Г.ТОГТОХ:ДАВТЛАГА ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН “БРАНК”-ЫГ ЗАСАЖ БАЙНА Л ГЭСЭН ҮГ

Сэтгүүлчийн үг

Нэгэн жарнаас илүү хугацаанд  балчир үрсэд А үсэг заасан багштай уулзлаа. Г.Тогтох гуайг  90 настай ахмад буурай гэж төсөөлж очсон ч буурай гэхээргүй хөнгөн шингэн нэгэн байх. Буурай гэх үг 90 настанд илүүдэх мэт...  14-хөн настайдаа багш болж байлаа хэмээн хуучлах тэрбээр Төв аймгийн Угтаал Цайдам сумын уугуул.   

-Багш тэр дундаа бага ангийн багш сайхан боловч хэцүү ажил. Ямархан хувь тохиолоор энэхүү нэр хүндтэй ч, ачаа хүндтэй мэргэжлийг сонгосон бэ?

-Би 1928 онд Төв аймгийн Угтаал Цайдам сумын нутагт төрсөн. Арван нас хүртлээ аав, ээж дээрээ байж байгаад арван настайдаа сумынхаа анхны бага сургуульд орсон. Тэр үед дөрөвдүгээр анги л төгсдөг байлаа. 1943 онд сургуулиа төгсөөд 1944 оноос багшилж эхэлсэн дээ. Дайны үе... Хэцүү бэрх цаг байж дээ. Чухам тэр үеэс л багш гэх алдрыг  хүртэх болсон. Намайг дөрөвдүгээр анги төгсгөсөн багш маань сургуулийн захирал. Анхны төгсөгчдөөсөө шалгалт аваад л намайг сонгосон. Би гэдэг хүн тэгж гэнэт л ажлын байртай болж, тэр ажлаа бараг 50 жил хийж. Нарийндаа сургуульд сурсантайгаа нийлээд амьдралынхаа 80 жилийг боловсролын салбарт өнгөрүүлж дээ. одоо ч зүгээр суугаагүй. Багш нарын холбооны ажилд оролцоод, ахмадуудтайгаа нийлээд урлаг уран сайхны тоглолт хийгээд л урлагийн хамтлагтайгаа явж байна.  Сонирхуулахад, би чинь дөрөвдүгээр ангиа төгсөөд л багшилж байгаад шууд багшийн сургуульд орсон. Хожим оройн дээд сургууль төгссөн хүн. За тэгээд мэргэжил дээшлүүлэх сургалт энэ тэрд их явсан. Нийгэмтэйгээ хөл нийлүүлж, бусдаас хоцрохгүй явахыг хичээсэн. Хоцроогүй ээ. Эргээд бодох нь ээ, их ч олон төрийн нүүр үзэж. Олон ч нам үзэж. Тэр олон намууд, ямар шаардлага тавина. Бүгдийг нь л биелүүлж явлаа. Уг нь би чинь хувьсгалт намын гишүүн. 50-аад онд л намд элссэн. Нэг мэдсэн ардын намын гишүүн болчихсон байна лээ. Гээд яахав, би энэ намуудыг энэ нь хэрэгтэй, тэр нь хэрэггүй гэж боддоггүй юм. Ардын нам, хувьсгалт нам,  Ардчилсан нам ч хэрэгтэй... Ялангуяа  Ардчилсан нам бол Монголын ард түмэнд, тэр тусмаа  залууст их юм хийж өгсөн. Мэдээж, алдах онох юм залуу улсад байдаг л биз гэж боддог. Нөгөөтэйгүүр багш нь 90 хүрч байгаа ч улс нийгэмдээ жаахан ч гэсэн нэмэр болж, ядаж л үр хүүхэд ач зээгээ аятайхан хүмүүжүүлчихсэн гэж боддог. Наад зах нь сууж байгаа орчиндоо хог шороогүй байхсан гэж бодно. Нийгмийн сэтгэлгээ бас байна ш дээ.../инээв/

-14-хөн настай багшийн анхны шавь нар гэхээр бараг үе тэнгийнхэн. Аягүйдвэл ах эгч байсан байх даа?

