Г.ЦОГБАДРАХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦЫН ДААТГАЛТАЙ ГАНЦ КОМПАНИ НЬ МАНАЙХ...

Сэтгүүлчийн үг

Даатгал гэхээр л эрүүл мэндийн, нийгмийн, жолоочийн даатгал төдийхнөөр ойлгодог байсан цаг ард хоцорчээ. Даатгал бол албан ажил биш, амь амьжиргаандаа анхаарал тавьж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх томоохон боломж гэдгийг Монголчууд ойлгох болж. Гэхдээ л даатгалын талаар илүү ихийг мэдэж, үр дүнг нь бүр ихээр хүртэх боломжийг үл анзааран өнгөрөх нь цөөнгүй. Тиймээс бид Ард Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрахыг урьж ярилцсан юм.

 

-Манайхан даатгалын хэрэгцээ, ашиг, үр өгөөжийн талаар хангалттай мэдээлэл авч чаддаггүй. Олонх нь зөвхөн албан даатгалаа л хийлгэдэг байх. Тиймээс бид энэ удаад уншигчдадаа даатгалын талаар тодорхой мэдээлэл өгөхөөр шийдсэн юм...? 
-Даатгал гэдэг бол хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагын эд хөрөнгө, амь нас, ашиг сонирхлыг аливаа гэнэтийн эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд санхүүгийн бодит туслалцаа үзүүлэх зориулалттай мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм. Ер нь манайхан даатгалыг татвар, хураамж гэж хардаг гэмтэй. Уг нь өнөөдөр багахан хэмжээний хураамж төлчихөөд дараа нь ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд санхүүгийн туслалцаа авах боломж юм шүү дээ. Даатгалын гол зорилго бол энэ гэж ойлгож болно. 
-"Ард Даатгал" ХХК анх хэрхэн байгуулагдаж байсан бэ?
-Монголд даатгалын байгууллага анх 1934 онд төрийн өмчийн хэлбэртэйгээр байгуулагдсан байдаг. Харин хувьчлалын үед буюу 1994 онд Ард Даатгал хэмээх Монголын анхны хувийн хэвшлийн компани үүссэн юм. Манай компанид Их Британийн “Виттингтон групп” хөрөнгө оруулснаар гадаадын хөрөнгө оруулалттай анхны даатгалын компани болсон. 2011 онд Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор Гранд Даатгал ХХК болон Ард Даатгал ХХК-д нэгдэх зөвшөөрөл олгосноор анхны нэгдэх процесс өрнөсөн. Ингээд 24 жилийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулж, 24 салбар, 238 төлөөлөгчтэй, 100 гаруй ажилчинтай Монгол улсын даатгалын салбарын томоохон төлөөлөгч болон өргөжөөд байгаа.
-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компаниас ялгарах танай компанийн онцлог?
-Улсын хэмжээнд ердийн даатгал хийдэг 15 компани, амьдралын даатгал хийдэг нэг, хөдөө аж ахуйн даатгал хийдэг нэг компани үйл ажиллагаа явуулж байна. Байнгын даатгал хийдэг компаниудын санал бол үндсэндээ адилхан. Бусдаас ялгарах давуу тал гэвэл хурдан шуурхай үйлчилгээ, бүх мэдээлэл ил тод байх явдал юм. Нөгөөтэйгүүр, Ард Санхүүгийн Нэгдлийн уриа бол “Хүчтэй. Хамтдаа.”. Тэр утгаараа манайхыг зорьж ирсэн хүн манай бусад охин компанийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломж нээлттэй. Үүнтэй яг адил, бусад охин компанийн харилцагчид маань манайхаас хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авах боломжтой. Хэрвээ та зээл сонирхоод явж байсан бол манай Ард Кредитээс зээл авч болно. Даатгал сонирхож байвал манайхаас, хадгаламж сонирхвол Ард Актив дээр өндөр хүүтэй хадгаламж нээлгэчихэж болно. Таны санхүүгийн хэрэгцээнд тохирсон бүх үйлчилгээ нэг дор байна. Ихэнх даатгалын компани хураамж авах гэж өөрийгөө сурталчилдаг ч дараа нь нөхөн төлбөр олгоход асуудал үүсдэг. Манай компанийн хувьд нөхөн төлбөр олгохдоо түргэн шуурхай үйлчилж, мөнгийг нь өдөрт нь олгодог. Зайлшгүй шаардлагатай үед ажлын гурав хоногт багтааж олгоно. Товчхондоо, бид даатгуулагчдынхаа эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, тэдний амар тайван амьдралын баталгааг хангасан үйлчилгээг үзүүлж, харилцагчдаа амжилтад хөтлөн, нийгмийн хариуцлагыг дээдлэн, ил тод, итгэл төрүүлсэн даатгалын үйлчилгээ үзүүлсээр ирлээ.  

