэн нар ч оролцож байсан… Тэгээд л таг чиг. Ийм байхад хардахгүй яах юм бэ.  Зарим нь намайг  “Чи Ц.Элбэгдоржийг дэмжиж гаргаж ирчихээд одоо урвалаа” гэдэг. Үгүй ээ, Монголын бүх ард түмэн дэмжиж л, тэр хүнийг хоёр удаа Ерөнхийлөгч болгоо биз дээ. Үнэхээр намайг шүүж, шүүмжилмээр байгаа бол Монголын ард түмнийг адилхан шүүмжил. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл анхандаа Ц.Элбэгдоржийг дэмжиж явсан байдаг. Бүр анхнаас нь шүү. Гэхдээ саяхан би Ерөнхийлөгчид Ц.Элбэгдоржийн талаар хэлж л байлаа.

-Юу гэж вэ?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж соёлын бодлогын хүрээнд чамлахааргүй олон сайн ажил хийсэн байна.  Ил хаадын судалгааны бүтээлүүд, Мөнх тэнгэрийн бичгийн талаар олон сайхан төсөл хэрэгжүүлж, хадны сүг зургийн чиглэлээр олон  ажил хийсэн байна. Эдгээрийг боломжоороо үргэлжлүүлээд, ер нь энэ төвшинд нь анхаарч ажиллах хэрэгтэй юм байна шүү” гэж хэлсэн.  Дарга толгой дохисон. Төр ийм л байх ёстой. Аливаа зүйл хар цагаан хосолдог гэдэгчлэн, сайныг сайнаар нь үргэлжлүүлээд мууг нь Монголын төрөөс цэвэрлэх хэрэгтэй.

-Соёлын бодлогын ажлууд гэхээр саналаа. Ажлаа авсны дараахан Та Монгол банкны Эрдэнэсийн асуудлыг хөндөж байсан, тэр юу болж байна?

-Монгол улс бол Эзэнт гүрэн байгуулж байсан агуу түүхээс шигшигдэн үлдсэн соёл,түүх, шашны эрдэнэсийн арал байжээ.  Зөвхөн Богд Жавзандамба хутагтын эд зүйлийн  данс харааг л гэхэд хэдэн хасаг тэргээр  тоолж болно. Социализмын суурь болсон энэ баялаг хэний гараар оров.  Хэдийг нь музейнуудэд өгч одоо яг тэр нь байгаа юу.  Манай ард түмний хэдэн үеийн уран гартнуудын бүтээлүүд хаана ямар янзтай хадгалагдаж байна  Үнэт ховор ном судрууд хаа байна.  Суут эх орончдын эдэлж байсан эд өлгийн зүйл хөөрөг гаанс нь хаачив. Гадаад руу   хямдаар хууль бусаар урсаад дуусч байгаа юм биш биз дээ. Төрийн өмч хөрөнгө болсон урлагийн бүтээлүүд, бэлэг дурсгалууд  гэх мэт олон зүйл байгаа.

Энэ талын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагынхны тус дэмийг авч, санаа бодлоо арга зүйгээ нэгтгэсээр жилийг барлаа.  Олон ч ахмадуудтай уулзлаа.   Дам баримтууд олддог ч баталгаажуулах хэрэгтэй зүйл их байна. Учир нь хулгайч  нар ул мөрөө балласан тохиол их байх шиг байна. Энэ ажилд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан маань харин “Монголыг цөлмөсөн түүх” цуврал нэвтрүүлгээ хандуулж ,тусалж байгаа нь олзуурхууштай. Нэвтрүүлэг бэлтгээд, цацагдаагүй тэрхэн хугацаанд л гэхэд  Богд ламын  Хайстайн лаврингийн газрын гэрчилгээ гарч,Чойжин ламын сүм музейн газраас “Номин холдинг”-ийн байшинг нураалаа шүү дээ.  Цаашид ч бусад сүм хийд, музейн асуудлаар нэвтүүлэг хийхээр төлөвлөсөн. Инээдтэй эмгэнэлтэй олон юм ил гарнаа.

-Ямар ч хүнд хэн нэгэнд итгэл алдрах, сэтгэл гонсойх үе байдаг. Гол нь та  энэ үедээ үгээ хэлж Таны үгэнд нийгэм тодорхой хэмжээнд доргидог. Энэ бас их сонин үзэгдэл. Хааяа ч болов дотор хүндээ “За, Хулан минь дуугай бай, тэснэ шүү” гэж хэлж үзэж байсан уу?