-Анхны ангийнхнаас маань тав зургаан хүүхэд бий. Одоо 86-тай болчихож. Хүүхдүүдтэйгээ хааяа уулзана аа. Өөрийн чиньь хэлдгээр үе тэнгийнхэн. Тэд маань над руу яриад, багштайгаа очиж уулзах гэсэн чинь хөл муу, нуруу муу гэнэ. Явж очоод уулзаж чадахгүй нь. Багш та яваад ир. Бид бөөгнөрөөд байж байя гээд. Өнгөрсөн намар нутагтаа очиж, хүүхдүүдтэйгээ уулзаад ирсэн. Сайхан л юм билээ. Очоод, миний хүүхдүүд гэхээр хүүхэд гэдэг үгийг олоон жилийн дараа багшаасаа л сонсож байна гэж байна лээ. Миний шавь нар, хүүхэд л байсан юм чинь өнөө хэр хүүхдүүдээ л гэж ярина шүү дээ. Одоо эргээд бодож байхад залуу ч байж дээ. Өөрийнхөө хэдэн хүүхдийг хаяад сурагчидтайгаа л ажилладаг байлаа. Хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэнэ гэхээсээ илүү ангийнхаа хүүхдүүдийн үсийг засна, хумсыг нь авна. Захыг нь хуу татаж авч угаагаад оройдоо хатааж индүүдэж хадна. Ямар ч их завтай байсан юм бэ дээ. Ингээд бодохоор багшийн сургуулиас өөр юм төгсөөгүй би гэдэг хүн хувийн идэвх ихтэй  юм шиг байгаа юм. Тэр идэвхийнхээ хүчээр л одоо болтол ингээд эрүүл энх явж байна. Ерөөсөө өвдөж зовоогүй, ийм юм өвдлөө барилаа гэдэггүй. Хөнгөн шингэн хаа л бол хаана явна. Тэр их идэвхийг маань улс үнэлсээн хөөрхий. 1952 онд л улсын шагнал, Засгийн газрын хүндэт жуух бичиг авч байсан. Тэрнээс хойш одон медаль тэр дундаа  боловсролын салбарынхаа бүхий л шагнал урамшууллыг  авсан. Ардын боловсролын тэргүүн, Соёл боловсролын тэргүүн, 40-90 он хүртэлх ойн медалиудыг бүгдийг авсан. Бас Алтан гадас одон, Багшийн гавъяа одон, олон хүүхэд төрүүлсэн болохоор Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой гэж байгаа. Тэгээд одоо өтэрийгээ хаана ч зүүх юм иблээ. Зүүх газар ч олдохгүй юм даа.

-Амьдралынхаа ихэнх хугацааг боловсролын салбарт зориулсан гэхээр энэ салбарын амьд түүх гэж ч болох байх. Ер нь боловсролын салбарын хөгжил, өнөөгийн түвшинг хэрхэн хардаг вэ?

-Үнэндээ ч боловсролын байгууллагад олон жил ажиллаж дээ. Тэтгэвэр 327 мянган төгрөг авдаг. Бага ангийн багшийн хамгийн дээд зэргээр л тогтоосон нь энэ.

-Өө бага юм байна ш дээ?

-Яахав ээ, би голдоггүй юм. Улс орны маань хүч чадал л юм тийм байдаг юм байгаа биз. Төрийн минь буян, түмний минь хишиг. Энийгээ зөв л зарцуулж байна.  өөрийн чинь өмнө асуусанд хариулахад, 12 жилтэй, зургаан настай хүүхдийн системд шүүмжлэлтэй ханддаг. Манай улсын нийгмийн тогтолцоо бусад суурьшлын байдалтай соёлт орнуудаас эрс тэс өөр. Зургаан настай хүүхдээ сургуульд оруулах хөдөөнийхөнд хэцүү л байгаа. Хотод бол болоод байгаа юм. Тэгээд дээр нь зургаан настай хүүхдийн программ асар хүнд, маш их даалгавар өгдөг юм байна. Хуучин найман настай ороод төгсдөг сургуулиа төгсөөд дутаагүй л явж байна ш дээ.  Нэг талаар одооны  багш нар сайн ч болсон байх. Зургаан настай хүүхдийг сургаж байна. Гэхдээ л зуны даалгавар гээд өчнөөн их юм өгөх юм. Зунжингаа тэрийгээ хийгээд амрахгүй ш дээ. Би багшилж байхдаа хичээлээ заахдаа энийг л сайн ойлгуулна. Тэр цагт хоцроочихоод дахиад нэмэлт юм заахаар хүүхдийг л зовооно. Тиймээс тэгж зовоохгүй юмсан гэж минут секундээр л тооцож хичээлээ заадаг байлаа. Давтлага хийдэггүй байсан.  Давтлага хийнэ гэдэг чинь багш хичээлээ зааж чадаагүй учраас давтлага хийж байна л гэсэн үг. Одоо зүгээр ч хийхгүй мөнгө авч хийж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрөө бранк хийчихээд тэрийгээ засах гээд эцэг, эхээс нь  татвар авч байгаа л хэлбэр шүү дээ. энийг жаахан буруу л гэж боддог.

