МОД ХӨРӨӨД ХӨРӨӨД

Сэтгүүлчийн үг

Жараад оны үе байлаа. Улаанбаатарын гудамжаар “Мод хөрөөд” гэж хашгирсан хүмүүс зөндөөн явдагсан. Тэд айлын түлээг хэдэн төгрөгөөр хөрөөдөж өгнө. Тэр жил хүүхэд нялх, би ажил алба ихтэй болохоор нэг хүн олж модоо хөрөөдүүлж билээ.

Бие бялдар сайтай залуу хүн, бас хүүхдээ дагуулжээ. Нэг куб модыг тэр үед 14 төгрөгөөр хөрөөддөг байв. Би хорин төгрөгөөр тохирлоо. Нөгөө хоёр чинь модоо хөрөөдөх гэж баахан будилдаг байгаа. “Түлхэхээр чи битгий түлхээд бай! Татахаар чи битгий татаад байл даа” гэж нөгөө эр чинь хүүхдээ загнаж гарлаа. Ядаж хөрөө нь зуучихаад болдоггүй. Манай бага хүү тэдний дэргэд нь шанагатай ус бариад зогсож байдаг боллоо. Авгай хоол цай зөөж нөгөө хоёрыг чинь тойлж бөөцийлнэ. Сүүлдээ нөгөө эр чинь сульдаж ядарсандаа уур нь хүрсэн бололтой шилээ шөргөөж “Ядуу төрөх ч хэцүү юм” муусайн баян юмнуудад зарцлагдах гэж зовох юм гэж хэлэх нь сонсогдлоо.

Наранд толгой нь халснаас болсон уу нөгөө эрийн чинь хамраас цус гоожлоо.

Яасан ч хагалж болохооргүй тохой хирийн тайрдас гаргаж модны тэн хагасыг л хөрөөджээ. Энэ бүхэнд сэтгэл зовоод би бүгдийг хөрөөдсөнөөр мөнгийг нь төлж хамрынх нь цусыг угааж, “Монгол хүн байна даа ахиад бид уулзалдана биз дээ гэж түүнийг тайтгаруулаад тэр хоёрыг хашаанаас! гаргаж өглөө. За ёстой үүнээс хойш л хүнээр мод хөрөөдүүлэх юм биш байна гэж бодогдов. Хойтон жилийн намар үеийн хэдэн юмнуудаа цуглуулаад гэртээ архидаж байгаад гадаа сэрүүцэхээр гартал нэг хариугүй хөгшин хятад өвгөнтэй таарчихлаа.

-Ай энэ их модыг өндөр албаны хүн та яаж хөрөөдөх вэ. Би хөрөөдөж өгөв аа гэж нөгөө хятад чинь хэлж байна. Тэр өврөөсөө нэг нь 15 см нөгөө нь 20 см савх гаргаж ирээд “Та үүний аль хэмжээгээр хөрөөдүүлнэ нэгийг нь сонговоо” гэж байна шүү.

Архинд халамцсан би тэр өвгөнийг даапаалмаар санагдаад 15 см-ийг нь заагаад “Хай дааяа нэг куб метр модыг хөрөөдөхөд 15 төгрөг л өгнө шүү гэж зандарлаа. Тэртэй тэргүй энэ хөрөөгөө даахааргүй хөгшин хятадад юу ч хэлж байсан ямар пад байна. Тэр бүдүүн моднуудыг энэ яаж ганцаараа хөрөөдөж чадах юм бэ гэж бодогдоод байлаа.

Бид гэрт орж дахин хэдэн шил юм сулаллаа даа бүү мэд. Зарим нь солгой хоолойгоор дуу аялахчаан болж бусад нь бие биенийхээ яриаг сонсохоо больж зэрэг зэрэг ярьцгааж эхэллээ.

Гэтэл гадаа хөрөөн дуу гарч байх юм. Гараад харсан чинь хэдий завандаа амжуулчихдаг байна аа гэмээр 15 см хэмжээтэй тэгшхэн тайрдасуудыг ирийтэл хураачихжээ.

Өвгөний толгойноос уур савсаж, мөнгөлөг цагаан цүзэг хөрөө нааш цааш шуугих бүрийд хан хан дуугарах нь дорно дахины хөгжмийн айзам мэт. Нөгөө өвгөн чинь ажилдаа илт урамшиж цэл залуу болсон мэт.

Хөрөөн дууны хангинах чимээг даган нарийн тунгалаг хоолойгоор амандаа дуу аялж байв. Энэ бүхнийт хараад бараг миний хамаг архи гарчихлаа.

Миний тэр өвгөнийг анхандаа омогдож даажигнаж байсан гэнэт санаанд орж өөрөөсөө ичих шиг боллоо.

Би тэр өвгөнд бахархах сэтгэл төрж, аятайхан үг ганцыг олж хэлэх гэсэн чинь архинд дүнхүүрсэн толгой ажилласангүй. Та гэрт орж аяга цай уухгүй юу гэж хэллээ.

Нөгөө өвгөн чинь сая л намайг анзаарч

-Ай даргаа зүгээр зүгээр гээд цаанаасаа халуун савтай цай уур савссан халуун хоол мантуу тэргүүтнийг гаргаж үүргэвчээ дэлгэж айван тайван хооллож эхэллээ. Нэг их удалгүй өвгөн модоо хөрөөдөж дууслаа. Яг л миний анх заасан савхны хэмжээгээр модны яр таарсан ч яг дундуур нь тэв тэгшхэн хөрөөдөж тайрдасуудыг давхарлан хураасан нь бахдал төрмөөр.

Хашаан дотор ширхэг үртэс унагасангүй дор нь дэвссэн цагаан даавуунд тунтарч дөрвөлжинд авчирч хийж өглөө.

Нүүр харагдам гялалзсан цүзэг хөрөөгөө нөгөө даавуугаараа нандигнан ороолоо. Уусан архиндаа ч болсон юм уу энэ бүхнийг харж сэтгэл уяран хамар шархирч нүдэнд нулимс хурлаа.

-Таныг би даанч ингэж гялалзуулна чинээ санасангүй. Эхлээд эвгүй аашилж байсан бол намайг уучлаарай. Би таныг хүндэтгэхийн үүднээс куб метр мод бүрт гучин төгрөг өгье гэлээ. Тэгсэн чинь

-Бид анх арван таваар тохирсоон!

Энэ болноо гэж мөнгөө тоолж өвөртлөөд баярлаж талархсанаа хэлээд хашааны хаалгаар гарч явлаа.

Араас нь харахад хариугүй муу хөгшин өвгөн ажээ. Удалгүй тэртээ хашааны цаанаас ‘”мод хөрөөд” гэсэн цангинасан цовоо дуу сонсогдлоо.

 Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?