-Нийгмийн оюун санаа бүхэлдээ давхаргажиж, батжаагүй байна. Ийм үед хэн нэгэн нь  сэрээдэг, доргиодог байх ёстой. Тэр хүн нь нэг л мэдэхэд би мэт нь  болж орхисон юм байлгүй дээ. Яг үнэндээ УИХ-ын ч, Ерөнхийлөгчийн ч сонгуулиар Хулан дуугаа өргөж байж, үгээ хэлж байж нийгэм голдиролдоо ордог гэж боддог цөөнгүй хүмүүс байдаг. “За үгээ хэлээч, дуугараач” гэдэг дэмжлэг, нэг үгээр хэлбэл өдөөн хатгалаг намайг улс төрд байнга үгээ хэлж, санал бодлоо илэрхийлэхэд хүргэдэг. Монголд сонгуулийн прогнозыг мэдэрдэг хэдхэн хүн бий.  Ард түмний цөхрөл туйлдаа хүрч, шинэ итгэл найдвар хайдаг. Тэр итгэл найдвар нь Ерөнхийлөгч Х.Баттулга л байсан байхгүй юу. Яагаад ийм мэдрэмжтэй байна гэхээр би ард түмний нэгэн адил зовж, шаналж яваа л айлын эхнэр, ээж хүн. Би өчнөөн олон сонгуульд хууртсан. Би өчнөөн олон улстөрч, намуудад мэхлэгдсэн ард түмний нэгэн хохирогч. Ерөнхийлөгчийн сонгуулиар  “Та нар ингэж хууль зөрчиж байгаа бол би ч гэсэн хууль зөрчинө” гээд  театрын захирлын ажлаа хаяад хөдөө сурталчилгаанд явсан.  Миний хань ч бас тэгсэн. Зохиолчдоос хөөрхий Арлааны Эрдэнэ-Очир маань надтай цуг Дархан Эрдэнэтээр явж Х.Баттулгын төлөө үгээ хэлсэн юм. Хүн болгон өөрсдийнхөө нэр сүр, аж амьдрал, албан тушаалыг бодоод таг чиг байхад шүү дээ. Иим  итгэл тээсэн олон зуун мянган сонгогчийн ачаар  л төр тэнцвэржсэн юм. Мөнгөн бороо цутгаж байхад мөнгөний эсрэг саналаа өгсөн ард олноо бодохоор, ирээдүй гэгээтэй сайхан санагддаг юм, одоо ч гэсэн.

-Гэхдээ яг хувь улстөрчийнх нь санаа бодлын цаана нуугдсан зорилгыг нь таныг бүрэн дүүрэн олж уншсан гэж итгэхэд хэцүү л юм. Нөгөө “ямар муухай юм боддог юм бэ” гэдэг шиг хүн, тэр дундаа улс төрд энэ хол явсан хүн юу ч бодож болно шүү дээ?

-Магадгүй… Хэлэхэд хэцүү. Гэхдээ хувь хүнийх нь замнал нь үнэн бол гайгүй л хүн байдаг. Төдийгөөс өдий хүртэлх сайн, муу түүхээ алийг нь ч энэ хүн нуугаагүй.  Дээр нь, ард түмнээс ирдэг  олон зуун өргөдөл, гомдол саналыг уншаад тэр болгонд өөрөө хэрхэн шаналж, бүр нурж байгааг нь харахаар өрөвдмөөр байдаг. Яахав, би энд хүний өмнөөс яриад байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ би хүнд итгэхгүйгээр  ая тал засаад, хоёр нүүр гаргаж ажиллаж, амьдарч сураагүй. Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга  авлигын тор сүлжээд, уул уурхайн баялгаар гараа угаагаад сууж байх юм бол хамгийн түрүүнд олон түмэнд ил тод зарлачихаад энэ өрөөний хаалгыг саваад гарч явж чадах хүн чинь би байгаа юм.

-Танд “Гэхдээ” гэж эхэлсэн олон асуулт тавьж байгаад уучлаарай. Гэхдээ ярилцлага юм хойно асуухад “Гэхдээ тэр цагт та оройтсон байвал яах вэ”. Та ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дээр долоон жилийн дараа болохгүй, бүтэхгүй байгааг ньхэлж байсан. Гэтэл долоон жил эрх мэдлийн оргилд сууна гэдэг юу эсийг амжуулж болох билээ. Үүнтэй адил нөхцөл байдал Ерөнхийлөгч Х.Баттулга дээр ч үүсэхийг үгүйсгэх хэцүү шүү дээ?

-Аливаа даргыг тойрон хүрээ­лэгчид нь л хүн биш болгож эвддэг тэр зам дээр анхаарлын тэмдэг болгож намайг энд Монголын сонгогчид томилсон хувь заяандаа гомдох баярлахын алиныг он цаг харуулах байлгүй дээ.

