Г.БАЯСГАЛАНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГААР ТОМИЛЛОО

Сэтгүүлчийн үг

Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд Гунгаагийн Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл яг одоо хуралдаж буй Засгийн газрын хуралдаанаар Г.Баясгаланг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд томилжээ. 

Төрийн албаны зөвлөл уг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлан мэдээлж, зохион байгуулахад шалгалтад дөрвөн иргэн өрсөлдсөн байна.

Сонгон шалгаруулалтыг цахим систем болон долоон бүрэлдэхүүн шалгалтын хүрээнд зохион байгуулсан бөгөөд тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэж, эдгээр иргэнээс Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалан сонгон шалгаруултын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авчээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд томилогдож уг албан тушаалын сул орон тоо гарсан билээ. 

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?