-Боловсролын тогтолцоог их бодууштай юм шиг байгаа юм?

-Тийм шүү. Хүүхдүүдийг эцэг, эх багш нар маш ойр дотно байж хүмүүжүүлнэ үү гэхээс нэг бол эцэг эхэд, нэг бол багшид нь тушаачихаад байвал болохгүй.

-Ингэхэд та хэдэн анги төгсгөсөн бэ?

-Дөрвөн жил, гурван жилтэй арван хэдэн ангийн 2500-гаад шавьтай. Шавь нараас маань Д.Сүрэнжавын хэлсэнчлэн жолоочоос жолоодогчыг төрүүлдэг гэдэг шиг хөдөлмөрийн баатар гавъяат багш, эмч, жүжигчин, хүн, малын эмч ч байж л байна. Ийм олон сайхан хүүхдийн багш болж. Би чинь 52 дугаар сургуулийн шавь нараас маань гэхэд л арваад хүүхэд эмч болсон. Их сайхан мэргэжил шүү. Хүнийг амь насыг даадаг. Хүний амьд явах хувь зяаяаг шийддэг. Ийм бурхан эмчийн багш болсондоо баярлаж бахархаж явдаг. За тэр баатар нь яахав ээ... Ажил хөдөлмөрөө сайн л хийж яваа юм байна. Эмч нартаа л их хайртай, баярлаж явдаг. Би чинь долоон хүүхэдтэй дөрвөн хүү, гурван охинтой... Одоо дөрвөн хүү хоёр охин маань байгаа. Бас их өнөр болж. Тав дахь үеэ үзэж байна. Ач гучаа тоолохоор наяад, хүргэн бэрээ оруулаад 100 гаруй хүн байна. Миний нэг охин өвдөөд Баттулга эмч дээр очоод сайхан эдгэсэн. Миллметр хоолойтой болсон хүн яямар хэцүү байх нь ойлгомжтой. Өдгөө сайхан эдгээд зургаан жил болж байна. Бурхан гэж дээрээ залчихаад, залбирах яахав. Хамгийн их залбирах юм чинь эмч юм байна гээд эмчийг л их хайрлаж, залбирч явдаг даа, багш нь... Миний шүтдэг юм эмч л байна.

-Хүнд жилүүдэд сурагч байж бас багшилж байсан юм байна ш дээ та?

