АТГ-ААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Сэтгүүлчийн үг

АТГ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаагийн ээлжит хэвлэлийн хуралд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар оролцов. 

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ-аас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж  авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна гэж үзэн таслан зогсоох зөвлөмжийг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр үр дүнтэй ажил хийгдээгүйн улмаас бодит нөхцөл байдал дээр нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах асуудал таслан зогсоогдохгүй байгаа бөгөөд зарим аймагт уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ. 

Яамдуудаас ХНХЯ-ны шилжилт хөдөлгөөн их байна гэв

Энэ сард АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 837 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлээд байна. Энэ хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна. Тус газарт ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээллийн дагуу ХАСХОМ-ийн хяналт шалгалтыг явуулж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Батцогтод сануулах, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, мөн аймгийн Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Мөн дээр дурдсан үүргээ удаа дараа биелүүлээгүй Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирал И.Отгон-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул байна. Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох байдал эрүүл мэндийн салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, “...Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад “Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлууд гарч байна

Ашигт малтмалын эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ

АТГ-аас дараах хэргүүдэд хэрэг бүртгэлт нээжээ. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнууд нь аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олгохдоо Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчин албан эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлд, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хууль тогтоомжийг илтэд зөрчиж хууль бус шийдвэр гаргасан, хандив нэрээр компаниудаас бэлэн мөнгө авч хууль бусаар зарцуулсан гэх үйлдэлд, “Монре даатгал” ХХК-ийн удирдах албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх замаар  удаа дараагийн  үйлдлээр 420.612.797 төгрөгийн хохирлыг учруулсан гэх үйлдэлд тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

“МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудын хэргийг прокурорт шилжүүлжээ

Харин дараах хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ. 

 Улсын тусгай хамгаалалттай газрын албан тушаалтан Ц гэгч нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгалийн цогцолбор газарт амарсан амрагч, аялагчдаас оруулсан орлогоос тодорхой хувийг завшсан, зөвшөөрөлгүй тээвэрлэгдэж, хураагдсан модыг бусдад худалдаж завшсан, байгалийн цогцолбор газарт ойд мод арчилгааны зориулалтаар мэргэжлийн байгууллагын дунд тендер зарлалгүйгээр хувь хүмүүст мод бэлтгэлийн ажлыг олгож, хууль бусаар бэлтгүүлсэн гэх үйлдэлд, Ховд аймгийн нэр бүхий удирдах албан тушаалтнууд гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас хөндөгдөж сүйтгэгдсэн газарт нэр бүхий иргэдэд  нөхөн сэргээлтийн эрх авч өгнө гэж урьдчилан амлан албан тушаалын байдлаа ашиглан хахууль авсан, мөн аймгийн хурлаар төсөв батлуулалгүй орон нутгийн хөгжлийн сангийн 70 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан гэх үйлдэлд, “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүллээ.

УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т-гийн хэргийг шүүхэд шилжүүлнэ

Дараах хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг, “Оюу цагаан барс” ХХК-ийн нэр дээр 30 тн хуш модны самрын чөмөгний тусгай зөвшөөрөл, 600 тн самрын ясны тусгай зөвшөөрлийг авахын тулд БОАЖЯ-ны удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх хэргийг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын эрх бүхий албан тушаалтан нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх хэргийг, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар нь 2017 оны 7 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор их хэмжээний бараа тээвэрлэсэн дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт тус тус шилжүүлээд байна.

 Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин Шарын гол төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар хариулт өгнө үү? 

-АТГ-ын даргад Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит компанид ТУЗ-ын даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Тэгэхээр энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. АТГ-ын үйл ажиллагааг гутаах, саармагжуулах зорилготойгоор АТГ-ын даргын нэр хүндэд халдах байдлаар гаргаж байна. АТГ-ын үйл ажиллагааг гутаах мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл ирсэн. Энэхүү мэдээллийг сошиалаар хуульч өмгөөлөгч Пүрэвбаатар бичсэн байсан. Энэ хүн хэний өмгөөлөгчөөр ажилладаг вэ гэдгийг сэтгүүлчид мэдэх байх. Мөн Пүрэвбаатар гуай АТГ-ын Олон нийтийн дэргэдэх зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Энэ зөвлөлийн гишүүн атлаа ийм худал мэдээллийг сошиалаар тарааж байгаа нь харамсалтай явдал. Ер нь АТГ-ын Олон нийтийн дэргэдэх зөвлөлийн дарга болон гишүүд АТГ-ын үйл ажиллагааны талаар ташаа мэдээлэл тараадгаа зогсоох хэрэгтэй. Худал мэдээлэл тараасан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулна. 

-Төмөр замын хэрэг юу болсон юм бэ?

-Монголын төмөр замтай холбоотой хэрэг тусгаарлагдаж, Солонгосын иргэнтэй холбоотой хэрэг шүүхээр орж шийдэгдсэн. Нэр бүхий иргэд гадаад улсад оргон зайлсантай холбогдуулан тэр хэрэг тусгаарлагдаж үлдсэн байгаа. Мөрдөн байцаах ажиллагаа хийгдэж байна. 

Эрдэнэт үйлдвэр, Жастын Ш.Батхүүтэй холбоотой хэрэг одоо ямар шатандаа явж байгаа вэ?

-Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн аудитын болон үндсэн дүгнэлтүүд гарсан. Хэрэг асуудлыг нэлээн өргөн цар хүрээтэйгээр шалгаж байгаа. Шалгагдаж буй хэргийг ойрын үед прокурор, шүүхийн шийдвэрт шилжүүлэх тухай асуудал яригдаж байгаа. 

-Цэцэрлэг, сургуулийн элсэлт явагдаж байгаа энэ үед авлигын хэргээр эцэг, эхчүүдээс ирсэн санал гомдол байгаа юу? 18 дугаар сургуулийн захирлыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байсан. 

-Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр хахууль, авлига авч байна гэсэн мэдээлэл жил болгон гардаг. Одоогоор энэ асуудлаар гомдол мэдээлэл ирээгүй байна. Бид энэ асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн Боловсролын газар, БСШУСЯ-нд зөвлөмж, чиглэл хүргүүлж ажилласан. 

-Эрүүл мэндийн сайд өөрийн ашиг сонирхлын дагуу хамаарал бүхий этгээдийг төрийн албанд томилсон гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тухайн томилогдсон этгээд нь Эрүүл мэндийн сайдын хүүгийнх нь найз гэдэг нь тогтоогдсон. Зөвхөн энэ гэлтгүй холбогдох яамдууд дээр явагдаж буй томилгоо төрийн албаны тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой. Энэ мэтчилэн хуулийн хүрээнд шийдэгдэхгүй байгаа учраас бид Төрийн албаны зөвлөлд хандсан байгаа.

-Ерөнхий сайдтай холбоотой хэрэг юу болов?



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?