"ХУЛГАЙН" ГЭГДДЭГ 268 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН НҮҮРС БОЛ МАНАЙ АВЛАГА ЮМ

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулах үеэр сэтгүүлчдийн тавьсан асуултанд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хариулсныг хүргэж байна.
 
7.3 тэрбум тонны нөөцийг олон улсын стандартаар батлуулахаар ажиллаж байна

-Тавантолгойн цахилгаан станц барьж байгуулах ажил юу болсон вэ?
-Станцын асуудлыг өмнө нь яам (УУХҮЯ)-н дээр манай компани хамтран хариуцаж байгаад сүүлд ЭХЯ-нд очоод төслийн хэлбэрээр явж байгаа. Станцын үйл ажиллагаанд оролцох хүрээнд бид салбарынхаа яамтай мэдээлэл солилцоод хамтран ажиллаж байна. Хамгийн боломжтой хувилбар бүхий ТЭЗҮ эцсийн байдлаар боловсруулан гарсан төсөл байдаг юм. Энд хамтарч оролцох саналаа бид хүргэсэн. Саяхан УИХ, Засгийн газраас тогтоол гарсан. Ер нь Тавантолгойтой төслүүдийг “ТТ” дээр нэгтгэх асуудал ярьж байгаа юм билээ. Яг эхийг нь аваад хамтраад, ажлын хэсэг байгуулаад явах үед бид тодорхой мэдээлэлтэй болох байх. Одоогоор төсөл хэлбэрээр явж байгаа.
-“ЭТТ”-н үнэлгээг хэр хийж өсгөж байна. Олон улсын стандартад шилжиж байна уу?
-Компанийн үнэлгээг цаашид өсгөх олон төрлийн аргачлал байдгаас газар доорх баялгийг үнэлэх тусгай технологи бий. Үүгээр мэргэшсэн шинжээч болон компани манайд байдаггүй юм билээ. Өмнө нь 2011-2012 онд бид стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хүрээнд олон улсын тендер зарлахад12 компани орж үнэлгээг 2.7 тэрбумаас 20-иод тэрбум ам.доллараар эхэлсэн байдаг. Энд ялгаатай байгаа нь зарим компаин бүх дэд бүтцээ оруулж тооцсон байхад зарим нь олборлолтоо, нэг хэсэг нь зөвхөн ганцхан төмөр замаа оруулаад гэх мэтээр төслийн үнэлгээ өөр өөр байсан, ингэж ирүүлсэн. Эндээс дундаж үнэлгээг 2-5 тэрбум тонны нөөцтэй гэж ярьдаг. Үүнийг баталгаажуулах нь чухал бөгөөд одоо зөвхөн Цанхийн хэсэг нь нэг тэрбум гаруй тонн гэж баталгаажсан нөөц байдаг. Бусад 7.3 тэрбум нөөцийн 6.2 тэрбум нь тогтоосон, магадлалтай, батлаагүй нөөцүүд байгаа юм. Бидний дурдаад буй 2014 оноос хойш тасраад байсан нөөцийн хайгуулыг 50 мянган тууш метр, ашиглалтын хайгуулыг 13 тууш метр хийж гүйцэтгэн 27 мянган дээж авснаас 12 гаруй мянган дээжийн хариуг гаргаж буй нь нөөцөө, үнэлгээгээ баталгаажуулахын тулд хийж буй ажил юм. Тухайн үед зөвхөн Зүүн Цанхийн буюу 30 сая тонн нүүрсийг 30 жил олборлох ТЭЗҮ байж түүний хүрээнд бид тендер зарлаж байсан 900 сая тонны үнэлгээ юм. Өмнө нь улстөрчид УИХ дээр өчнөөн ярьж байсан энэ үнэлгээг зөв ойлгохгүй бол 7.3 тэрбумаа тэр чигээр нь үнэлсэн юм биш шүү. Нөөцөө үнэлэхийн тулд доор байгаа баялгаа дэд бүтэцтэйгээ хамт үнэлдэг, тийм бодлогыг гаргаж бий болгохын тулд одоо бидний яриад буй бусад дэд бүтэцтэйгээ уялдуулж шууд хамааралтай болгож байж үнэлгээг өргөж өсгөх юм.
Стандартын тухайд хуучин Монгол-Оросын хамтарсан Геологийн зөвлөлөөр уламжлалт аргаар баталсан 5.1 тэрбум тонны нөөц А.В, С, D зэрэглэлээр тогтсоныг сүүлд бид “Норст” болон “Эмплай” компаниудтай жорк стандарт руу шилжүүлэхэд 7.3 тэрбум тонн гэсэн байгаа. Энэ нь А зэрэглэлээр бол 1.1 тэрбум тонны нөөцтэй гэх мэтээр ангилалтай гардаг нарийвчлалуудын мэдээлэл нь манай дээр гарсан бий. Бид цаг хугацааны хувьд хэд хэдэн удаа хайгуулын жил хийсэн учир дахиад жорк стандарт руу шилжүүлэхэд нөөцийн хэмжээ өөрчлөгдөнө. Энэ хүрээнд УИХ, Засгийн газраас тогтоол гараад бид нөөцийн нэгдсэн тайланг батлуулах ажлаа 80-90 хувьтай боловсруулаад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр бид наймдугаар сард оруулахаар ажиллаж байна. Тэр үед дахиад жорк стандарт руу шилжүүлэхэд нөөц үнэлгээний тоо маш тодорхой болно.