-Улсын хэмжээнд ургацын даатгалын зөвшөөрөл авсан ганц компани бол танайх. Энэ үйлчилгээ хэр амжилттай байна?
-Бид өнгөрсөн жил Хөдөө аж ахуйн болон гадны давхар даатгалын компаниудтай хамтраад Монголдоо анх удаа ургацын даатгал нэвтрүүлснээр 10 орчим компани 42 сая төгрөгөөр даатгалд хамрагдсан. Ноднин гантай, сонгож авсан талбайн ургацын гарц тааруу байсан учраас бид 210 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон байгаа.  Гэхдээ л энэ бол шинэлэг үйлчилгээ. Ингэснээр тариаланчдад цаашид даатгуулах итгэл үнэмшил төрж,  бидэнтэй хамтарч ажиллая, даатгуулъя гэсэн санал их ирж байна. 


-Манай улс даатгалын салбарын хөгжлөөрөө дэлхийд ямар түвшинд яваа вэ?
-Монголд даатгал сайн хөгжөөгүй байна. Олон улсын хэмжээнд даатгалын салбарын орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулж үздэг. Өндөр хөгжилтэй оронд даатгалын хураамжийн орлого нь ДНБ-ийхээ 8-10 хувьд хүрдэг бол Монголд энэ үзүүлэлт маш бага, дөнгөж 0.5 хувийг л эзэлж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад даатгалын салбар хөгжих маш том боломж, орон зай байдаг ч бүрэн ашиглаж чадахгүй байна.
-Даатгалын салбарын хөгжилд тухайн улсын иргэдийн боловсролын түвшин ихээхэн нөлөөлдөг гэж сонссон?
-Нөлөөтэй байлгүй яах вэ. Манай улсын хувьд, нэгт, иргэд маань даатгалын талаар мэдлэггүй, хоёрт, эдийн засгийн суурь боловсрол нимгэн байна. Тиймээс даатгалын компаниуд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Даатгалын холбооноос дундын хөтөлбөр, сан гаргаад ч юм уу, иргэдийн боловсролыг сайжруулах тал дээр хамтарч ажиллах нь чухал. Зарим компани жилд ганц хоёр семинар, форум зохиодог ч энэ нь олон нийтийг хамарч чаддаггүй, хязгаарлагдмал орчинд харилцагчдынхаа л хүрээнд болдог. Бид Ард Санхүүгийн Нэгдэл дээр Ард академи байгуулсан. Долоо хоног бүр сургалт зохион байгуулдаг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрлөө. Хувийн санхүүгээ яаж босгох вэ, даатгал гэж юу юм бэ, яагаад хамрагдах ёстой вэ гэхчлэн утга агуулгын өргөн хүрээнд сургалт зохион байгуулдаг. Гэсэн хэдий ч хангалттай хүрээнд хүрч амжихгүй л байна.
-Иргэд урт хугацааны даатгалд тийм ч нааштай ханддаггүй. Энэ нь “Арав, хорин жилийн дараа байгаа ч уу, үгүй ч үү. Дампуурчих вий” гэж боддогтой холбоотой байх...?
-Эрсдэлээс айх нь зөв. Хамгийн гол нь даатгагчаа сайн судалж сонгох хэрэгтэй. Үйл ажиллагаагаа албан ёсны аудитын компаниар хянуулж байна уу, тайлан мэдээ нь зөв гарч байна уу, үр дүн үйл ажиллагаа нь ямар байна вэ, үүнийгээ олон нийтэд мэдээлж чадаж байгаа эсэх, мөн компанийн засаглал нь ямар байна вэ гээд гол шалгууруудыг нь харж байж сонголтоо хийх хэрэгтэй. Хэрэв мэдээлэл нь нууц, хаагдмал бол эрсдэлтэй. Ер нь даатгалын компаниудад зэрэглэл тогтоодог олон улсын жишиг бий. Одоогоор манай улсад зэрэглэлээ тогтоолгосон компани байхгүй л дээ. Харин арилжааны банкууд зэрэглэлээ тогтоолгодог. Хөрөнгө оруулалт авахаас эхлээд олон зүйлд хэрэг болдог учраас тэр. Шулуухан хэлэхэд, хөгжлийнхөө шатаар банкны салбар эрийн цээнд хүрсэн бол даатгалын салбар балчир хүүхэд шиг л байна даа.
-Даатгалын компанийн чадам­жийг илэрхийлэх гол зүйл нь юу байдаг вэ?
