36 ТЭРБУМААР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Өмнийн их говь... Нэгэн цагт их далай цэлэлзэн байсан говь нутагт энэ цагт уул уурхайн компаниуд пижигнэлдэх болсоор бас ч гэж багагүй хугацаа өнгөрчээ. Монголчууд төдийгүй дэлхийн анхаарлыг татах цэг болсон их ордуудын нэг нь Тавантолгойн орд. Тэр хэрээр Монгол Улсын эдийн засгийн гол түшиц болсон уул уурхайн компаниудын эхлэлд Тавантолгой ч багтана.  

Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард УИХ -ын гишүүн Л.Энхболдын хүсэлтээр орон нутгийн өмчит Тавантолгой ХК -д төрийн бүх байгууллагуудын нэгдсэн шалгалт орж тус уурхайн үйл ажиллагаа хоёр сар гаруйн хугацаанд зогсчээ. 

Шалгалт орох болсны учир нь нэг ордыг хуваан олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хиллэн, хоёр байгууллагын хооронд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тулгардагын л нэг. Арав гаруй жилийн өмнө буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхлээгүй байх үед олны нэрлэж заншснаар орон нутгийн Таван толгой  компани олгогдсон талбайдаа уулын ажил, олборлох технологийн явцад зарим газраар хил давсан байдаг. Харин 2016 онд хоёр байгууллагын зүгээс хамтарсан ажлын хэсэг гарган 2011 оноос өмнөх он жилүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж,  260 гаруй мянган тонн нүүрс олборлосон тухай акт тогтоол гаргасан. Энэхүү актаараа хэдий хэмжээний талбайд олборлолт хийж, ямар чанарын нүүрс олборлосон талаараа нарийвчилж, тогтоон цаашид гарсан алдааг залруулахаар хамтран ажиллаж байсан юм.

Гэвч эрхэм гишүүний хүсэлтээр дахин шалгаж эхэлсэн. Эргэлзээ тээнэгэлзээ байгаа бол шалгалгүй л яахав. Эндүүрэл алдаагаа засалгүй л яахав. Эрхэм гишүүний бүү хэл, энгийн иргэний өгсөн мэдээллийг нягтлалгүй  л яахав, холбогдох албаныхан...

Гэхдээ  тус компанийн үйл ажиллагаа шалгалтын улмаас хоёр сар гаруйн хугацаанд зогссоноор нэг сая тонн нүүрс олборлож, 108,8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломж алдагджээ. Хэрвээ тус уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан өнөөдрийн байдлаар улсад 36-н тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлж , Өмнөговь аймгийн төсөвт 11-н тэрбум төгрөгийн татвар төлөх байж...

Энгийнээр тайлбарлавал, өнөөгийн зах  зээлийн ханшаар 36 тэрбум төгрөгөөр

120 хүүхдийн ортой цэцэрлэг 32,

640  хүүхдийн суудалтай сургууль 9,

Улаанбаатар хотод 7.2 сая мод тарих,

Улаанбурханы амьсгалын аппарат 1028-ыг авч болох мөнгө...

Үйл ажиллагаа нь хоёр сар зогссоны улмаас  учрах эдийн засгийн хохирол үүгээр дуусахгүй. Угтаа өдийд хөрс хуулалтын ажил ид хийгдэж байдаг бөгөөд хүйтний улирлаас өрсөж, олборлолтын бэлтгэл ажлаа хангах учиртай. Тэр ажил ч таг зогсож. Тэр хэрээр алдагдал... Товчхондоо төсвийн орлого багасна. Үүнээс гадна өнөө шалгалт хэзээ дуусах нь ч бас тодорхойгүй байна... 2018 оны эхний хагас жилд "Таван толгой" ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66.3 хувиар буурч 19.3 тэрбум төгрөг болсон байна гэх албан мэдээллийг МХБ-ээс өгсөн. Тэр хэрээр төсвийн орлого буурна. Цаашлаад улсын төсөв дутна. Тэр дутууг хэрхэн нөхөх вэ? Хурдан түргэн шалгаж, тогтоогоод уурхайн ажлыг үргэлжлүүлж, учирсан “алдагдал”-ыг нөхүүлэх боломж байна уу...

Нөгөөтэйгүүр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого нь импортоос, уул уурхай, эрдэс түүхий эдийн олборлолт, импортоос шууд хамааралтай байдаг. Басхүү улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн 80.0 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг. Харин татварын орлогын 62.4 хувийг орлогын албан татвар, НӨАТ, онцгой албан татвар, гаалийн албан татвар гэсэн дөрвөн  төрлийн татвараар бүрдүүлдэг. Татварын орлого тасалдаж,  орон нутгийн төсөв хүрэлцэхгүйд хүрэх нь... Албан мэдээллээс харахад орон нутгийн Тавантолгой Өмнөговь аймгийн нийт төсвийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Өнөө жилийг тус аймаг бүтээн байгуулалтын жил хэмээн зарласан. Төсөв төлөвлөсний дагуу цуглахгүй нь... Дашрамд өгүүлэхэд, Баянхонгор аймагт 2018 онд 36 тэрбум төгрөгөөр 24 ажил хийгдэнэ хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  аймагт ажиллах үеэрээ онцолж байсныг санаж байна.  Тодруулбал, мах боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц барина. Мөн “Номуундалай” 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг эхлүүлж, амбулатори, 50 ортой хүүхдийн  барихаар болсон. Товчхондоо нэг аймгийн нэг жилийн төсөвт хүрэлцэхүйц мөнгө... Орон нутгийн Тавантолгойд хийгдэж буй шалгалт хэзээ дуусаж, уурхай үйл ажиллагаагаа явуулах боломж хэзээ олдох нь тодорхойгүй... Эцэст нь тэмдэглэхэд хоёр сар үргэлжилж буй шалгалтыг хийхийн тулд уурхайн үйл ажиллагааг зогсоох ямар ч шаардлагагүй. Маргаантай талуудын инженер техникийн ажилтнууд, хөндлөнгийн аудитай хийгээд шийдчих асуудал болохыг хэлэх юм билээ...

                                                                                                                З.УРАНСҮХ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?