ХҮҮХЭД ТАНЬ ЮУ БОДОЖ БАЙГАА БОЛ ?

Сэтгүүлчийн үг

         Хэе, Ханна байна. Ханна Бэйкер. Битгий сонсож байгаа төхөөрөмжөө салгачихаарай. Энэ бол  “Яагаад гэдгийн 13 шалтгаан”  хэмээх  олон ангит киноны нэгэн хэсэг. Өсвөр насны охин Ханна яагаад амиа хорлосон тухайгаа хуурцагт бичиж үлдээн амиа хорлоход нь нөлөөлсөн бүх хүмүүс лүү бичлэгээ илгээж буй тухай уг кинонд өгүүлнэ. Хэдхэн жилийн өмнө кино үзэж байхдаа ийм зүйл кинон дээр л гардаг байх гэж төсөөлж, гайхдаг байсан бидний нийгэм энэ асуудлуудыг ердийн мэт хүлээн авдаг болжээ. Магадгүй энэ киног 10 жилийн өмнө үзсэн бол  бид гайхах байсан биз.

Үнэгүйдсэн амь нас

Монгол Улсын хүн амын дундах амиа хорлолтын суурь судалгааны тайланд дурдсанаар манай улсад 2012-2016 оны хооронд амиа хорлосон 2055 тохиолдол бүртгэгдсэээс 29,4 хувийг нь 10-25 насны залуучууд эзэлж байна. Харин тэдний 78 нь бидний ирээдүй хойч үе болсон өсвөр үеийхэн. Сүүлийн зургаахан сарын дотор өсвөр насны 5 хүүхэд амиа хорлож 5 гэр бүл хайртай үрсээ мөнх нойрсуулж , Монгол улс 5 иргэнийхээ үнэт амийг алдаад байна. Гар гараасаа хөтлөлцөн өндрөөс үсэрч, “Алт шиг гялалзахгүй ч ган шиг хатуу нөхөд энд байна” хэмээх бичиглэж энэ хорвоогоос одсон цэцэг цэврүү шиг хүүхдүүд олон бий.Тэдний амь нас үнэ цэнээ алдаж, тэдний бие цогцос нөгөө ертөнцийнх болж байна. Цөөхөн хүн амтай, буурай хөгжилтэй  манай улсад иргэдийн маань амь нас хамгийн үнэ цэнэтэй.

Надад амьдрах шалтгаан өгөөч

 Инээлдэж, хайрлаж дурлаж, хүсэж мөрөөдөж амьдралын гэгээн сайхан бүхэнд тэмүүлэх учиртай энэ насан дээрээ  өөрийгөө егүүтгэх ямар шалтгаан тэдэнд байна вэ? Өсвөр нас гэдэг бол хүний амьдралын шилжилтийн үе. Гормоны өөрчлөлтөнд орж нийгмийн байр суурь, хүмүүсийн харилцаа, гадаад төрх гээд бүх л зүйлс дээр тэдний амьдрал шилжилтэнд орж эхэлдэг. Яг энэ үе дээрээ тэд өөрчлөлтийг хүлээж авч, ойлгож чадахгүйн улмаас асуудал тэдэнд хүндээр тусдаг байна. Амиа хорлох үйлдлийн үндэс нь амьдрах шалтгаангүй болох явдал бөгөөд амиа хорлох оролдлого хийсэн хүүхдүүд  асуудлаа шийдэх шийдлээ олж чадахгүй, ярилцах туслах хүнгүй болохоор надад өөр гарц алга, амиа хорлохоос өөр алга гэж бодсоны улмаас ийм үйлдэл хийдэг талаараа сэтгэл судлаачид илэрхийлсэн байна. Тэдэнд амьдрах шалтгаан өчнөөн олон бий гэдгийг, тэдний амь нас хичнээн үнэ цэнэтэй гэдгийг, тэдэнд тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг  томчууд бид мэднэ. Гэхдээ тэд мэдэхгүй байна. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнтэй хэрхэн харилцах талаар сэтгэл судлаачтай ярилцлаа.

Good neighbors” олон улсын байгууллагын  сэтгэл судлаач П.Сувданчимэг: Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй

-Сүүлийн үед хамтдаа амиа хорлох үйлдэл газар авч байна. Ямар учраас хамт амиа хорлох шийдвэр гаргадаг юм бол?

-Эцсийн дүндээ энэ бол цэвэр гэр бүлтэй холбоотой асуудал. Хүүхдүүдэд ямар нэг бэрхшээл тулгарахад хамгийн түрүүнд ярилцах ёстой хүн нь  гэр бүлийнхэн нь. Гэтэл хамт ярилцаж байгаа хүн нь өөрийнх нь хэмжээнд буюу зөвлөх чадваргүй ,туршлагагүй байхгүй  хүнтэй ярилцсанаас болоод хамтдаа ийм шийдэлд хүрдэг. Өсвөр насны хүүхдүүдийн духны хэсэг хөгжөөгүй байдаг.Духны хэсэг хүний шийдвэр гаргах чадварт хамгийн их нөлөөлдөг учраас шийдвэр гаргах чадвар нь хөгжөөгүй үе дээрээ бие биендээ сэдэл өгөөд энэ нь үйлдэлд хөтөлж байна.Хүүхдүүд хамтдаа асуудлаа ярилцаад ийм шийдэлд хүрнэ гэдэг бол эцэг эхчүүд ,томчууд хүүхэдтэйгээ ярилцахгүй байгаатай л холбоотой. Хүүхдүүдэд эцэг эх, багш нар, ах эгч зэрэг насанд хүрсэн хүмүүсийн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй.

