ОВООНЫ ТАХИЛГАД 9 НАСТАЙ ХҮҮГИЙН АМЬ ЭРСДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өнгөрсөн сард есөн настай хүү хурдан морины уралдааны үеэр мориноос унаж амь насаа алджээ. (Хохирогч хүүгийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу хувийн мэдээллийг нууцлав). Энэ талаар сумын Засаг дарга Б.Амараа “Нутгийн нэгэн овоог хот айлууд тахидаг. Тахилгад зориулсан хурдан морины уралдааны үеэр хүүхэд эндсэн” гэв. Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням “Нутгийн иргэд жижигхэн толгой тахихдаа уралдаан зохион байгуулсан. Энэ үеэр гарсан хэрэг. Гэхдээ уралдаан зохион байгуулах талаар бидэнд, сумын удирдлагадаа албан ёсоор мэдэгдээгүй. Тахилгыг зохион байгуулсан иргэн хүүгээ хурдан морь унуулсан юм билээ” хэмээв. Уралдаан зохион байгуулагчийн өөрийнх нь хүүхэд амиа алдсан гэдэг мэдээллийг цөөнгүй албаны эх сурвалж баталгаажуулсан юм. Харин хүүгийн эцэг өөрөө бус өөр ахмад настай хүн уралдаан зохион байгуулсан гэсэн юм.

ХҮҮГЭЭ АЛДСАН ЭЦЭГ, ЭХ ГОМДОЛГҮЙ ГЭЖЭЭ

Эх сурвалжуудын хэлж буйгаар уг уралдаан албан ёсны зөвшөөрөлгүйгээс гадна унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй оролцсон байна. Харамсалтай нь, амиа алдсан хүүгийн эцэг, эх гомдолгүй гэж цагдаад мэдүүлжээ. Харин аймгийн цагдаагийн газраас албан ёсны зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулж, хүүхэд эндсэн гэдэг үндэслэлээр зохион байгуулагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Бага насны хүүхдийн амь нас хохирсон эл ослын араас ямар хариу арга хэмжээ авч буйг тодруулахад О.Балжинням “Хүүгийн даатгалын нөхөн төлбөр болох 20 сая төгрөгийг олгуулахаар холбон зуучлах хариу арга хэмжээ авч байна. Хүү Алтан овооны наадамд оролцохдоо даатгуулсан байсан” гэв. Уралдаан зохион байгуулах гэж буйгаа сумын удирдлагад мэдэгдэж, ядаж төр оролцоод зохион байгуулсан бол хүүхэд нь эндэхгүй байсан юм хэмээн сумын засаг дарга эцэгт нь халаглаад өнгөрчээ.

Амиа алдсан хүүгийн эцэг, эх гомдолгүй гэж цагдаад мэдүүлжээ

Тус аймагт сүүлийн хоёр жилд болсон хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдүүддээ хамгаалалтын хувцас, хэрэглэлийг нь бүрэн өмсгөж, шаардлага хангаагүйг нь уралдаанд оруулаагүй. Үүний ачаар унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учраагүй аж. Энэ жил Алтан овооны тахилгын үеэр ч есөн насны морьд уралдахад нэг ч хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халтай эрсдэл гараагүй гэдгийг аймгийн мэргэжилтэн хэллээ. Харамсалтай нь албан ёсны зөвшөөрөлгүй, иргэд, хот айлууд дур мэдэн зохиож буй уралдаанд хүүхэд эндэх тохиолдол олон байгаа аж. Ийм уралдааны үеэр зохион байгуулагчид хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэглэл өмсүүлэх тал дээр ч хяналт тавьдаггүй, эцэг, эх нь ч хэнэггүй ханддагаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд орж байна.

  • Уралдаан албан ёсны зөвшөөрөлгүйгээс гадна унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй оролцсон байна.
  • Дур мэдэн зохиож буй уралдаанд хүүхэд эндэх тохиолдол олон байгаа аж.
  • Одоо намрын уралдаанд ч зохицуулалт хийх цаг нь болжээ.k.

