Х.БАЯНМӨНХ АВАРГАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Улсын баяр наадмаар жараас дээш настай Монгол Улсын аваргад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу Х.Баянмөнх аваргад хүндэтгэл үзүүллээ.

Монгол улсын хөдөлмөрийн баатар,Монгол улс, Зөвлөлт холбоот улсын (хуучин нэрээр) спортын гавъяат тамирчин, хорьдугаар зууны манлай бөх, Mонгол улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнх хорьдугаар зууны хоёрдугаар хагаст буюу 1960 оноос наадмын ногоон дэвжээнд амжилттай барилдан наадамч олноо баясгаж эхэлжээ. Монгол бөхийн жинхэнэ од, зууны манлай бөх даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнх 1944 оны модон мичин жил Увс аймгийн Хяргас сумын нутаг Хан хөхий нурууны салбар Хийвийн голд малчин ард Довчингийн отгон хүү болон мэндэлсэн Баяд ястан юм.

Х.Баянмөнхийг 10 настай байхад нь эцэг Довчин нь насан өөд болж тэрээр амьдралын хатуу хүтүүд нухлагдан хар ажил хийж борогшин тэнхээ суужээ. 12 наснаасаа сумын наадмын бөхийн аманд гарч, 16 насандаа сумындаа түрүүлж сумын заан цол хүртжээ. Сумын заан 17 настай хөвүүн 1961 онд Нийслэл хотод багшийн их сургуульд элсэхээр зорин ирсэн нь түүний хувьд улсын цолтой, алдартай бөхчүүдтэй гар зөрүүлж үзэх,өөрийгөө сорих боломж нээгдсэн байна.

1961 оны намар спортын төв ордонд болсон бөхийн барилдаанд анх зодоглож өмсдөг хэмээх улсын заан Ц.Дамдиндоржийн аманд гарж барилдаж эхэлснээс хойш том жижиг 1800 орчим барилдаанд хүчээ үзэж 80 гаруй хувьд түрүүлж үзүүрлэжээ. Х.Баянмөнх 1960 оны сумын заан, 1962 онд Ховд хотын 200 жилийн ойгоор аймгийн начин, 1963 онд улсын начин, МБАТний II спартакиадаас улсын заан цол хүртэж баяр наадмаар түрүүлж, үзүүрлэсэн хамгийн ахмад настай бөхд тооцогддог. .

Тэрбээр ардын хувьсгалын 66 жилийн ойн баяр наадамд 44 настайдаа түрүүлж, МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадамд 47 настайдаа үзүүрлэж үнэнхүү ясны бөх болохоо харуулжээ. Х.Баянмөнх 10 түрүүлж 26 шөвгөрсөн төдийгүй, бөхийн 5 төрлөөр хичээллэж дэлхийн данстай тамирчин болохоо баталсан.

 Чөлөөт бөхөөр олимпоос мөнгөн медаль, дэлхийн аваргаас 1 алт, 2 мөнгөн медаль, самбо бөхийн төрлөөр дэлхийн аварга болж гайхалтай амжилт гаргажээ. Биеийн тамирын "Шонхор" дээд сургууль байгуулж, бөхийн барилдааны талаар олон бүтээл туурьвиж эрдмийн зэрэг хамгаалсан багш, дасгалжуулагч, эрдэмтэн.

Х.Баянмөнх Монгол улсын хөдөлмөрийн баатар,Монгол улс, Зөвлөлт холбоот улсын (хуучин нэрээр) спортын гавъяат тамирчин, хорьдугаар зууны манлай бөх алдар цуутай аварга билээ. Х.Баянмөнх 1963 оны наадмаар тавын даваанд улсын арслан Г.Цоодолд амлуулснаас хойш 43 жилийн турш хэнд ч амлуулж байгаагаагүй бөх юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?