-90 жилийн түүх гэхээр их л юм ярина ш дээ. Яг дайны үед сурагч байсан. Юу ч олдохгүй, үзэг харандаа байхгүй. Бэх байхгүй. Юугаар ч хамаагүй бичнэ. Арай л хөөгөөр бичээгүй байх. Өнөөх нь ангид хөлдчихөөд л үлээгээдл  ам, хамар нь бэх болчихно. Иш байхгүй үзэгнийхээ хушууг нарийн савх модонд хүлчихнэ. Сонин хэвлэл цаас байхгүй. Хэдэн сар болж байж ч сонин ирдэг байсан юм бэ. Сонины захаар харандаагаар бичнэ. Ганц харандаагаа гурав дөрөв хуваачихаад тэрнийгээ сумны хонгиогоор уртасгаж байгаад бичнэ. Дэвтрийг бол маш их хайрлана. Урж тасдана гэж байхгүй. Одооны хүүхдүүд ямар ч гоё дэвтэртэй болсон юм бэ. Тэгээд хайрлахгүй. Би бол цаасыг маш сайн ашигладаг. Хадгалаад л юм бичиж тэмдэглэнэ ш дээ. Дэвтрийн цаас урж хаяхаар гол харлаад явчихдаг юм. Дээр үед нь нэг гэртээ бөөгнөрч тойрч суугаад ном зохиолоо уншдаг. Хаврын шалгалт болохоор хүүхэд бүр дэвтэр шагайгаад явж байдаг. Одоо тэгж дэвтэр бариад явж байгаа хүүхэд битгий хэл ном уншиж байгаа нь ч харагдахаа больж дээ. манай багшийг Жүрмэддорж гэдэг хүн байсан юм. Үнэхээр агуу багш.  Би багш шигээ багш болохсон гэж боддог байсан. Тэр багшаас их юм сурчээ. Одоо хүртэл зүгээр сууж чаддаггүй маань ажилч хөдөлмөрч багш, аав, ээжийн маань зааж сургасан зүйл. Би чинь 1957 онд хотод ирсэн. 1958 онд багшийн сургуульд орсон юм. Хими алгебриэ ч ялгахгүй амьтан байж билээ. гэхдээ сургуулиа дажгүй амжилттай төгссөн. Ер нь хүний ажил амьдрал хувь хүнтэй л холбоотой. Хувь хүн идэвхгүй бол амьдрал ч тийм л байна.  Би өөрийгөө  эрүүл авч явахсан гэж боддог. Хоол нойроо тохируулна, бага унтана. Багшилж байхад дэвтэр засна, конспект бичнэ. Нэг анги 40-өөд хүүхэдтэй. Монгол хэл, тооны дэвтэр гээд 80-н дэвтэр засна. Шөнөжин сууж хоёр гурван цагт унтана. Өглөө яагаа ч  үгүй эрт босдог.  Урт үстэй нарийхан өндөр биетэй хүүхэн байлаа, би... Сурагчид маань манай багшийн гар нь хүртэл гоч цагаан гэлцэх. Одоо ч би зун бээлийнээс салдаггүй. Хүний өмнөөс хар гар гаргах муухай ш дээ. Нөгөөтэйгүүр багш хүн хүүхэддээ толь байдаг юм. Залуу ч байж. Би нэг их цэнхэр даашинзтай байлаа. Даавуугаар бүрсэн товчтой. Тэгсэн даавуун бүрээс нь элэгдээд урагдчихаж. Тэр үед гучин хэдтэй л байсан, товчнуудаа солиод цагаан товчнууд хадчихсан. Их гоё санагдаж байна аа. Тэгээд хичээлдээ орсон. Орой тарж байсан чинь хүүхдүүд маань эр эмгүй цагаан товчтой болчихсонб айж билээ.  Гайхаад харсан чинь хүрэн формныхоо товчийг цагаанаан цаасаар бүрчихсэн байж билээ. Багш бол толь шүү.. . Хүүхдүүдийнхээ дэргэд ямар л байна вэ,  тийм л болно. Тэрнээс хойш хүүхдийн дэргэд янз бүрийн юм гаргачих вий гэж асар их хичээдэг болсон. Нэг хэсэг багш нар хөх, хүрэн форм өмсдөг байж билээ. Тэр бас их зүгээр юм билээ. одоо ч ер хүрсэн гээд хайш яйш байхыг хүсддэггүй.  Чадах ч үгүй биз дээ. ядаж л хүүхдүүдтэйгэ энэ тэнд тааралдана. Хүүхдүүд маань шууд л үнсүүлэхээр зүтгэнэ. Тэгээд л салаад явахаар хөл хөнгөрөөд, нээх их сайн үйл бүтээчихсэн юм шиг сэтгэл санаа өөдрөг болчихдон. Ер нь багш хүн ядуу зүдүү навсгар нэвсгэр байж болохгүй. Тийм байвал өнөө хүүхэд намайг өрөвдөөд, багшийн маань явж байгааг гээд нэг хэсэгтээ эмзэглэж, энергиэ алдана, тийм биз дээ. Тийм учраас би чинь 90 настай гэхээргүй хүүхдүүддээ гоё харагдана шүү л гэж боддог. Ер нь багш гэдэг сайхан ажил. Маш их нэр хүндтэй. Нэр хүндтэй авч явмаар ажил... Зөвхөн сурагчиддаа багш биш шүү дээ. Сурагчдынхаа эцэг, эхэд нь ч багш. Сурагчдын аав ээж багшаа л гэж дуудна. Тогтохоо гэж дуудахгүй ш дээ. Настай болсон эмээ өвөө нар минйи хүүгийн багш гээд дуудахаар сайхан шүү. Их гоё, нэр  хүндтэй ажил даа.

З.УРАНСҮХ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.176.xxx]

    Бага ангийн багш нарын мэргэжил сайхаан. Сайхан багш байна. Яг л бага ангийн багш байна даа

  • Зочин

    Зочин [27.123.212.xxx]

    Хүнд багш, эмч хоёр насан туршийнх байдаг, хүндэлж хайрламаар, буянтай сайхан мэргэжил шүү.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?