- Нийгмийн хөгжил энэ асуудалд нөлөөлдөг үү?

-Сэтгэл зүйн талаас авч үзэхээр энэ эрх чөлөөний асуудалтай хамаардаг. Аюулгүй байдал болоод эрх чөлөөтэй байдал гэсэн хоёр хэрэгцээ хүнд байдаг. Тухайлбал, би ширээн дээр гарч үсэрмээр байна.Энэ бол миний эрх чөлөө.Гэтэл энэ миний аюулгүй байдалд нөлөөлдөг.Өсвөр насанд хүүхэд юм юмыг хийж үзэх хүсэлтэй учраас энэ хэрэгцээнүүд зөрчилдөж байгаа юм. Хүүхдүүдэд сургууль дээр нь архи ууж болохгүй, тамхи татаж болохгүй гэж заадаг. Гэртээ ирээд харахаар аав нь архи ууж , тамхи татаж байгааг хараад хүүхэд би аавыгаа хайрлах ёстой юу эсвэл аав маань архи уудаг хүн учраас би үзэн ядах ёстой юу гэж боддог. Энэ мэтчилэн хүүхдүүдэд асар олон төрлийн зөрчлүүд тулгардаг.Улмаар шийдэлд хүрч чадахгүй асуудлууд үүснэ. Нийгмийн хөгжил амиа хорлолтонд нөлөөлдөг боловч энэ нь дангаараа бус гэж үзэж болно.Ер нь маш олон хүчин зүйл нөлөөлнө. Үе тэнгийнхний дарамт, цахим гадуурхал гэх мэтчилэн.Нийгэмд тогтсон хандлагууд хүүхдүүдэд их нөлөөлж байна.

-Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ ? Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа юун дээр хамгийн их анхаарах вэ ? Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч ?

-Нэг ийм үг байдаг даа. Хүүхэд бол хүүхэд.Хэзээ ч том хүн байж үзээгүй. Харин том хүн бол хүүхэд байж үзсэн. Тиймээс хүүхдийг ойлгох ёстой хүн бол том хүн.. Эцэг эхчүүдийн хүүхэддээ өгч чадах хамгийн том бэлэг бол цаг. Эцэг эхчүүд маань хүүхдүүдээ цаг гаргах хэрэгтэй. Зарим эцэг эхтэй ярилцаад үзэхээр “Хүүхэд маань ийм юм боддог гэхээр би маш их гайхлаа”  гэж хэлдэг. Хүүхэд хичнээн гаднаа өмсөх зүүх, идэж уухаар дутахгүй байсан ч гэсэн дотроо зөрчилтэй, юу болоод байгаагаа ойлгохгүй, ярилцах гэхээр ярилцах хүнгүй  асуудлуудтай тулгарсан байдаг. Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм асар олон муу зүйлсийг хүүхдэд харуулж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ юуг буруу , юуг зөв болохыг ойлгуулж энэ нийгэмд чи сайн гишүүн байх ёстой гэдгийг  ярилцаж хэлж өгөх хэрэгтэй. Багш нар бүх хүүхэдтэй тулж ажиллаж чадахгүй учраас хүүхдийн хүмүүжил төлөвшил, сэтгэл зүйд эцэг эх л хамгийн их нөлөөлнө. Хамт тогло, хамтдаа парк яв , зугаал гэж хэлэхгүй. Хэрвээ тэгэх юм бол маш сайн.Ядаж орой болгон хүүхэдтэйгээ аравхан минут ярилцах хэрэгтэй. Өнөөдөр миний охин ямархуу байна даа , юу хийсэн бэ гэх зэргээр бага ч гэсэн цагийг зарцуулах нь чухал. Энэ нь хүүхдэд маш их урам зориг, эцэг эх маань намайг хайрлаж байна гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Үл хайхрах хүчирхийлэл үйлдэж байгаагаа эцэг эхчүүд өөрсдөө ч мэддэггүй.Өглөө гараад орой орж ирнэ.Орой тарж ирээд хүүхэд нь юм шалгаангуут “За цаашаа,цаашаа .Дараа болъё” гэх зэргээр төвөгшөөдөг. Улмаар хүүхэд ээж,  аав маань намайг тоодоггүй, намайг хайрладаггүй гэсэн ойлголттой болдог. Тийм юм чинь би юу ч хийсэн болно гэсэн бодол хүүхдэд төрж эхэлнэ. Энэ бодол дотор би архи уусан ч болно, би хүнтэй унтаж ч болно, дээврээс үсэрсэн ч болно гэсэн бодлууд явж байдаг. Сургуулийн орчинд хүүхдүүд асуудалтай байлаа гэхэд гэр бүлийн орчинд эцэг эх нь энэ асуудлыг нь шийдвэрлэхэд тусалж ярилцах ёстой.

Үр хүүхэд чинь хаана юу хийж яваа бол? Охин чинь дотроо юуг бодож, юуг мөрөөдөж байгаа бол? Тэдний бяцхан зүрх ээж ааваасаа өөр хэн нэгэнд тэмүүлж догдолж байгаа болов уу? Та хамгийн сүүлд хэзээ охинтойгоо, хүүтэйгээ ярилцсан бэ? Энэ асуултуудыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Яг одоо утасныхаа цаанаас өндийж, тэдний ертөнцийн хаалгыг зөөлхөн нээ эцэг, эхчүүдээ!



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?