 
“Хулгайн” гэгддэг 268 мянган ам.долларын нүүрс бол манай авлага юм



-Орон нутгийн өмчит “ТТ” танай компанийн хооронд сарын хугацаанд үүссэн 300 шахам мянган ам.долларын “хулгайн” гэгдэх нүүрсний асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулсан, юу болж, хэрхэн шийдэж, хэзээ ил тод болох гэж байна вэ?
-Энэ нь сүүлийн жил гаруйн хугацаанд “жижиг” Тавантолгойгоос манайхтай холбоотой хийсэн гэрээ, тэр гэрээний хүрээнд 268 мянган ам.долларын нүүрсний асуудлыг яриад байгаа юм. Энэ нь нэг сарын асуудал биш, 2014 оноос хойш болсон үйл явц юм. Тэр үед технологийн, төрөл бүрийн хэлбэрээр манай лицензийн талбай бүхий хэсэгт байгаа нүүрс хана болон булан хэсгээс унасан, таац үүсэхэд нурсан, технологийн зам гарахад дунд нь өртсөн гэх мэтээр янз бүрийн хэлбэрээр ийм хэмжээний нүүрсний асуудал үүссэн юм. 2016 онд бид ажлаа аваад маркешедерүүдээ ажиллуулж үүнийг баталгаажуулсны дүнд 268 мянга гэдгийг тогтоож нөгөө талаар хүлээн зөвшөөрүүлж 2 талаас акт үйлдсэнийг үндэслээд “хулгайн нүүрс” гэж яриад байгаа юм. Энхүүхэндээ гэж хэлэхэд энэ бол манай компанийн авлага юм. Сүүлд СЯ, АМХЭГ гээд хэд хэдэн газраас ажлын хэсэг байгуулж шалгалт хийхэд бид бүх нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн. Дүгнэлт нь одоо гарах дөхөж байна. Энд 268 мянган ам.долларын нүүрсний хэмжээ нэмэгдэж 340 орчим мянган ам.доллар болсон гэж ойлгоод байгаа. Нэг хариуцлагагүй байдал нь орон нутгийн өмчит ТТ маркешедрээ ажиллуулдаггүй, 2 уурхай зэрэг 24 цаг ажиллаж байхад манай талыг байнгын мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй. Манай хувьд ил уурхай болохоор технологийн горимын хувьд  шууд хэлэхэд боломжгүй болчихоод байгаа юм. “Жижиг” ТТ-н уурхай нь манай уурхайн хил хязгаар дотор байдаг болохоор түүнийг хил хязгаарыг давж, манай харуул хамгаалалтыг нэвтэрч ордог учир дотоод үйл ажиллагаа явуулахад үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдал орон нутгийн ТТ-д үүссэн юм. Тиймээс 2 уурхайн хувьд энэ асуудлыг гадаргуугийн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-гийн хүрээнд нийлүүлж шийдэх ажлыг зохион байгуулж, цаашид ямар нэг зөрчилгүй болох арга хэмжээг авах ёстой. Үүнийг хуулийн байгууллага болон ажлын хэсгийн дүгнэлт гарахаар үндэслээд хэлнэ. Гэхдээ технологийн горимын хувьд ондоо гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ асуудлаар 2 уурхай мөн ажлын хэсгийг хамтран байгуулаад ажиллаж байна. Энд нэг тонн нүүрсийг хүртэл чанарын зөрүүгүйгээр хүлээлцэх талаар харилцан тохиролцсон байгаа. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломж байхгүй. Яагаад гэвэл нөгөө ТТ-н зардаг нүүрсийг манайх 60-70 ам.доллар ба түүнээс дээш үнээр борлуулдаг гээд 2 компани нүүрсээ өөр өөр үнээр зардаг, тиймээс үүнийг 268 мянган ам.доллараар тооцоод үржүүлэхээр орон нутгийн өмчит ТТ-н нөхцөл байдал хүндрэх учир нүүрсийг нүүрсээр байлгах боломжит хувилбарыг бид судалж байна.
-БНХАУ-ын “Чалко” компанитай одоо ямар гэрээ, үнээр нүүрсээ нийлүүлэн ажиллаж байна вэ? Өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хийсэн гэрээн дээр ямар зөрчил гарч байсан бэ?
-“Чалко”-той байгуулсан гэрээ 2012 оноос хойш явж байгаа, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулаагүй. Гэхдээ тэр үед гэрээтэй холбоотой тодорхой зөрчлүүд үүсч, түүнээс хамаараад нүүрсний үнэ шууд унаж команийн үйл ажиллагаанд хүндээр нөлөөлөх зэрэг үйл явдал гарч байсан. Гэхдээ өнөөдрийн хувьд тэр бүх нөхцөл байдлыг засаад суурь үнээ тохироод гэрээг сайжруулж байгаа. “Чалко”-гийн нэг давуу тал нь олон улсын нээлттэй зах зээл дээр гарсан, БНХАУ-ын төрийн өмчит том компанийн хувьд манай үнэлгээ өсөх нь энэ гэрээний үр дүн байгаа юм. Манайх “Чалко”-гоос өмнө 350 сая ам.долларыг гэрээтэй холбоотойгоор урьдчилан авснаа 2017 онд бүрэн төлж дууссныг та бүхэн мэдэж байгаа. Одоо “Чалко” компанийн үндсэн гэрээ эхлээд явж байна. Үүгээр нүүрсний үнэ барууны буюу олон улсын зах зээлийн хэмжээнд дүйцэхүйц очино. Үүнийг бид өдөр тутам шахаж шаардан ажиллаж байна. Энэ үндсэн гэрээ ил тод, нээлттэй, “Чалко”-гоос ямар нэг хэлбэрээр хязгаарласан хаалт бүхий зүйл байхгүй байгаа.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?