ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 75 ДУГААР СУРГУУЛИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Сэтгүүлчийн үг

Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөл, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НЗД-ын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Япон улсын “Жайка” олон улсын байгууллага 2017 оны нэгдүгээр сараас “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-нд Монгол Улсын Засгийн газар, Японы улсын Засгийн газар, "Жайка" олон улсын байгууллагатай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүчин чадалтай сургууль, Хан-Ууул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн өргөтгөлийн барилгыг тус тус шинээр барих гэрээнд гарын үсэг зурсан юм.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока хэлсэн үгэндээ, тус сургуулийн барилгын онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дэд бүтэцтэй, гамшгийн үед хоргодох байрны зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологиор баригдаж байгаа. Үүгээрээ Монголд загвар болохуйц сургуульд болно гэдгийг онцлов. Түүнчлэн "Жайка" олон улсын байгууллагын төлөөлөгч эдгээр сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд БСШУСЯ болон холбогдох байгууллагууд ихээхэн анхаарал тавьж, дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.

Тус сургуулийн барилгаас гадна Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд барих шинэ сургуулийн шавыг тавьж, суурийн ажил нь эхлээд байгаа бол Налайх дүүргийн 53 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлын бэлтгэлийг хангаж байгаа аж.

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр өмнө нь хэрэгжсэн дөрвөн төслийн хүрээнд Улаанбаатар хотын 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг барьж, сургуулийн хүчин чадлыг 22 мянгаар нэмэгдүүлсэн гэдгийг онцлов. Мөн тэрбээр “Нийслэлийн төрийн өмчийн 123276 хүүхдийн хүчин чадалтай 136 ЕБС-д 220495 хүүхэд суралцаж, ачааллын дундаж коэффициент 1.8 хувьд хүрээд байгаа бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд 28 сургуулийн 204 бүлгийн 8743 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна. Нийслэлийн сургуулийн хүртээмжийн асуудал туйлын хүндрэлтэй байгаа нь дээрх тоо баримтаас харагдаж байгаа бөгөөд бидний өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү төсөл нь сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болно” гэлээ.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн нэгдүгээр шат 1999–2002 онд, хоёрдугаар шат 2003–2007 онд, гуравдугаар шат нь 2004–2008 онд, дөрөвдүгээр шатны үйл ажиллагаа нь 2009–2013 онд хэрэгжиж дууссан. Дээрх дөрвөн үе шаттай төслийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг шинээр барьж, ашиглалтад оруулсан юм.

Эдгээр сургуулийн барилга нь дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдах бөгөөд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах аж. Төслийн захиалагчаар БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон улсын “Maцуда консултанг интернэшнл”, “Гоо ван” компани, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Ивата Чизаки-Дай ниппон” компанийн хамтарсан түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Мухиа” ХХК ажиллаж байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    ЗОЧИН [66.181.178.xxx]

    ӨВӨЛ БОЛЖ БАЙНА

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?