-Тэгвэл Ерөнхийлөгч зөвхөн Владивосток болон жүдогийн тэмцээн болох орон руу очих гэсэн хоёрхон маршруттай байж бол бас болохгүй байх гэдгийн тухайд?

-Бод доо, бид нар сүүлийн 30 жил гадагшаа явлаа. Манай дарга сайд нарт яваагүй,өр зээл гуйж аваагүй  улс орон гэж үлдсэнгүй. Тэр хэрээр энгийн ард бидний өр л нэмэгдээд байна. Манай хүн тэгж байна уу    Ерөнхийлөгчийн энэ удаагийн Азербайжаны айлчлал хэдэн сарын өмнөөс бэлтгэгдсэн байсан . Энэ улс бол ЗХУ ын задралаас гарч ирсэн,  Каспийн тэнгистээ нефтийн асар их баялагтай, тэрнийгээ гадаадад маш ашигтай борлуулах гэрээ хийж чадсан улс орон . Азербайжаны гэрээ Зууны гэрээгээр өргөмжлөгдсөн.  Улс төр нь тогтворгүй, ядуурал авлига манайх шиг болчих аюултай үедээ зөв гарцаа олж хөгжиж байгаа орны Ерөнхийлөгчтэй уулзаж яагаад болохгүй юм. Өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр гоё ганган дээл өмсдөг байлаа. Ц.Элбэгдорж, Н.Багабанди нар гоё сайхан үг хэлдэг байлаа. Одоо нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.

-Юуг тэр вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга бол тэдний дуураймал биш юм.  Тэдэн шиг торгоор хувцаслаж урнаар ярих жүжиг хэрэггүй. Олон зуун мянган нүд намайг ширтэж байгаа. Би алдаж болохгүй, ард түмнээсээ урваж болохгүй гэдэг хариуцлага тээж яваа хүн. Ийм хүн  тогтсон жишгээр төсвийн олон зуун сая төгрөгийг үрээд, гадагшаа яваад, өр нэмээд байж чадахгүй. Ингэж Ерөнхийлөгчөөр амьдралаа хохироолгож, татварын мөнгөө үр ашиггүй үрүүлж яах гээд байгаа юм бэ, та нар. Түүнээс бус гадагшаа  айлчлаад явах шиг амархан юм байхгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан эдийн засгийн том том төслүүд боомилогдож, гадаад руу хэлж, ярьж байгаа дэд бүтцийн төслүүдийг тодорхой эрх ашгийн хүрээнд дэлхийн том улс гүрнүүд урагш нь яаравчлан  хөдөлгөхгүй,  удаашралтай байна. Нөгөө хийн хоолой, төмөр замын асуудал. Бага багаар, харин ч Ерөнхийлөгчийн уран тоглолтоор урагшилж байгаа болохоос бус УИХ, Засгийн газар үүнийг нь  бүрэн дэмжихгүй байна. Азербайжаны Төрийн ордных нь хажууд  шахам жүдогийн тэмцээн болж байхад яагаад ороод гарч, сонирхож болдоггүй юм. Энэ чинь хувь хүний эрх. Хоногийн 24 цагт хөмсгөө зангидаад сууж байгаа хүн яагаад ганц удаа жүдо үзэж болдоггүй юм, айн. Та нар хүнийг хүнээр нь байлга л даа. Жүдо үзээгүй болж жүжиглэх үү тэгээд.  Цахимаар их дайрч шүүмжилж байна.   Монголд маань буу дуугарч танк хөдлөөгүй ч, иргэний дайны ирмэгт байгаа юм шиг, нэгэндээ  дайсагнах, үл итгэх сэтгэлгээ газар авсан байна шүү.

-Таныг “Ц.Хулан муу хүн. Муухай  хүн” гэж  мууллаа  ч гэсэн ялгарч торойж харагддаг, цагаанаар тусдаг  давуу тал тань яах аргагүй яруу найрагчийн мөн чанар.  Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрон эргэлдэж байгаа цөөнгүй хүмүүсээс ялгарах ялгамж тань ч энэ болов уу. Ийм хүнээсээ иргэний дайны ирмэгт ирсэн гэдэг үг сонсоход жаахан эмзэглэх сэтгэл төрж байна. Би хувьдаа эх хүний хувьд дайн, цус, бослого гэх мэт үгнээс их айж, эмээдэг. Танд аймшигтай санагдахгүй байна уу?

