УЛААНБААТАР-ДАРХАН, ДАРХАН-АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж, худалдааг хөнгөвчлөх, мөн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэх өндөр ач холбогдол бүхий 311 километр авто замд их засвар шинэчлэлт хийж, сайжруулахаар Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталлаа.

“Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд удааширч, 2011 онд 17.3 хувь байсан дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 2017 онд 5.1 хувь болон буурсан.” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцаа холбооны хэлтсийн дарга Сужата Гупта хэлээд, “Аюулгүй, найдвартай авто замын сүлжээ нь худалдаа, аялал жуулчлалыг дэмжин, эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвт эерэгээр нөлөөлөх юм” хэмээн тэмдэглэв. 

Эдийн засгаа богино хугацаанд тогтворжуулах, хэтдээ хурдацтай, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангахуйц, өөрчлөлтөд тэсвэртэй, төрөлжсөн эдийн засгийг бүрдүүлэх шаардлага тулгарч буй Монгол Улсын улсын хувьд дэд бүтцэд хийгдэх хөрөнгө оруулалтаа зөвхөн бүтээн байгуулалт төдийгүй засвар арчлалт болон их засвар шинэчлэлт рүү чиглүүлэхийн чухлыг, мөн дотоод, гадаадын зах зээлд гарах боломж бололцоог сайжруулах бүс нутгийн интеграцийг бэхжүүлэхийн ач холбогдлыг АХБ-ны Зүүн Азийн газрын Тээврийн ахлах мэргэжилтэн Масахиро Нишимура онцоллоо.

 Монгол Улсын авто замын өнөөгийн сүлжээ 48,538 километр үргэлжлэх хэдий ч зөвхөн 13.2 хувь нь л хатуу хучилттай байгаа нь тус улсын эдийн засгийн цаашдын төлөв, ялангуяа ажлын байр, худалдаа, холбооны асуудалд сөргөөр нөлөөлөхүйц байгаа юм. Энэхүү төсөл болон түүнтэй холбогдох техникийн туслалцааны хүрээнд Монгол Улсын авто замын үндсэн хөрөнгийн менежментийг сайжруулна.

Мөн замын засвар арчлалт болон их засвар шинэчлэлтэд хөрөнгө оруулснаар ажлын байрыг бий болгож, биет хэлхээ холбоог сайжруулан, зах зээлийг ойртуулж, замын аюулгүй байдлыг сайжруулахын зэрэгцээ эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгоно хэмээн ноён Нишимура хэллээ.   

Энэхүү “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-өөр Монгол Улсыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Оросын Холбооны Улстай холбосон авто замын нэн чухал коридорын хэсэг болох Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замд их засвар шинэчлэлт хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна. Мөн авто замын нөхцөлийг сайжруулах энэхүү төслийн нөлөөгөөр худалдааны эргэлт нэмэгдэж, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал сэргэж эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжих юм.     

Төсөл хэрэгжих авто замд замын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбарууд байршуулснаар замын аюулгүй байдал сайжирна. Мөн авто замын аюулгүй байдлын хараат бус аудит хийгдэх ажээ. 

Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад чиглэн ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог.  2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгосон байна.

 

Азийн Хөгжлийн Банк



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?