ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Монголчууд өнөөдөр Төрийн далбааны өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг нэр бүхий гишүүд 2008 онд санаачлан батлуулсан.  Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон билээ.

Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС-ийн 2000 гаруй алба хаагчид оролцож, цэргийн сүр хүч, бахархал, омогшлыг олон нийтэд дэлгэн харуулах юм. Цэргийн ёслолын жагсаалын командлагчаар ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат ажиллаж байгаа аж.

Харин Жанжин тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Тусгай төлөвлөлтийн хэлтсийн дарга, бригадын генерал Б.Даваадорж, тугчаар ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар  туг хамгаалагчаар ЗХЖШ-ын  Ажиллагааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, агаарын цэргийн штабын дарга, хурандаа Н.Батбаяр нар ажиллах юм байна.

Төрийн далбааны хүндэтгэлийн ёслолын ажиллагаа өнөөдөр 10.00 цагт Эзэн Чингис хааны нэрэмжит төв талбайд эхлэх бөгөөд ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд болон УИХ, ЗГ-ын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, батлан хамгаалахын атташе нар, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудаас гадна ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцоно.

Сонирхуулахад,манай улсаас гадна дэлхийн олон орнуудын Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Тухайлбал, Канад Улс хоёрдугаар сарын 15, ОХУ наймдугаар сарын 22, АНУ зургадугаар сарын 14, европын холбоо тавдугаар сарын 9, Итали Улс нэгдүгээр сарын 7-нд “Төрийн далбааны өдөр”-өө тэмдэглэдэг байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?