ИРГЭД ГАДААД УЛС ОРОНД ЗОРЧИХ ҮЕИЙН САНАМЖ

Сэтгүүлчийн үг

 

Гадаад улсад зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж,  өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай.

Хилээр нэвтрэхийн өмнө:

- Зорчих гэж буй улсынхаа талаар мэдээлэлтэй байж, тухайн орныхоо хил, гааль, визийн журмыг сайтар судлаарай. Мэдээлэлгүйн улмаас санаатай, санамсаргүй хэлбэрээр гэмт хэрэгт холбогдож, бусдын гэмт үйлдэлд ашиглагдах, золиос болох зэргээр хохирч болзошгүй.

- Бусдын захиас, дайвар эд зүйлийг авч явах санал, мөнгө, бусад амлалт, хүсэлтийг хүлээн авахгүй байх. Гэмт этгээдүүдийн гадаад дүр төрх, заль мэхэнд хууртаж өөрийгөө аюулд унагах зүйл бүү хийгээрэй. Та татгалзах эрхтэй.

- Эзэнгүй эд зүйл олбол мэргэжлийн байгууллагад хандаж хүлээлгэх өгөх. Ингэснээр Та өөрийгөө болзошгүй эрсдлээс хамгаалж чадна.

- Баримт бичиг, эд зүйлээ дахин нэг шалгана уу. Гадаад паспортын хүчинтэй хугацаа, тасалбар, кредит карт, вакцин хийлгэсэн баримт, хүүхэдтэй явах бол хүүхдийн баримт бичиг, итгэмжлэл, тээшийн битүүмжлэл зэргийг шалгаарай.

- Хэрэв Та, төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан бол зохих журмын дагуу зөвшөөрөл авч, санамсар болгоомжгүйн улмаас нууц тээгч авч хил гарахаас сэргийлээрэй.

Гадаад улсад байхдаа:

- Хилийн чанадад зорчихдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй бол эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, бусдын найрсаг хандлагаар дайлж буй уух, идэх төрлийн зүйлийг хүлээн авахгүй байх, мөн өөрийн идэж, ууж буй зүйлээ орхин явахгүй байх зэрэг нь хүний наймааны золиос болохоос сэргийлнэ.

- Бага насны хүүхэдтэйгээ зорчиж байгаа бол хүүхэд хараа хяналтаас гарах эрсдэлтэй үйлдэл бүү гаргаарай.

- Гадаадын иргэн тодорхойгүй шалтгаанаар Таньд найрсаг хандаж, Таныг гуйгаагүй байхад туслахыг оролдох, дайлж цайлах, бэлэг сэлт өгөх зэргээр ойр дотно харилцаа үүсгэхийг оролдвол болгоомжтой хандаарай. Үнэгүй зүйл гэж байдаггүй.

- Тухайн улсынхаа ёс заншил, шашны байдлыг бодолцож жишгийг дагаарай.

- Гадаад улсад ямар нэгэн зөрчилд холбогдсон бол, мөн Та ямар нэгэн байдлаар таны эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол энэ талаараа өөрийн улсын ЭСЯ, Консулын газарт аль болох хурдан мэдэгдэж туслалцаа авах нь зүйтэй.

Эх орондоо ирсний дараа:

- Гадаадын иргэн Танаас төрийн болон албаны бусад нууц /бизнесийн/-тай холбоотой асуулт асуух, мэдээлэл өгөхийг хүсэхээс аль болох зайлсхийж, ийм тохиолдол гарсан, эсвэл харилцаа үүссэн бол нутагтаа ирсэн даруйд тагнуулын байгууллагад мэдэгдэх нь иргэн Таны үүрэг мөн.

                                                                                                                                                   Тагнуулын ерөнхий газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?