-Аливаа даатгалын компанийн хувьд даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чадамжийг илэрхийлдэг гол үзүүлэлт нь төлбөрийн чадвар юм. Манай компани Санхүүгийн Зохицуулах Хорооны 2016 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”-ын дагуу төлбөрийн чадварын үзүүлэлтийг байнга хангаж ажилладаг. Даатгуулагчдынхаа эд хөрөнгө, эрүүл мэнд, хариуцлагын эрсдэлийг хамгаалах гэрээний үүргээ биелүүлэхдээ дэлхийн томоохон даатгалын групууд болох Alliance, Munich Re, Swiss Re, Hannover Re, ОХУ-ын Ингострах, Lloyd’s Syndicates зэрэг давхар даатгагч болон давхар даатгалын брокерууд болох AON, Marsh, Willis, UIB, JB Boda, Faber, Malakut, Sompo, Tokyo Marine, Galaxy Insurance, түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Францын “Europ assistance” байгууллагатай олон жилийн турш хамтран ажиллаж байна. Харилцагч, даатгуулагчдын эрх ашгийг тэргүүн зэрэгт хүндэтгэн үзэж, даатгалын зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэн, өрсөлдөөнд харш үйл ажиллагааг хориглон, эрх зүйн харилцааны хэм хэмжээг мөрдөн, зүй бус хэлцэлд оролцохоос татгалзаж, үйл ажиллагаандаа нээлттэй, шударга ёс зүйг баримтлан ажилладаг. Бид жинхэнэ утгаараа  “Хамтдаа. Хүчтэй.” баг юм шүү.
-Энэ онд хийхээр зорьж буй ажлууд юу байна вэ?
-ТУЗ-ийн хурлаар компанийнхаа 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, манай компани 2017 онд 1.12 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныхаа 50 хувийг буюу 562 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хэлбэрээр хуваарилах юм. Ингэснээр нэгж хувьцаанд 376.5 төгрөгийн өгөөж ногдож байна. Сонирхуулахад, өнөөдрийн байдлаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Ард Даатгалын 95 хувийг эзэмшдэг байгаа.
-Та бүхэн хэдийнээ ХХК болсон. Гэвч удахгүй IPO гаргах гэж байгаа нь ямар ашигтай юм бэ? Ихэвчлэн ентерпренерүүд хөрөнгө оруулалт татах үүднээс хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаад байна шүү дээ?
Бид ирэх зургадугаар сард багтаан Хөрөнгийн бирж дээр компанийнхаа хувьцааны 25-30 орчим хувийг гаргаж, олон нийтэд санал болгохоор бэлтгэлээ базаан ажиллаж байгаа. Ард Санхүүгийн Нэгдлийн гол зорилго нь, иргэд нь өөрсдөө хувьцааг нь эзэмшдэг, санхүүгийн цогц үйлчилгээ бүхий байгууллага болох явдал. Энэ жилдээ багтан Ард Санхүүгийн Нэгдэл ч мөн Хөрөнгийн бирж дээр гарахаар ажиллаж байна. 
-Үйл ажиллагаа явуулсан жил, компанийн ашиг, зах зээлийн үнэлгээ гээд IPO гаргахад тавигддаг тодорхой шаардлагууд бий. Ард Даатгалын эдгээр үнэлгээнүүд хэр байгаа вэ?
-2017 онд даатгалын бусад компанийн зах зээлийн хураамж дунджаар 26 хувиар өссөн бол манайх 43 хувиар, нийт даатгалын актив 13 хувийн өсөлттэй гарсан бол манайх 26 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Өнөөдөр манай хураамжийн орлого 10 тэрбум, нийт хөрөнгө 11 тэрбум төгрөгийг давсан амжилттай ажиллаж байна. Цэвэр ашиг өнгөрсөн 2016 оноос 161 хувиар нэмэгдсэн буюу 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 2017 онд татварт нийт 316 сая, нийгмийн даатгалд 245 сая төгрөг төлсөн. 
-Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хүртэхээс өөр ямар давуу тал үүсэх вэ?
-Ард Даатгалын хувьцаа эзэмшигч болсноор иргэд наад зах нь өөрийн эзэмшдэг компанийн үйлчилгээг авч, илүү итгэл үнэмшилтэйгээр даатгуулна. Улмаар бидний хувьд зах зээл дээрх байр сууриа нэмэгдүүлэх, ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулж, ашгаа ард түмэнтэйгээ хуваалцана. Компанийн өсөлттэй уялдуулан урт хугацаанд хувьцааны үнийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой. Даатгалын салбарт өсөлтийн орон зай хангалттай байгаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?