-Мэдээж. Би ч бас айдаг. Монгол хүн өнөөдөр дэлхийд  хэдүүлээ билээ. Биднээс юу үлдэх юм. Дороо л байхгүй болно. Гэнэт нэг өдөр гадны цэрэг ороод ирвэл яах юм. Цэрэг оруулж ирэхгүй ч шашин, соёлоор дамжаад  тархи, сэтгэлгээг нь эзэлчихвэл юу болохов. Үүнийг өнөөдөр бодож, үүний эсрэг ажиллаж гэмээнэ Монгол Монголоороо үлдэнэ. Иргэний дайн гарахаас ч сэргийлж чадна. Би энэ үгийг гараасай гэсэндээ бус битгий гараасай, битгий монгол хүн нэг нэгнээ хөнөөдөг тэр 1937 он руу эргэж очоосой гэсэндээ хэлж байгаа юм. Иргэдийн бухимдал иргэний дайн руу хүргэх нөхцөл үүссэн учраас сэрэмжлүүлж байгаа юм. Энд л асуудлын гол нь байгааг бодож, дахин хэлэхэд Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогыг дэмжмээр байна.

-Энд нэг зүйлийг зайлшгүй тодруулж асуумаар байна?

-Асуу, асуу.

-Ерөнхийлөгч Х.Баттулга болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нарт хамааралтай 280 сая ам.долларын төмөр замын  бүтээн байгуулалтын ажилтай холбоотой хэрэг өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн хариултгүй байгаа. Та тухайлбал энэ асуудалд ямар бодолтой байдаг вэ. Олон нийтийг Ерөнхийлөгчид хамгийн их эргэлзэхэд хүргэдэг сэдэв шүү дээ?

-Би  энэ талаар  ҮАБЗ ийн  А.Гансүх даргад хэлж л байсан. Зун УБТЗ ын осол гарах үед төмөр замын удирдлагын талаар ярьж байгаад та нар эд нарт олигтойхон шаардлагаа тавиад өгөөч ээ, юундаа бэмбэгнээд байдаг юм гэсэн. УИХ, АТГ нь хаацайлаад байгаа тохиолдолд яаж ч чадахгүй гэсэн утгатай үг өөдөөс хэлсэн.  Би А. Гансүх даргыг өмнө нь сайн мэдэхгүй ч, өнгөрөгч хугацаанд нэг дор ажиллаад овоо мэдлэгтэй хүн гэж дүгнэдэг болсон. Уг нь бол яг сонгуулийн үеэр энэ хүний тухайн асуудлаар  ээлжит шүүх хурал болж, гэмт буруу үйлдэл байхгүй гэдгээ тогтоолгосныг ч тэр үеэс л  сайн мэднэ. Харин Ерөнхийлөгчөөс бол асууж байгаагүй ээ. Хууль хяналтын байгууллага нь тэртээ дээр үед хэрэгт холбогдолгүй гээд хэлчихсэн байхад өмнөөс нь илүүг хэлж мэдэхгүй юм л даа.

-Та түрүүн “Ерөнхийлөгчийг сонгуулиар дэмжиж байсан шигээ дэмжээч” гэж ард түмэнд хандан хэлж байсан. Анзаарахад тэр үеийн дэмжлэг буурсан шиг санагдлаа. Судалгаанаас харахад өсөлт харагдахгүй байна билээ?

-Мэдээж ард түмэн бодит үр дүн хүлээж байгаа байх. Үр дүн надад ч хэрэгтэй байгаа. Харамсалтай нь, урагшаа ахихгүй байна. Ерөнхий­лөгчийн гар хөлийг бүрэн утгаар нь хуулиар далимдуулан хүлж, гинжилчихээд байна. Зөвхөн Ерөнхийлөгч гэж харахгүй. АН-аас сонгогдсон Х.Баттулга гэж хараад байх шиг байна.

-Тийм болохоор Ерөнхий­лөгчийн засаглалын талаар  яриад эхэлсэн байж мэдэх юм. Тийм үү?

-Үгүй дээ, шувуу буруу дэвээд байна гэдэг шиг өнгөрсөн 30 жилийн хугацааны бүхий л цаг үед яригдаж байсан сэдэв л дээ.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах итгэл та бүхэнд хэр байгаа вэ?

-Яг үнэнийг хэлэхэд 2020 оны УИХ-ын сонгууль л их юманд хариулт өгөх болов уу даа. Өөрөөр ч, Монгол хүний хувь заяанд итгэхээс өөр найдлага алга. Яасан ч урт олон юм асуудаг юм, хамаг өдөр өнгөрчихлөө (инээв) Өөдрөг л байцгаахаас даа,биднээс өөр хэн энэ улс орныг зүрхээрээ мэдэрч хайрладаг билээ,”үзэлцээд” байхаас. 

                                                                                                                       эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [220.248.62.xxx]

    Энэ боловсролгүй авгайн үгийг үг гэж тоох ч үгүй.

  • Зочин

    Зочин [66.181.187.xxx]

    Худалч

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?