Нөгөөтэйгүүр, уралдааныг амиа алдсан хүүгийн аав зохион байгуулсан эсэхээс үл хамааран тэрбээр хохирогч, бас гэмтэн. Хэдийгээр амиа алдсан хүүдээ гомдолгүй гэж буй ч хохирогчийн хууль ёсны асран хамгаалагчийн үүргээ биелүүлээгүй. Энэ тохиолдолд хүүхэд хамгааллын тухай болон холбогдох хууль журмаар ямар хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдгийг хууль сахиулагчид, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагын аль нь ч тодорхой хэлсэнгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр “Нөхцөл байдлыг нь нарийн тогтоохгүйгээр шууд хэлэх боломжгүй” гэв. Харин ГБХЗХГ-ын хуулийн албаны дара А.Энхбаатар “Энэ тохиолдолд эцэг, эхчүүд ямар нэг зөвшөөрөлтэй, албан ёсоор зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнд зориулалтын хамгаалалтын хэрэгсэлтэй л хүүхдээ оролцуулах хэрэгтэй” л гэх зөвлөмж өгнө дөө. Намар цагт найр наадам, унага тамгалах, хүүхдийн сэвлэг үргээх гээд хүн бүр дур дураараа, энд тэндгүй уралдаан зохион байгуулдаг. Тэр болгонд иргэд хүүхдээ уралдуулна гээд л дагуулж очдог. Монгол даяараа л ийм байна шүү дээ” гэлээ.

АЛБАЖУУЛААГҮЙ УРАЛДААНД ХҮҮХЭД ЭРСДЭХ НЬ ИХ

Энэ жил улсын болон аймаг, сумын наадам, томоохон овоо тахилгын үеэр гэмтэж бэртсэн хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад илт багассан. Олон нийт, хэвлэл мэдээллийн ачаар унаач хүүхдүүдийг эрсдэлээс сэргийлэх ажил ахицтай байсан. Гэтэл үүний эсрэгээр албан ёсны зөвшөөрөлгүй уралдаанд хүүхэд эрсдэх тохиолдол олон байна. Өвөл, хаврын уралдаанд 12 хүртэлх насны хүүхэд оролцуулахыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг үл харгалзан, холбогдох байгууллагуудад мэдэгдэлгүйгээр “Дүнжингарав-2018” уралдааныг гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянталд зохион байгуулсан. Гэтэл уралдаан ямар ч зохион байгуулалтгүй, эмх журамгүй, морь, автомашины холимог болсон гэж ХЭҮК дүгнэсэн. Зам талбайн тоос, шороо маш их байсан тул ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдаж, уралдааны үеэр 18 хүүхэд мориноос унаж сэтгэл санаа, бие махбод, эрүүл мэндээрээ хохирсон. Тэдний нэг нь тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт яаралтай хүргүүлсэн. Бас нэг хүүхдийн гар хугарч, хоёрынх нь мөр болон шуу бэртсэн байна. Мөн нэг хүүхдийн хөл хугарч, дөрвөн хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргүүлсэн гэсэн албан ёсны бүртгэл бий. Тэгвэл яг ийм хэмжээний аюул намрын найр, наадамтай зэрэгцэн унаач хүүхдүүдэд заналхийлж байна.

ЖАЛГА ДОВНЫ УРАЛДААНЫГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ

Унаач хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох өндөр эрсдэлтэй түвшинд ордог. Олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн бол хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг таван орчны нэг. Үүнийг хуульд тусгаж, сэргийлэх үүрэгтэй албан тушаалтнууд нь ч тов тодорхой байгаа. Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар тухайн сумын засаг дарга үүнд хяналт тавьж, сэргийлэх ёстой. Гэтэл сумын засаг дарга нь найр наадам ид хавтгайрдаг намрын цагт амарч зугаалчихаад, уралдаан болох үеэр “би байгаагүй, мэдээгүй байсан” гэдэг тайлбар тавиад сууж байна. Тэртэй тэргүй намрын цагт найр наадам хавтгайрдгийг монголчууд бүгд л мэддэг. Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын хуулийн албаны дарга нь ч үүнийг мэддэг атлаа яаж зохицуулахаа мэдэхгүй сууж байна. Асуудлын учир шалтгаан, цаг хугацаа, эрсдэл, хариуцах эзэд нь тодорхой атал яагаад шийдэл гаргаж ирж чадахгүй байна вэ. Ядаж сэрэмжлүүлэг, ухуулга сурталчилгаа явуулж болохгүй гэж үү. Монголчууд бэсрэг наадмуудад морь уралдуулахгүйгээр баярлаж сурах хүртэл уралдаан тэмцээнийг нь албажуулж, хяналт тавьж яагаад болохгүй гэж. хурдан морины өвөл, хаврын уралдаанд зохицуулалт хийж чадсан. одоо намрын уралдаанд ч зохицуулалт хийх цаг нь болжээ.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    albaker [93.66.204.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

  • Зочин

    headasdwa [103.26.194.xxx]

    Odoo Suhbaatar aimagt saihan zun bolood gan gachiggui ard irged bugdeeree bayn targan saihan bh bh daa buhel buten neg hunii amiar ovoo tahisan humuus

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?