Д.АМАРБАЯСГАЛАН: 42 ДУГААР ТОЙРОГТ ОЛОН ТӨРЛИЙН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

МАН-ын ээлжит II Бага хурал үргэлжилж байна. Хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-МАН Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт ямар хүн нэр дэвшүүлэх байр суурьтай байгаа вэ?

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласан үеэс эхлээд 42 дугаар тойрог дээр олон төрлийн судалгаа хийж ажиллаж байгаа. Манай нам 42 дугаар тойрогт ялах бүрэн боломжтой. Манай намаас нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр судалгаагаар гарч ирж байгаа. Төрийн төвшинд, орон нутгийн төвшинд, нам улс төрийн төвшний хүмүүс байгаа. Гэхдээ нэр дэвшилт есдүгээр сарын 4-нд болно. Үүнээс өмнө бид судалгаа хийж, ялалт байгуулах боломжтой намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 42 дугаар тойргийн иргэдийг төлөөлөх боломжтой хүнийг нэр дэвшүүлнэ.

-Хяналтын ерөнхий хорооноос “60 тэрбум”-ын хэрэгт нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцно гэж байсан. Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэх үү?

-Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг өнөөдөр авна. Үүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга ганцаараа шийдэхгүй. Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг намын Удирдах зөвлөл, Бага хурал, шат шатны намын байгууллагын удирдлагын төвшинд ярьж байж, эцэслэн шийдвэрлэнэ. Ганц “60 тэрбум”-тай холбоотой асуудал гэхээсээ илүү намын гишүүний хувьд хариуцлага алдсан, нэр хүндээ улдаж байгаа, ёс зүйгээ ухамсралахгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцно.

-Намын дарга нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн үү?

-Намын дарга нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээгүй байгаа.

-МАН дотроо хуваагдаад бие биенийхээ эсрэг нэвтрүүлэг хүртэл хийж байна. Намын дотоод зөрчлийн асуудал дээр намын удирдлага ямар байр суурьтай байгаа вэ?

-Хяналтын ерөнхий хороо хуралдаад энэ асуудал дээр анхаарлаа хандуулж ажилласан. Улс төрийн нам сонгуульд ордог, намаас нэр дэвшиж ялалт байгуулсан хүн намыг төлөөлж байгаа. Тиймээс намаас нэр дэвшиж ялалт байгуулсан хүмүүс намынхаа бодлогод удирдагдаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Намынхаа дотоод эв нэгдлийг хангахын тулд бид зарим алдаа дутагдлыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Нийгэмд бухимдал үүсгэж, олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа намын гишүүдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа дутагдлыг засч урагшилна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?