УБТЗ-ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙГ ШАХАЖ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа болон Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл нар ОХУ-аас хугацаа нь дуусч актлагдсан, Монголын төмөр замд ашиглах боломжгүй 980 вагон оруулж ирэн, техникийн шинэчлэлт хийсэн нь хууль бус үйлдэл бөгөөд улсад 26 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь нийгэмд дуулиан тарьж эхэллээ. Энэ талаар ЗТХЯ-ны шинэ, хуучин сайдууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгснөөс харахад УБТЗ-ын удирдлагуудын үйлдэл үнэхээр хэрээс хэтэрсэн байна. Тэдний хууль бус үйлдэл зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бололтой. Мөн Хятад улсад 16 тэрбум төгрөгөөр засвар хийлгэсэн 16 чиргүүл вагонтой холбогдох хэргийг цагдаагийн байгууллага, АТГ шалгаж буй билээ. Гэтэл Д.Жигжиднямаа нартай холбоотой мөнгө угаасан байж болох өөр нэгэн ноцтой хэргийн мөрөөр цагдаагийнхан орсон нь дуулдаж эхэллээ. Баруун дөрвөн замд байрлах ROKMON BUILDING-ын зургаан давхарт байрлах “Скай профейшнл ложистик” компанийн оффист сарын өмнө ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийсэн байдаг. Тус компанийн захирлыг хахууль авсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар ажлын байранд нь ийнхүү нэгжлэг хийсэн юм билээ. Тэрхүү үйл явдалтай холбоотой зарим нэг зүйл тодорч эхэлжээ. Тухайлбал, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Ц.Жүгдэрнямаа, хүү Ж.Гарьд нар “Скай профейшнл ложистик” ХХК-ийг эзэмшдэг байж.

 

Ах, дүү хоёр 5,740,265 ам.доллар орж ирсэн даруйд компаниа татан буулгасан байдаг

 

Энэ компанийн дансруу 2017 оны наймдугаар сарын 8-нд хонконгт бүртгэлтэй Class Trading Limited LLC хэмээх компаниас 7,545,900 ам.доллар орж ирсэн байна. Хамгийн хачирхалтай нь Class Trading Limited LLC-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь Ц.Жүгдэрням бөгөөд энэ их мөнгө чухам хаанаас гаралтай болох нь тодорхой бус аж. Тэрхүү орж ирсэн их хэмжээний мөнгийг нэн даруй нэр бүхий есөн хүн хувааж, хувийн дансандаа шилжүүлсэн нь цагдаагийнханд сэжигтэй санагджээ. Тухайлбал, орж ирсэн 7,545,900 ам.доллараас д.Жигжиднямаа болон Ц.Жүгдэрнямаа нарын хамтран эзэмшдэг “Фрейткоммондити Консалтантс” ХХК-ны данс руу 5,740,265 ам.доллар нь орж ирсэн даруйд ах, дүү хоёр компаниа татан буулгасан байдаг нь хачирхалтай. Мөн дээр дурдсан хонконг дахь компаниас 2013-2017 онд УБТЗ ХНН дарга Д.Жигжиднямаа 250 мянган ам.доллар, “Скай профейшнл ложистик” ХХК захирал Ц.Жүгдэрнямаа 320 мянган ам.доллар, Д.Жигжиднямаагийн хүү Ж.Гарьд 120 мянган ам.доллар, УБТЗ-ын Бээжин дэх төлөөлөгч Б.Энхбаяр 38 мянган ам.доллар, Б.Учралсайхан 127.7 мянган ам.доллар, Д.Ганзориг гэгч 384 мянган ам.доллар, “Жоконди” ХХК 612.4 мянган ам.доллар. “Ай Си Ай Си” ххК 62.9 мянган ам.долларыг тус тус хувийн данс руугаа шилжүүлж авсан байна. Энэ мэт асар их мөнгөн дүнтэй, Монгол улсад хохиролтой, УБТЗД алдагдалтай гэрээ, хэлцлийн асуудлуудад ч өнөөгийн удирдлагууд нь холбогджээ. Манай төмөр замын тээврийн монополь эрхтэй УБТЗ хэмээх энэ байгууллага Монголын эдийн засагт шигдсэн хачиг байснаа хувалз болж томроод байгааг Монголын Засгийн газар харсаар суугаад л байх уу. 
                                                                                                                                                                   Эх сурвалж: ЗГМ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    ЗОЧИН [64.119.21.xxx]

    МИНИЙ ЭХ ОРОН МӨНХӨД ОРШИХЫН ТУЛД ХУДАЛЧ ХУЛГАЙЧДЫГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?