"Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ГЭР МУЗЕЙ” МАРК

Сэтгүүлчийн үг

 

Маркийн тайлбар:  Цэндийн ДАМДИНСҮРЭН (1908-1986 он) бол монголын соёл, шинжлэх ухааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан халуун эх оронч, монголын эртний болоод эдүгээгийн өв соёлыг холбогч гарамгай эрдэмтэн, авьяас билэгтэй зохиолч, монголын ард түмнийг ХХ зуунд соён гэгээрүүлсэн бичгийн их хүн юм.

Ц.Дамдинсүрэн нь “Гологдсон хүүхэн” туужаа бичиж монголын орчин үеийн утга зохиолын үндэслэгчийн нэг болж, А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг орос хэлнээс хөрвүүлэн орчуулагч болохоо харуулсан. Түүний шүлэг зохиол, орчуулгыг мэдэхгүй монгол хүн байхгүй гэж болно. Мөн Монгол Улсын Төрийн Сүлд дууллын үгийг зохиосон нь эгшиглэсээр байгаа билээ.

“Монголын нууц товчоо”, “Гэсэр” тэргүүтэй эртний уран зохиолын системтэй судалгаа нь монгол үндэстэн бол өөрийн утга зохиолын хэлтэй, өөрийн утга зохиолын онол түүхтэй, эртний их баларшгүй дархан хэл соёлын өвтэй дэлхийн их улс үндэстний нэг гэдгийг судалгаагаараа нотолж гаргаж тавьсан байдаг.

Ц.Дамдинсүрэн шинэ үсгийн дүрмийг зохиож боловсруулсан нь бүх нийтийг бичиг үсэгтэн болгох орчин цагийн Монгол утга зохиолын хэл бүрэлдэн тогтож, хөгжин бэхжих үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

Монголын утга зохиол, соёлын гарамгай зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэнгийн үйлс, бүтээл туурвилыг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлж, түүхэн өв уламжлал, хэл соёлоо хамгаалах, судлан шинжлэн хойч үедээ таниулах зорилгоор түүний хөрөг, ном судрын өв, монгол улсын төрийн сүлд дууллын үг, эрдэмтний гар бичмэл, тэмдэглэл зэргийг марканд дүрслэн үзүүлсэн. Маркийн купон хэсэгт бичгийн ширээ, өөрийн болон гэр бүлийн фото зураг, судар, номын сан, гар бичмэлүүд, шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүний жуух бичиг, бэлэг дурсгалын зүйлс зэргийг дүрсэлсэн.

Маркийг бүтээхэд ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музей”-н туслах ажилтан Д.Мөнх-Отгон нар мэргэжлийн зөвөлгөө өгч, маркийн зураачаар Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?